Бидний хайртай, үзэх дуртай хүүхэлдэйн киноны дүр бүрийн цаана чадварлаг дуу оруулагчид ажилладаг билээ. Зарим тохиолдолд дуу оруулсан жүжигчдээсээ санаа аван хүүхэлдэйн киноны дүрээ бүтээсэн тохиолдол байдаг аж.
Өнөөдрийн нийтлэлээр дуу оруулсан жүжигчид нь дүртэйгээ тун адилхан харагдсан 12 анимейшны дүрийг танилцуулъя.
WAYNE KNIGHT – AL MCWHIGGIN (TOY STORY 2)
АНУ-ын жүжигчин Wayne Knight “Тоглоомын түүх-2” анимейшнд дуу оруулагчаар ажилласан билээ. Тэрээр уг кинонд Al’s Toy Barn дэлгүүрийн эзэн, киноны сөрөг талын дүр болох Al McWhiggin-ын дууг оруулсан юм. Түүний хоолой зөвхөн дуу хоолойд нь тохироод зогсохгүй, гадаад төрхтэй нь ч тун төстэй харагдаж байна. Wayne Knight болон Al McWhiggin хоёрын биеийн хэлбэр, царайны онцлог, нүдний шил хүртэл ижилхэн. Тиймээс уг дүрийг бүтээхдээ жүжигчин Wayne Knight-г бодож хийсэн байх магадлалтай л юм.
ED ASNER – CARL FREDERICKSEN (UP)
Тэртээ 2009 онд олны хүртээл болж, одоо ч хүүхэд залуусын хамгийн дуртай анимейшн байсаар байгаа эл кино бол “UP”. Гунигтай хэр нь сэтгэлд дулаахан мэдрэмж өгдөг тийм л кино. Тус киноны гол дүрийн өвгөн болох Карлыг АНУ-ын жүжигчин Ed Asner дуу оруулж, дэлгэцнээ амилуулж байжээ. Гадаад дүр төрх, нүдний шил, инээмсэглэл, үсний өнгө, нүдний харц гээд яг л Ed Asner-аас санаа аваад хийчихсэн юм шиг харагдаж байна.
ANIKA NONI ROSE – PRINCESS TIANA (THE PRINCESS AND THE FROG)
Хүүхдүүдийн хайртай бас нэгэн гүнж бол “The Princess and the Frog” анимейшны Гүнж Тиана юм. Кинонд Тиана нь өөрийн гэсэн ресторан нээхийг мөрөөддөг залуу тогооч бүсгүй бөгөөд мэлхий болсны дараа дахин хүн болохын тулд олон саад бэрхшээлийг даван туулж буй тухай өгүүлдэг.
Тус дүрд 2009 онд Anika Noni Rose дуу оруулсан бөгөөд 2018 онд гарсан Ralph Breaks the Internet кинонд ч мөн Тианагийн дүрийг дахин амилуулсан юм. Сонирхолтой нь Тианагийн дүр төрх нь Anika Noni Rose-той тун адилхан. Disney уг дүрийг бүтээхдээ жүжигчний гадаад төрхөөс санаа авсан байж болох л юм.
DANNY DEVITO – PHILOCTETEC (HERCULES)
1997 онд Disney кино компаниас “Hercules” хэмээх хүүхэлдэйн киног гаргасан билээ. Эл кино нь Грекийн домгоос сэдэвлэн бүтээгдсэн юм. АНУ-ын жүжигчин, найруулагч Danny DeVito Геркулесийн багш, зөвлөх болох Филоктет (Фил)-ын дүрийг тун чадварлагаар бүтээсэн байдаг. Сонирхолтой нь тэд тун адилхан харагдаж байгаа биз. Биеийн хэлбэр, ууртай байгаа царай, нүд хөмсөг, цаашлаад сахал нь хүртэл яг л Danny DeVito-оос санаа аваад бүтээчихсэн юм шиг.
WILL SMITH – OSCAR (SHARK TALE)
Жүжигчнээсээ санаа аваад бүтээчихсэн дүр чинь жинхэнэ Оскар шүү дээ. Киноны багийнхан хүртэл Оскарын дүрийг бүтээхдээ Will Smith-ийг бодож, дүрийн хөдөлгөөн, нүүрний илэрхийллүүдийг төсөөлөн зурсан гэдэг. Тиймээс Оскарыг хараад шууд л жүжигчин Will Smith санаанд чинь буух болно.
