"Залуучууд нь бүгд хичээж, бид гэх үзэлтэй байж нийгмийн хөгжилд ахиц гарна"


YOLO.mn | YOLO.MN
2025-08-13

1999 онд Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий ассамблейн 54-р чуулганаар жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг олон улсын залуучуудын өдөр болгон зарласан. Энэ жил “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон нутгийн залуучуудын үйл ажиллагаа, үүрэг”  сэдвийн хүрээнд тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Олон улсын залуучуудын өдрийн гол зорилго нь залуучуудын өмнө тулгарч буй асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулах явдал. Иймд бид залуучуудын төлөөлөлтэй уулзаж тэдэнд тулгамдаж буй асуудал, ирээдүйн зорилго, улс орноо яаж хөгжүүлэхийг хүсдэг талаар ярилцлаа. 

О.Амартүвшин, миний хувьд нийгэм болохгүй байна гэхээс илүү хувь хүн өөрсдөө болохгүй байна гэж боддог. Бидэнд хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь залхуурал. Цагийн юмыг цагт нь хийдэггүй, бүхнийг хойшлуулаад л байдаг. Залуучууд эхлээд өөрсдийгөө хувь хүн талаас нь анхаарч засах хэрэгтэй байх. 

Улс орноо хөгжүүлэхийн тулд зөвхөн би гэсэн бодолтой байх нь хангалтгүй. Залуучууд нь бүгд хичээж бид гэх үзэлтэй байж нийгмийн хөгжилд ахиц гарна.  Би инженерээр сурдаг. Улс орноо хөгжүүлэхэд залуучуудын хамгийн том үүрэг гэвэл хөгжсөн орнуудын соёлоос суралцаад монголдоо түгээн дэлгэрүүлж чадаж байвал хөгжлийн нэг хэлбэр гэж боддог гэв.

Дэлхийн хүн амын тал хувь нь 30 ба түүнээс доош насны хүмүүс бөгөөд 2030 оны эцэс гэхэд энэ тоо 57 хувьд хүрэх төлөвтэй байна.

Б.Наранчимэг, "Би гадаадад амьдардаг. Монголд жилдээ ганц хоёр сарын хугацаатай ирэхдээ байр түрээслэх хэрэгцээ гардаг. Гэтэл ихэнх байрны түрээсийн нөхцөл хамгийн багадаа гурван сарын түрээс нэмээд нэг сарын барьцаа гэж авдаг. Гэхдээ ийм нөхцөлтэй нь тун цөөн. Голдуу зургаан сар болон жилээр нь авна гэдэг. Байр авах, түрээслэх гэдэг залуучуудын хамгийн том асуудал. 

Үүнд татварын асуудал нэмэгдэнэ. Эх орондоо ирээд жижиг бизнес эхлүүлье гэхээр татвар өндөр. Шинээр эхэлж байгаа залуучуудаа дэмжсэн уян хатан татварын бодлоготой байгаасай. Би ч эргүүлээд улсдаа татвараа төлж, ажлын байр нэмэгдүүлэхийг хүсдэг” гэж саналаа хуваалцлаа.

НҮБ-ийн судалгаанаас харахад хүмүүсийн 67 хувь нь илүү сайхан ирээдүйд итгэдэг бол 15-17 насныхан энэ талаар хамгийн өөдрөг үзэлтэй байдаг.

Х.Төрбат, нийгэм болон бидний амьдарч байгаа орчин хэтэрхий стресстэй санагддаг. Наад захын жишээ дурдвал, түгжрэл. Хэт их стрессээс болоод хүмүүсийн харилцаа хүртэл асуудалтай болчихсон.


Миний зүгээс нийгэмдээ оруулж байгаа хамгийн том хувь нэмэр гэвэл энэ их стресстэй орчинд сөрөг зүйл түгээхгүй, аль болох эерэг хүн байх юмсан гэж гэв.

Дэлхийд 2050 он гэхэд өнөөдрийн 25-аас доош насны хүмүүс ажиллах хүчний 90 гаруй хувийг бүрдүүлнэ.

Б.Баяржаргал, залуучуудад тулгарч байгаа хамгийн том асуудал гэвэл ажлын байр. Дөнгөж амьдралаа шинээр эхлүүлээд ажилд оръё гэхээр ажлын туршлага асуугаад байдаг. Мөн ажил төдийлөн олддоггүй. Энэ нийгэмд миний оруулж байгаа хамгийн том хувь нэмэр гэвэл өөрийнхөө үзэл бодлыг худалдахгүй, сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өөрийн итгэл үнэмшлээр өгөх” хэмээн  үзэл бодлоо хуваалцлаа.

Тэгвэл таны хувьд залуучуудад тулгамдаж буй хамгийн том асуудал юу вэ? 

Г.Халиунаа

#Залуучууд