Олон жилийн турш бид зарим хүнсийг эрүүл мэнддээ ашиг тустай гэж бодон тавган дээрээ өрж байжээ. “Өөх багатай,” “байгалийн гаралтай,” “эрүүл” гэх мэт шошготой зүйлс арьсыг гэрэлтүүлэх, жинг хасах, эрч хүч нэмэх амлалтаар дүүрэн.
Гэхдээ эдгээр эрүүл мэт санагдах бүтээгдэхүүнүүд “хорон санаатнууд” байвал яах вэ?
1. Амтлаг йогурт
Йогурт бол кальци, уураг, пробиотикоор баялаг “эрүүл хүнс” гэж олон жил үнэлэгдсээр ирсэн. Гэхдээ амтлаг йогуртын шошгон дээр ил гаргаагүй нэг зүйл бол нэмэлт сахар. Жимстэй йогуртын нэг порцод 9–24 грамм сахар агуулсан байдаг.
Америкийн Зүрхний Нийгэмлэгээс эмэгтэйд өдөрт 25г, эрэгтэйд 36г-аас ихгүй нэмэлт сахарын хэрэглээг зөвлөдөг тул нэг л аяга йогурт ихэнх квотоо дүүргэж орхино.
Мөн “low-fat” эсвэл “light” гэж шошголоод өөх тосыг багасгасан нь илүү их сахар эсвэл амт оруулах хиймэл амтлагч нэмэх шалтгаан болдог. Түүнчлэн “жимс” гэж буй зүйл нь сиропоор амталсан боловсруулсан жимс байдаг.
2. Үзэм
Үзэм байгалийн гаралтай мэт санагддаг. Гэхдээ 1/2 аяга үзэмт 47 гр сахар байдаг — энэ нь зарим газарт зарагддаг 1 лааз хийжүүлсэн ундаанаас ч их юм.
Дээр нь хатаасан тул жимснээс илүү хэмжээг амархан идчихдэг. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг огцом өсгөж, ялангуяа инсулинээ хянаж буй хүмүүст аюултай.
Нэмж дурдахад үзэм нь наалдамхай, шүдэнд наалддаг тул бактери-д маш тохиромжтой орчин болдог. АНУ-ын Шүдний Нийгэмлэг үзмийг шүдний цоорол үүсгэх эрсдэлтэй хүнсэнд тооцдог.
3. Савтай жүүс
Шошгон дээрээ жимсний зурагтай, "100% juice" гэх зэргээр бичсэн ч ихэнх савласан жүүсүүд эрүүл биш. Эдгээр жүүс нь ихэнхдээ эслэггүй, зөвхөн чихрээр дүүрсэн байдаг.
Жишээ нь: 230 мл жүржийн жүүс нь 21 гр сахар агуулж болно. Байнга жүүс уух нь жин нэмэх, бодисын солилцооны эмгэг үүсгэх эрсдэлтэй.
"Fruit cocktail" гэх шошго нь нэмэлт чихэр, өнгө оруулагч, амт оруулагч гэсэн үг. Эрүүл хувилбар бол бүтэн жимс идэх эсвэл усаа жимсний хэрчмээр амтлах.
4. Бэрсүүт жүрж (Grapefruit)
Бэрсүүт жүржийг жин бууруулах, С витаминаар баялаг гэдэг. Гэхдээ энэ жимс эмийн үйлчилгээнд саад болдог.
Бэрсүүт жүржийн нэгдлүүд гэдсэнд байдаг зарим ферментийг хааж, эмийг задлахгүйгээр цусан дахь хэмжээг нь хэт нэмэгдүүлдэг. Үүний улмаас цусны даралтны эм, харшлын эмүүд аюултай түвшинд хуримтлагддаг.
Бэрсүүт жүржийг эм уудаг хүмүүс болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Хэдхэн зүсэм хүртэл сөрөг нөлөө үзүүлж мэднэ.
5. Алимны цуу (Apple cider vinegar)
Алимны цууг жинг хасах, хоол шингээлт сайжруулах, арьс гэрэлтүүлэх зэрэг олон шалтгаанаар хэрэглэх болсон. Гэхдээ энэ нь маш хүчиллэг тул шүдний пааланг гэмтээх, хоолой загатнуулах, дотор эвгүйрхэх, хоолны шингээлтийг удаашруулах гэх мэт сөрөг нөлөөтэй.
Мөн чихрийн шижингийн эм, инсулин, шээс хөөх эмтэй харшилж, кали дутагдах аюултай.
6. Лимонтой ус
Лимонтой усыг бодисын солилцоог идэвхжүүлнэ, жин хасна, хоол шингээнэ гэх мэтээр сурталчилдаг. Гэхдээ энэ бол хэт дөвийлгөсөн мэдээлэл.
Лимоны хүчил нь шүдний пааланг гэмтээж, мэдрэмтгий, цооролд өртөмтгий болгодог. Ихэнх хүмүүс үүнийг “эрүүл” гэж бодоод дараа нь угаахаа мартдаг.
Мөн “биеэс хорыг гадагшлуулна” гэдэг нь ташаа ойлголт. Бөөр, элэг тань энэ ажлыг хариуцдаг. Хэт их лимонтой ус нь зарим хүнд ходоодны хүчил ихсэх шалтгаан болдог.
Анх муу гэж боддог байсан ч үнэндээ тустай хүнс
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!