TOEFL: Сонсох шалгалтад бэлдэх аргууд


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-02-25

Yolo.mn сайтын зүгээс TOEFL шалгалтад бэлдэж буй уншигчдадаа зориулан цуврал зөвлөгөө бэлтгэн хүргэдэг билээ. Бид өмнөх дугааруудад унших, бичих, ярих чадвараа сайжруулах болон эдгээр шалгалтад хэрхэн бэлдэх тухай зөвлөгөөг нийтлэсэн бол энэ удаад сонсох шалгалтын тухай мэдээлэл бэлтгэлээ. 

Шалгалт өгөхөөс өмнө уг шалгалтын бүтэц, зохион байгуулалтын талаар маш сайн мэддэг байх нь чухал шүү. 

АНХААРАХ: Сонсох хэсгийн шалгалтын үеэр зөв гэж бодсон хариултаа сонгосон л бол буцааж засах боломжгүй. Тиймээс хариугаа сонгохдоо маш анхааралтай байх хэрэгтэй. Үүнээс гадна унших хэсэг шиг хариултаа олон дахин нягталж, шалгах боломжгүй учраас “цаг бол алт” шүү. 

1. ХАРИЛЦАН ЯРИА

Энэ хэсэгт хоёр хүний харилцан яриа өрнөх бөгөөд ихэвчлэн оюутан, профессор, номын санч нарын хооронд харилцан яриа өрнөнө. Мөн яриа нь кафе, номын сан, лекцийн танхим, оюутны байранд өрнөдөг. Хугацааны хувьд 2-3 минут үргэлжлэх ба 5 асуулт ирдэг. 

2. ЛЕКЦ

Лекц нь ихэвчлэн нэг илтгэгчтэй байдаг. Харин сэдвийн хувьд биологи, одон орон судлал, түүх, уран зохиол, газар зүй, сэтгэл судлал, антропологи, археологи зэрэг олон төрлийн эрдэм шинжилгээний сэдвийг хамруулдаг. 

Дараах бичлэгийг үзээд “сонсох” хэсгийн даалгавруудыг гүйцэтгээд үзээрэй. 

СОНСОХ ШАЛГАЛТЫГ ГҮЙЦЭТГЭХДЭЭ:

1. ГОЛ САНААГ ОЙЛГОХ

Илтгэгч лекцийн эхэнд тухайн ярих зүйлийнхээ сэдвийг танилцуулдаг. Гэхдээ танилцуулахгүй байх тохиолдол ч бий. Харин сэдвийн агуулга буюу гол санаа нь сэдвээсээ арай өөр утга илэрхийлэх магадлалтай. Тиймээс тухайн лекцийн гол санааг сэдэвтэй нь холбож бодох хэрэггүй. Сонсож байгаа зүйлээ сайн ойлгох нь чухал. 

2. ТҮЛХҮҮР ҮГЭЭР НЬ ТОГТОО

Сонсох шалгалтын асуулт нь тухайн лекц, харилцан ярианаас “өнгө, үнэр, нэр, он сар” гэх мэт зүйлс асуухгүй л болов уу. Харин таныг лекцээ ойлгосон эсэхийг л шалгах болно. Тиймээс лекцийн үеэр түлхүүр үгсээр нь тогтоож, гол утгыг нь ойлгох хэрэгтэй.

3. ХАРИУЛТЫГ НЬ МЭДЭХГҮЙ БОЛ ТААМАГЛА 

Цаг бол алт. Үнэхээр мэдэхгүй зүйл байвал хариултыг нь таах гээд үзээрэй. Харин хугацаа алдах хэрэггүй, зүгээр л “зөв байх” гэж бодсоноо сонгоод дараагийн асуулт руугаа шилж. Учир нь бид нэг асуулт дээр хэт удаан бодсоноор дараа дараагийн зөв хариулах боломжоо алдаж мэдэх юм.

4. АСУУЛТ БҮҮ АЛГАС

Буруу хариулсан ч оноо авахгүй юм чинь таагаад ч хамаагүй хариултыг нь сонгох хэрэгтэй. Магадгүй аз нь таарч зөв байх ч юм билүү?

Дээрх аргуудыг ашигласан ч англиар ойлгож, сонсох чадвар тань тааруу хэвээр байвал TOEFL-ийн сонсох шалгалтыг хийнэ гэдэг бараг л “үлгэр” болж хувирна. Тийм учраас шалгалтаас өмнө сонсох чадвараа сайжруулах хэрэгтэй.

СОНСОХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХЫН ТУЛД ДАРААХ ЗӨВЛӨГӨӨГ УНШААРАЙ

  • Мэдээж Youtube болон подкаст сонсох хэрэгтэй. Үүнийг TOEFL-ийн шалгалтад өгч байсан хүн бүр зөвлөх болно.
  • Англиар сонсгол хийж болох газруудыг олж мэд. Жишээ нь жуулчид олноороо ирдэг зочид буудал, жуулчдын байнга очдог газруудад цагийн ажил хийх, эсвэл тэдгээр жуулчидтай танилцах хэрэгтэй. Олон улсын, янз бүрийн дуудлагыг сонсох нь хамгийн сайн туршлага болдог.
  • Нислэгийн хуваарь, цаг агаарын мэдээ, үзвэрийн хуваарь зэрэг өдөр тутам сонсох боломжтой мэдээллүүдийг англи хэл дээр сонсож байгаарай. 
  • Англи хэл дээр сонсдог номтой болоорой. 
  • Цээж бичиг хийх. Хэн нэгнээр дуудуулаад бичнэ гэж санаа зовж байна уу? Санаа зовох хэрэггүй! Youtube дээр англи хэлний цээж бичгийн мянга мянган бичлэг байгаа. Та өөрийн түвшинд тааруулж бичлэгээ сонгоход л болно. 

АНГЛИ ХЭЛ ДЭЭР СОНСГОЛ ХИЙХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРАХ: 

1. Мэдээж шалгалт өгөхийн тулд бэлдэх учраас төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Болж өгвөл долоо хоногийн төлөвлөгөө гаргаад тухайн төлөвлөгөөний дагуу гүйцэтгэвэл үр дүнтэй. Жишээ нь бүтэн сайн өдөр нь ирэх долоо хоногт заавал сонсох зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж болно. Ингээд даваа гарагт “сонсдог номоо 10 минут сонсох, Youtube дээр 10 минутын дасгал хийх” гэх мэтээр хуваарилаарай. 

2. Юуны тухай сонсож байна вэ? Сонссон зүйлийнхээ талаар тэмдэглэл хийгээрэй.

3. Сонсгол хийх явцдаа эдгээр асуултад хариулаарай: хэн? юу?, хаана?, хэзээ?, яагаад ?, яаж ?

4. Лекц ямар бүтэцтэй байгааг тодорхойлох гээд үзээрэй. Мөн лекцэд дэвшүүлсэн санааг баталж буй баримт болон илтгэгчийн үзэл бодол зэргийг ялгаж сурах хэрэгтэй.

Эх сурвалж: Best My Test

#TOEFL-д бэлдэцгээе #Listening #Сонсох