“Kpop Demon Hunters” анимейшны дуу BLACKPINK-ын амжилтыг эвдлээ


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-07-22

“Kpop Demon Hunters” энэ оны зургаадугаар сарын 25-нд цацагдсанаасаа хойш дэлхий дахиныг байлдан дагуулж, Netflix-ийн хамгийн амжилттай анимейшн болсон билээ. Анимейшны дуунууд саяхан олон улсын хөгжмийн чарт болох Billboard-д 81 болон 77-р байранд жагсаж байсан юм. Харин саяхан “Golden” дуу нь Billboard Hot 100 жагсаалтын шилдэг 5-т жагсаж эхэлжээ.

Ингэснээр алдарт Blackpink хамтлагийн амжилтыг эвдэж шинэ түүх бүтээж байгаа юм. Дан ганц Blackpink бус к-поп охидын хамтлагийн тогтоож байсан амжилтыг давсан байна. Blackpink хамтлаг 2020 онд Selena Gomez-тай хамтарсан “ICE CREAM” дуугаараа 13-р байрт хүрч байсан нь хамгийн өндөр амжилт байжээ. Харин “Golden” энэ амжилтыг эвдэж, бодит к-поп хамтлагуудтай өрсөлдөж эхэлсэн нь сонирхолтой үзэгдэл боллоо.

Түүнчлэн “Kpop Demon Hunters” анимейшны 7 дуу нэгэн зэрэг Billboard Hot 100 чартад шалгарсан нь бас нэгэн рекорд болж байна. Энэ нь к-поп хамтлагуудын дунд дээд амжилтад тооцогдож байгаа бөгөөд Blackpink, NewJeans, Twice зэрэг хамтлагуудаас ч илүү олон дуу зэрэг хит болсон гэсэн үг юм.

Хөгжмийн шүүмжлэгчид болон фенүүд энэ үзэгдлийг “Шинэ эрин эхэлж байна” хэмээн дүгнэж буй. Анимейшн к-поп хамтлаг виртуал хэдий ч хөгжмийн чанар, дууны найруулга, продюсерын чадвар жинхэнэ к-попын түвшинд хүрсэн гэдгийг батлан харуулж байгаа юм. Сонирхуулахад тус анимейшны дууг YG энтертайнментын алдарт продюсер Teddy продюсерлосон билээ.

Одоогийн байдлаар HUNTR/X-ийн “Golden” дуу youtube хуудаснаа 74 сая хандалтыг аваад байна.

Эх сурвалж: Billboard

#Kpop Demon Hunters