Хайр дурлал, адал явдал, атаа хорсол, уран зөгнөлт, нууцлаг гэмт хэрэг гээд маш олон төрлийн кино энэ сард нээлтээ хийхээр төлөвлөжээ. Гэрээс гармааргүй халуун нар шарсан өдөр, хүйтэн бороо асгарсан сэрүүн өдрүүд эсвэл юу хийхээ мэдэхгүй хийцгүй үедээ эдгээр цувралыг эхлүүлээд нэг үзээрэй. Lee Jong Suk, Moon Ga Young, Lee Dong Wook, Lee Sung Kyung зэрэг А зэрэглэлийн жүжигчид хамтарсан тул үзэхэд тун сонирхолтой байх болно.
Ингээд энэ долоодугаар сард цацагдах шинэхэн к-драмуудтай танилцана уу.
BITCH X RICH SEASON 2”
Цацагдах өдөр: Долоодугаар сарын 3
Гол дүрд: Lee Eun Saem, Yeri, Kim Min Kyu
Нийт анги: 10 /нэг анги нь 35 минут үргэлжилнэ/
Ким Хэ Ин бол ядуу айлаас гаралтай энгийн нэгэн охин. Гэвч санамсаргүй байдлаар хоёр ч гэмт хэргийн гэрч болсноор дээд зэрэглэлийн гэгдэх Diamond 6 бүлэгт нэгдэх боломжтой болно. Харин нөгөө талд Бэк Жэ На бол хатан хаан хэмээн нэрлэгддэг баян айлын чинээлэг охин. Гэтэл түүний амьдрал орвонгоороо эргэж, тэрээр аюултай нөхцөл байдалд ордог.
Хоёрдугаар бүлэгт цувралын гол дүрүүдээс гадна цоо шинэ эсрэг талын дүр гарч ирэх юм байна. Түүнээс болж Ким Хэ Ин, Бэк Жэ На нар дахин хүндхэн сорилтуудыг туулах юм. Энэ удаад тэд өмнөх шигээ сонголт хийх болов уу, эсвэл тэс өөр замыг сонгох болов уу?
“LAW AND THE CITY”
Цацагдах өдөр: Долоодугаар сарын 5
Гол дүрд: Lee Jong Suk, Moon Ga Young
Нийт анги: 12 /нэг анги нь 1 цаг 15 минут үргэлжилнэ/
Ахлах өмгөөлөгч Ан Жү Хён бол ес дэх жилдээ ажиллаж байгаа туршлагатай ч хүйтэн цэвдэг мэт сэтгэлтэй нэгэн. Тэрээр өмгөөлөгч болохдоо зөвхөн хууль, логик болон хэргүүдийг сонирхолтой гэж үзсэн учраас сонгосон болохоос биш, анхнаасаа сул дорой хүмүүсийг хамгаалж, шударга ёсыг сахиж, дэлхийг өөрчлөх ёстой гэж огтхон ч бодож байгаагүй. Гэвч түүний тайван ажлын орчин одоо ан цав үүсэж эхэлжээ.
Харин нөгөө талд Жохуа Хуульчдын Фирмийн залуу ажилтан Кан Хүй Жи бол хаана ч явсан хүмүүсийг тойруулж чаддаг, нийгмийн идэвхтэй, нийтэч нэгэн. Тэрээр “Нэг хүний амьдралыг өөрчилнө гэдэг тэр хүний бүх дэлхийг өөрчилж буй хэрэг” гэж итгэдэг, бусдад туслах сэтгэлтэй аж. Тэд хамтдаа маш олон хэргүүдийг даан авч, шийдэж явахдаа нэгэн нэгэндээ татагдана.
“S LINE”
Цацагдах өдөр: Долоодугаар сарын 11
Гол дүрд: Lee Soo Hyuk, Lee Da Hee, Arin
Нийт анги: 6 /нэг анги нь 50 минут үргэлжилнэ/
Энэ цуврал нь хүмүүсийн толгойн дээр байдаг улаан нууцлаг шугамын тухай өгүүлнэ. Улаан шугам нь тухайн хүнийг бэлгийн харьцаанд орж байсан хүнтэй нь холбодог аж. Хан Жи Үк бол энэ нууцлаг улаан шугамын үнэн мөнийг олж мэдэхийг хичээх мөрдөгч. Харин Хён Хёп бол төрөхөөсөө хойш уг улаан шугамыг харж чаддаг ахлах ангийн сурагч юм.
“LOW LIFE”
Цацагдах өдөр: Долоодугаар сарын 16
Гол дүрд: Ryu Seung Ryong, Yang Se Jong
Нийт анги: 11 /нэг анги нь 60 минут үргэлжилнэ/
1970-аад онд өрнөх энэхүү түүхэд хуурамч эд зүйлс зарж амьдардаг нэгэн авга ах, түүний зээ хүү хоёр баруун тэнгис рүү явах санал авч, энэ амьдралаасаа зугтахын тулд эрдэнэсийн хайгуулд гарна.
