Шимпанзе өдөр бүр нэг шил шар айрагтай тэнцэх хэмжээний спирт хэрэглэдгийг саяхны судалгаагаар тогтоожээ.
Тодруулбал тэд эрт дээр үеэс л иссэн жимсийг хоол хүнсний эх үүсвэр болгон ашигладаг ба энэ нь сахар, спиртээр баялаг. “Хүн төрөлхтний архинд татагдах хандлага нь шимпанзетэй нийтлэг өвөг дээдсийн хоол тэжээлийн өв уламжлалаас үүссэн байж магадгүй” гэж Калифорнийн их сургуулийн (Беркли) судлаач Алексей Маро ярьжээ.
Шимпанзе болон бусад олон амьтдыг ойд унасан боловсорсон жимс идэж буйг ажигласан ч тэд яг хэдий хэмжээний спирт хэрэглэдгийг энэ судалгаа анх удаа тодорхой болгож байна.
Судалгааны баг Ард Кот-д’Ивуар болон Угандагийн зэрлэг шимпанзегийн ихээр иддэг инжир, чавга зэрэг жимсэнд агуулагдах этилийн спиртийн хэмжээг хэмжжээ. Тэдний ердийн иддэг жимсний хэмжээгээр тооцоход шимпанзе өдөрт ойролцоогоор 14 грамм этанол буюу 330 мл-ийн нэг шил шар айрагтай дүйцэх хэмжээний спирт хэрэглэдэг гэсэн үг юм.
Энэ судалгаа нь “согтуу сармагчин” гэх таамгийг бататгаж байна. Энэ онолоор хүн төрөлхтний архины дуршил нь манай примат өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн гэж үздэг. Энэхүү таамгийг Калифорнийн их сургуулийн (Беркли) профессор Роберт Дадли анх дэвшүүлсэн бөгөөд тэрээр уг судалгааны хамтран зохиогч юм.
Эхэндээ эрдэмтэд эргэлзэж байсан ч сүүлийн жилүүдэд “жимс түүдэг сармагчин” гэх мэт олон ажиглалт нэмэгдсэн гэж Шотландын Сент-Эндрюсийн их сургуулийн приматологич профессор Кэтрин Хобайтер (судалгаанд оролцоогүй) хэлжээ.
Мөн “Энэ судалгаанаас бидний ойлгож буй зүйл бол хүний архитай холбоо маш эртний хувьслын үеэс буюу бараг 30 сая жилийн өмнөөс улбаатай байж магадгүй гэсэн санаа юм. Магадгүй шимпанзегийн хувьд ойд унасан жимснээс өөр нэгэнтэй хамтдаа идэж, нийгмийн харилцаагаа бэхжүүлэх сайхан арга байж болох юм” гэж тэр BBC-д ярьжээ.
Эксетерийн их сургуулийн примат судлаач доктор Кимберли Хокингс (судалгаанд оролцоогүй) “энэ судалгаанд орсон шимпанзе согттолоо идээгүй, тэгсэн бол амьд үлдэх боломж нь эрс буурна” гэж тэмдэглэсэн байна.
Олон улсын Байгаль хамгаалах холбооны мэдээлснээр шимпанзе нь устах аюултай ангилалд ордог бөгөөд тэдэнд тулгарч буй хамгийн том аюул бол ой модоо тариалан, мод бэлтгэл, зам, хот суурин барих ажилд алдаж буй явдал юм.
Сонирхуулахад энэхүү судалгааг "Science Advances" сэтгүүлд нийтэлжээ.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!