JENNIFER SAUNDERS – FAIRY GODMOTHER (SHREK 2)
Английн хошин шогийн жүжигчин Jennifer Saunders ёжтой, сэргэлэн, зальтай дүр бүтээдэг гэдгээрээ алдартай. Тэрээр “Shrek 2” киноны гол сөрөг талын дүр болох Fairy Godmother дуу оруулсан бөгөөд уг дүртэй гадаад төрхийн хувьд маш адилхан юм. Тэдний хамрын хэлбэр, жижиг ам зэрэг хэд хэдэн зүйл нь ижилхэн харагдана. Нүд, хөмсөгний хэлбэр ч төстэй. Хэрвээ Jennifer Saunders үсээ яг тэр дүр шиг янзалбал, тэд бараг л нэг хүн шиг харагдах нь ээ.
ANTHONY GONZALEZ – MIGUEL (COCO)
Pixar-ийн 2017 оны амжилттай бүтээл болох Coco киноны гол дүр Мигель хүүгийн дууг Америкийн залуу жүжигчин Anthony Gonzalez оруулсан билээ. Гайхалтай нь, Anthony зөвхөн дуу оруулсан төдийгүй өөрөө яг л Мигель шиг хөгжимд дуртай, гэр бүлийнхээ соёлыг эрхэмлэдэг хүү юм. Хоолойн өнгө, зан ааш, царайны төрх хүртэл Мигель дүртэй нь адилхан байгааг нь анзаарсан хүмүүс түүнийг “бодит Мигель” хэмээн нэрлэжээ.
ZACHARY LEVI – FLYNN RIDER (TANGLED)
2010 онд Дисней кино компаниас “Tangled” анимейшн бүтээсэн билээ. Тус киноны гол дүрийн залууг Flynn Rider гэдэг бөгөөд түүний дууг Америкийн жүжигчин Zachary Levi дуу оруулсан байдаг. Zachary-ийн дуу хоолой, хөгжилтэй, өөртөө итгэлтэй зан чанар нь Flynn Rider-ийн дүртэй адилхан гэнэ. Жүжигчин залуу маань үсээ жаахан ургуулаад янзалчихвал яг л Flynn Rider шиг харагдах нь ээ.
NICOLAS CAGE – GRUG (THE CROODS)
АНУ-ын жүжигчин Nicolas Cage “The Croods” хэмээх анимейшнд Груг аавынх нь дуу хоолойг оруулжээ. Гэр бүл, хайртай бүхнээ аюул осол, аймшигт араатнуудаас хамгаалдаг хэр нь жаахан бүтэлгүй аав байдаг даа. Ингээд харахаар Груг аавын дүр жүжигчин Nicolas Cage-тай төстэй ч юм уу.
PHYLLIS SMITH – SADNESS (INSIDE OUT)
Хүмүүсийн дотоод зан чанарыг илэрхийлсэн “Inside Out” анимейшныг бид сайн мэднэ. Гэтэл тус кинонд дуу оруулсан жүжигчдээс өөрийн дүртэйгээ хамгийн адилхан харагддаг нь Phyllis Smith гэнэ шүү. Тэрээр уйтгар гунигт дуу оруулсан юм. Хэдийгээр бодит байдал дээр жүжигчин бүсгүй цэнхэр өнгөтэй биш ч гэсэн түүний царайны илэрхийлэмжүүд нь төстэй харагддаг байна.
ROWAN ATKINSON – ZAZU (THE LION KING)
Шувуу, хүнтэй адилхан байна гэж юу байх вэ дээ гэж бодож байгаа хүмүүс дээрх зургийг дахиад нэг сайн хараарай. Нүдний харц, хэлбэр, өтгөн хөмсөг нь яг л жүжигчин Rowan Atkinson-оос санаа аваад хийсэн юм шиг харагдаж байгаа биз.
ANGELINA JOLIE – LOLA (SHARK TALE)
DreamWorks студийн бүтээсэн "Shark Tale" хүүхэлдэйн кино 2004 онд нээлтээ хийсэн билээ. Эмэгтэй гол дүр болох Лола нь жүжигчин Анжелина Жолитой хэд хэдэн ижил шинж чанартай гэнэ. Анжелина Жоли нь Холливудын хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчдийн нэг хэвээр байгаа бол "Shark Tale" кинонд Лола ч мөн адил алдартай, олны анхаарлын төвд байдаг дүрээр гардаг. Тэдний үзэсгэлэнт нүд, уруулын хэлбэр зэрэг нь тун төстэй.
Эх сурвалж: CBR, Screen Rant
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!