“THE NICE GUY”
Цацагдах өдөр: Долоодугаар сарын 18
Гол дүрд: Lee Dong Wook, Lee Sung Kyung
Нийт анги: 14 /нэг анги нь 1 цаг 10 минут үргэлжилнэ/
Энэхүү кино нь гурав дахь үеийн гэмт бүлэглэлийн гэр бүлийн хамгийн том ач хүү Пак Сок Чолын тухай өгүүлнэ. Тэрээр сайхан сэтгэлтэй нэгэн бөгөөд дуучин болохыг мөрөөддөг анхны хайр Кан Ми Ёнтойгоо санамсаргүй байдлаар учирдаг. Сок Чол гэр бүлээ, ажил мэргэжлээ, хайраа хамгаалахын тулд амьдралын хүнд хэцүү бэрхшээлтэй нүүр тулах болно.
“THE DEFECTS”
Цацагдах өдөр: Долоодугаар сарын 21
Гол дүрд: Yum Jung Ah, Won Jin Ah
Нийт анги: 8 /нэг анги нь 60 минут үргэлжилнэ/
Ким Сэ Хүи бол томоохон эмнэлгийн ерөнхий захирал бөгөөд сайн үйлсийн сангийн үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн. Тэрээр олон нийтийн дунд өндөр нэр хүндтэй эмч боловч олон нийтэд мэдэгдээгүй хар бараан тал бий. Тэр нь хууль бус хүүхэд үрчлэх сүлжээний толгойлогч юм.
Хэрэв түүний хууль бус үрчлэлийн сүлжээгээр үрчлэгдсэн хүүхэд үрчилж авсан эцэг эхийн хүлээлтийг хангаж чадахгүй бол тодорхой хугацаанд үнэ төлбөргүй буцаах боломж олгодог. Харин үрчилж авсан эцэг эх хүүхдийг буцаавал Ким Сэ Хүигийн бүлэглэл ул мөрөө баллахын тулд хүүхдийг хөнөөдөг.
Ким А Хён бол үрчлэгдээд буцаагдсан хүүхдийн нэг байсан ч азтай тохиолоор амьд үлджээ. Тэрээр үлдсэн хүүхдүүдийг амьд байлгах, Ким Сэ Хүигээс өшөөгөө авахаар тэмцэнэ.
“TRY: A MIRACLE IN US”
Цацагдах өдөр: Долоодугаар сарын 25
Гол дүрд: Yoon Kye Sang, Im Se Mi, Kim Yo Han
Нийт анги: 12 /нэг анги нь 1 цаг 10 минут үргэлжилнэ/
Жү Га Рам өмнө нь Солонгосын регбигийн найдвар гэгдэж байсан регбигийн тоглогч байв. Тэр авьяаслаг, од болох ирээдүйтэй байсан ч хар тамхины дуулиан бүхнийг сүйрүүлжээ. Түүний хар тамхины дуулианыг бүх спортын хэвлэл мэдээллүүдээр шуугиан тарьж гаргасан бөгөөд тэрээр хар тамхичин гэсэн муу нэртэйгээр спортоо орхиход хүрсэн юм. Гурван жилийн дараа тэр өөрийн нэгэн цагт тоглож байсан ахлах сургуулийн регбигийн багт гэрээт дасгалжуулагч болон эргэн ирнэ. Гэвч уг ахлах сургуулийн регбигийн баг лиг дотроо хамгийн сул багийн тоонд багтдаг.
“TRIGGER”
Цацагдах өдөр: Долоодугаар сарын 25
Гол дүрд: Kim Nam Gil, Kim Young Kwang
Нийт анги: 10 /нэг анги нь 50 минут үргэлжилнэ/
Өмнөд Солонгост буу худалдан авах, зарах эсвэл эзэмшихийг хатуу хориглодог. Иймээс тус улсад бууны гэмт хэрэг бараг гардаггүй. Гэвч байдал хурдан өөрчлөгдөнө. Гарал үүсэл нь тодорхойгүй хууль бус буунууд орж ирж, буутай холбоотой хэргийн тоо эрс нэмэгдэнэ.
Ли До бол шударга мөрдөгч. Тэр өнгөрсөнд цэргийн алба хаахдаа мэргэн буудагч байсан туршлагатай. Одоо Ли До хууль бус бууны гарал үүслийг хөөн илрүүлж, цуврал буутай хэргүүдийг зогсоохын төлөө тэмцэнэ. Харин Мүн Бэк бол газар доорх зэвсгийн наймааны ертөнцийн гол хүн. Гаднаасаа тайван, амархан хүн мэт харагддаг ч үнэндээ бүх зүйлээ нарийн төлөвлөж, түүнийгээ хэрэгжүүлдэг нэгэн. Ли До, Мүн Бэк хоёр өөр өөрийн шалтгаанаар буу барьж яваа эрчүүд юм.
Эх сурвалж: MyDramaList, Mynews
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!