ЭРҮҮЛ МЭНД: Ялгаварлан гадуурхалт ба Хүний эрх


Б.Нямдарь | YOLO.MN
2021-03-04

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив жишиг хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ. 

ЕБС-ийн 6-р ангийн "Эрүүл мэнд: Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх" сэдвийн интерактив хичээлийг "МААМУУ" хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчид Амина, Тамираа хоёр хамтран хийлээ. 

Энэхүү интерактив хичээлээс хүүхдүүд нэгнээ царай зүс, харагдах байдал, нийгмийн гарал угсаа, хүйсээр нь ялгаварлан харьцаж болохгүй гэдгийг тэд суралцана. Интерактив хичээлийн үеэр Амина "Бусдыг ялгаварлан гадуурхаж, дээрэлхсэнээр тухайн хүүхэд өөрийгөө мөн л бусдаар гадуурхагдуулах шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл, муу хүүхэдтэй бусад хүүхэд найзлахыг хүсэхгүй, зайгаа барихыг л бодно шүү дээ" хэмээсэн юм. 

Амина, Тамираа хоёрын хийсэн "Эрүүл мэнд: Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх" интерактив хичээл болон бусад хичээлүүдийг ЭНДЭЭС сонгон хийх боломжтой. Энэхүү хичээл нь мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан, дохионы хэлтэйгээр хүрч буйгаараа онцлог юм.

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байгаа билээ. 

Энэхүү хамтарсан хөтөлбөр нь Нидерландын Вант Улс, Данийн вант Улс, Швейцарын Холбооны Улс, Норвегийн Вант Улс, Шведийн Вант Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Шинэ Зеланд Улс, Хорватын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Исланд Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Словак Улс, Камбожийн Вант Улсын Засгийн газруудаас НҮБ-ын Хариу арга хэмжээ, Нөхөн сэргээх санд оруулсан хандивын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн болно.

Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой. 

#Боловсрол #Интерактив хичээл #Цахим аялал