Испани жуулчин Кенид аялж явахдаа зааны хамарт шар айраг хийж буй дүрс олны дургүйцлийг төрүүлж, үүний дараа албаныхан хэд хэдэн мөрдөн шалгалтыг хийж эхэлжээ.
Тэрбээр дархан цаазат газарт аялж явахдаа шар айраг ууж байснаа үлдсэнийг нь зааны хамар руу хийж буй нь бичлэгт гарах аж. Тэрбээр “Соёотой найзтайгаа хамт нэг шар айраг хуваан уулаа” хэмээн тэр бичлэгийнхээ тайлбарт оруулсан ч кеничүүдийн сөрөг сэтгэгдэл их байсан тул тэрбээр устгажээ.
Тус дархан цаазат газрын нэгэн ажилтан BBC-д ярилцлага өгөхдөө “Ийм зүйл хэзээ ч болох ёсгүй. Энэ бол тусгай хамгаалалттай газар. Ийм үйлдлийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Бид бүр хүмүүсийг заанд ойртохыг ч зөвшөөрдөггүй” гэжээ.
Кенийн Байгаль хамгааллын алба ч мөн уг асуудлыг шалгаж буйгаа мэдэгдсэн байна. Ихэд найрсаг зантай уг зааныг "Bupa" гэдэг бөгөөд олон жуулчин түүнтэй хамт зургаа авахуулдаг байна.
Bupa-г 1989 онд Зимбабвед болсон зааны хоморголон устгалаас аварч, найман настайд нь энэ газарт авчирчээ. "Түүнд бид маш их анхаарал тавьж, асарч ирсэн” хэмээн дархан цаазат газраас мэдэгдсэн ба шар айргийн хэргийг “маш ноцтой” гэж үзэж байна. "Ol Pejeta" дархан цаазат газарт ойролцоогоор 500 заан байдаг ба өнчин амьтдыг асран хамгаалж, эргээд байгальд нь буцаан тавьдаг хүмүүнлэгийн анхдагчдын нэгээр тооцогддог.
Бичлэгийн эзэн өөрийгөө TikTok-д “Адреналин хөөсөн сонирхогч” гэж танилцуулдаг бөгөөд бичлэгтээ заанаас гадна хирсийг луувангаар хооллож буйгаа харуулжээ. “Тэр мөн бидний дүрмийг зөрчсөн. Учир нь хирсийг хооллох, хүрэхийг бид хориглодог. Тэд гэрийн тэжээвэр амьтан биш. Кенид байгаа зааны 95 хувь нь зэрлэг байдаг. Тиймээс заанд ойртож, хооллож болох мэт буруу ойлголт төрүүлэхүйц бичлэг сошиалд гарах нь маш буруу” гэж Ol Pejeta-гийн төлөөлөгч Дилан Хабил BBC-д хэлжээ.
Энэ хэрэг явдал нь Кенийн "Маасай Мара"-д жил бүр болдог зэрлэг амьтдын шилжилт нүүдлийн үеэр жуулчид гөрөөснүүдийн замыг хааж буй бичлэг цацагдсанаас долоо хоног хүрэхгүй хугацааны дараа болжээ. Тухайн бичлэгт аяллын машинуудаас жуулчид бууж, голын эрэг даган бөөгнөрч, гөрөөснүүдийг матар ихтэй гол руу шахаж буйг харуулсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байв.
Үүний дараа Кенийн аялал жуулчлал, зэрлэг амьтны яам шинэ журам гаргаж, аяллын компаниудад заавар өгч, аялагчдыг зөвшөөрөгдсөн газраас бусад үед машинаасаа буухыг хориглохыг шаардсан. Мөн дархан цаазат газруудад тэмдэг, санамжийг нэмэгдүүлж, жуулчдад аюулгүй байдлын дүрэм заах ажлыг эрчимжүүлэхээ амлажээ.
Маасай Марагийн гөрөөсний сүргийн жил бүрийн нүүдэл нь олон мянган жуулчдыг татдаг бөгөөд Кенийн хамгийн үнэ цэнтэй байгалийн өв соёлын нэгээр тооцогддог байна.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!