Талархал: М:1Б “Ботаник-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр явуулдаг болсонд баярлалаа


Т.Онон | YOLO.MN
2025-09-29

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 09 дүгээр сарын 22-28-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

Талархал: "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-ын М:5 “Ботаник-10-р хороолол” чиглэлийн 3-058 гарааш дугаартай автобусны жолооч Ж.Норовсамбуугийн зан харьцаа, хандлага маш сайхан байна. Баярлалаа.

Талархал: М:1Б “Ботаник-Сүхбаатарын талбай” чиглэл Ботаник хүртэл явдаг болсонд баярлалаа.

Талархал: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын Ч:15 “Нисэх-5 шар” чиглэлийн 15-074 гарааш дугаартай автобусны жолооч нь харилцааны соёлтой, уран жолоодлоготой зөв явдаг залуу байна. Танай жолооч нар мундаг байгаа шүү.  Жолоочид өөрт нь баяр хүргээрэй гэсний дагуу аж ахуйн нэгжид уламжлав.  

  • Иргэний гомдол: 2-135 гарааш дугаартай автобус буудал дээр хаалгаа нээхгүй, хүнээ авахгүй зогсож байна.

Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр хоёр ОНӨТҮГ-ын 2-135 гарааш дугаартай автобусны камерын бичлэг шалгахад 5 шарын хойд буудал дээр тухайн автобусны жолооч 17:36-17:48 цагийн хооронд цайндаа ороод хөдөлсөн байна.

  • Иргэний гомдол: Ч:10 “Гадна тойруугийн эцэс-ТЭЦ-3” чиглэлийн автобусанд Баянмонголын хойд зогсоолоос суух үед зорчигч их байсан тул би жирэмсэн том гэдэстэй тул хамгийн сүүлд орох гээд дугаарлаад зогсож байсан. Гэтэл тус тээврийн хэрэгслийн жолооч гэх эмэгтэй шууд хаалга хаагаад хөдөлгөөн үйлдсэн би хаалга тогшоод суухад "Юугаа хийгээд утсаа оролдоод байдаг юм хурдан суугаач" гэж маш бухимдсан өнгө аястай хэлсэн. Хаалгаа дахин хаагаад намайг хавчсан чигээрээ хөдөлгөөн үйлдсэн "Наад цүнхээ тайлаач урдаа ав" гээд бүдүүлэг, ууртай өнгө аясаар хэлсэн. Том гэдэстэй хүн арай чүү багтаж ядаад сууж байхад энэ жолооч арай бишээ.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ийн 25-002 гарааш дугаартай автобусны камерыг шалгахад хүн багтахгүй дүүрч байхад өмнөх хоёр хүн нь арын автобус руу суух гээд явж байхад утсаа хараад хаалга хаасан байхад хаалгыг цохиод суухад ардаа үүрсэн цүнх нь хаалганд хавчигдсан байна.

  • Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Г.Гандөш: Ч:81 “Дүүхээ дэлгүүр-Хангарьд цогцолбор” чиглэлийн 15-034, М:3 “Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбай” чиглэлийн 15-064 гарааш дугаартай автобусны жолооч нар шугам үйлчилгээнд ажиллахдаа групп чатаар хоорондоо зүй бус зүйл ярьж, ая тухтай зорчих нөхцөлийг хангахгүй байна. Шаардлага тавьсан чинь хүлээж авсангүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Гомдлын дагуу камерын бичлэг шалгахад жолооч нар чихэвчээр ярьж байсан ба ярианы дуу сайн сонсогдохгүй байсан. 15-064 гарааш дугаартай жолоочид анхааруулж сануулга өгсөн.

  • Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн А.Алтанчимэг: Ч:18А “ТЭЦ-3-Гэмтлийн эмнэлэг” чиглэлийн 5-224 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. Стандартын шаардлага хангаагүй, зориулалтын бус олсоор 5-232 гарааш дугаартай автобусыг чирсэн. Шаардлага тавьсан чинь хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: “Сутайн буянт” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 дүгээр заалтаар 25000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан.

  • Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Н.Лхавга-Эрдэнэ: Ч:23 “Зүрх уул-Ард кино театр” чиглэлийн 14-023 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Авто терминал трейд” ХХК-ийн инженер И.Эрдэнэчимэгт асуудлыг шийдвэрлэж, гомдол гаргагчид хариу өгч эргэж мэдэгдэх үүрэг өгөв.

  • Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Мөнхбаяр: Ч:63 “Хан-Хиллс-МУБИС” чиглэлийн 1-123 гарааш дугаартай автобусны жолооч нэг өдөрт хоёр удаа зорчигч нарыг арын тэргэнд суу гэж өөр чиглэлийн автобусанд дамжуулан суулгасан. Шалгаж эргэж хариу мэдэгдэнэ үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-123 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад өглөөний ээлжийн жолоочийн цайны цаг 11:13, оройн ээлжийн жолоочийн цайны цаг 19:33 цаг байсан тул өөр автобусанд сэлгэн суулгасан.

  • Иргэний гомдол: Ч:50 “Улаанхуаран эцэс-ТЭЦ-3” чиглэлийн 1-116 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. Гомдолтой, арга хэмжээ авч хариу өгнө үү. Хүүхдийн хөл хавчсан, шаардлага тавьсан хүлээж аваагүй.

Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад зорчигчид бууж дуусаагүй байхад хойд хаалгаар хоёр зорчигч дайрч орж суусан тул жолооч хаалга хаасан. Бичлэгийг шалгахад хүүхдийн хөл хавчаагүй.

 Иргэн та нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлтээ 70044040 дугаарт залган мэдэгдэх боломжтой.

#санал гомдол #Нийтийн тээврийн бодлогын газар