Zack: "Америкийн аймшигт түүх" цуврал бидний эхлэл болсон


Ө.Түмэндарь | YOLO.MN
2019-11-26

Кино сонирхогч залуусын хамгийн сайн мэдэх сайт бол Serisu яах аргагүй мөн. Тэд сайн дурын үндсэн дээр “Serisu Family” нэрийн дор хүсэл, зорилгоороо нэгдэн үзэгч олондоо “сүүлийн үеийн” гэх тодотголтой олон сонирхолтой цуврал, бүрэн хэмжээний кинонуудыг хүргэдэг. Тэгвэл тэрхүү гэр бүлийн нэгэн гишүүн болох бид бүхний орчуулагч Zack нэрээр нь хамгийн сайн мэдэх Р.Хасбаатартай хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Тэдний англи хэлээ хэрхэн сурсан, орчуулгаа яаж хийдэг болон хэрхэн ажилладаг талаар өрнүүлсэн халуухан яриаг хүлээн авна уу. 

Мартсанаас Serisu гэдэг нь "Series + Subtitle"  буюу "Цуврал + Хадмал" гэсэн үгийн нийлбэр юм байна лээ шүү, залуусаа. smiley


YOLOАнх хэрхэн үүсгэн байгуулагдсан бэ? Яагаад киноны сайт нээх болов?

-Одоогоос гурван жилийн өмнө манай үүсгэн байгуулагч, орчуулагч Өүлэн “Америкийн аймшигт түүхүүд” цувралыг орчуулахаар Фейсбүүк дээр хуудас нээж байсан юм. Дараа нь хамт орчуулах хүмүүс хайж эхэлснээр бидний түүх эхэлсэн. 2017 оны нэгдүгээр сараас л яг албан ёсоор “Serisu” гэсэн хаяг, сайттай болоод, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай хамт олон бүгд л кино урлагт дуртай, ялангуяа Америкийн цувралууд сонирхдог тийм л хүмүүс байдаг даа. Ерөнхийдөө “Америкийн аймшигт түүх” цуврал бидний эхлэл болсон. 

YOLOОдоо хэдэн гишүүнтэй вэ?

- Анхдагч гишүүд маань бүгд ажил амьдралтай болоод завгүй болсон. Тиймээс дараагийнхаа үед шилжүүлье гэж шийдээд шинэ гишүүд элсүүлж авч байгаа. Ихэнх гишүүд 17-19 настай. Анх эхэлснээс хойш нийт 100 орчим хүн манайд ажиллаж байсан. Яг одоогийн байдлаар 20 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Зарим нь хэсэг хугацаанд байж байгаад гараад явдаг. Зарим нь тууштайгаар үлдээд бидний гэр бүлийн нэг хэсэг болдог. 


YOLOКино орчуулга хийдэг болохоор дандаа цахимаар харилцаж ажлаа хийдэг үү? Хоорондоо уулздаг уу?

- Ихэвчлэн цахимаар харилцдаг, маш чухал яаралтай
орчуулга хийх үед уулзаад хамт хийцгээдэг. Заримдаа нэгнийхээ гэрт хонон өнжин ажиллах үе ч бий.

YOLO: Сайтууд ихэвчлэн зар сурталчилгаанаас мөнгө олж санхүүждэг. Танай сайтын хувьд сурталчилгаанаас ашиг орлого олдог уу?

- Манай сайт 100% сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг учраас орлого олдоггүй.
Зар сурталчилгаа байршуулдаггүй ашгийн бус сайт гэдгээрээ онцлог.

YOLO: Танайх ихэвчлэн “Netflix”-ийн кинонуудыг орчуулан хүргэдэг. Зохиогчийн эрхийн асуудал үүсдэг үү? Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
- Бид нарын ойлголтоор одоогоор фэн үзвэр гэдэг утгаараа өнөөг хүртэл том асуудал үүсч байгаагүй. Харин бусад кино контент гаргадаг сувгуудтай давхацсан тохиолдолд сайтын домайн эрхээ хаалгуулж байсан удаатай. Хүмүүст энэ киног үзүүлье гэсэн чин сэтгэл байдаг учраас аргалаад үргэлжлүүлэн орчуулдаг. Өнөө маргаашдаа бидэнд тулгамдаж буй хамгийн том асуудал бол зохиогчийн эрх юм.

YOLO: “Serisu”-д ажиллаж байх хугацаанд тохиолдсон хамгийн хөгжилтэй түүхээсээ хуваалцаач?
- Хамгийн анх “Serisu”-д орж байхдаа нөгөө гишүүдээсээ их айдаг байсан /инээв/. Анх тэдэнтэй уулзаад биеэ бариад юм ярьж чаддаггүй байлаа. Одоо бодоход их инээдтэй. Бид нар заримдаа энэ талаараа ярилцаад инээдэг.


YOLOЗаримдаа үзэгчид “Дараагийнхаа ангийг оруулаач ээ” гээд их хүлээлт үүссэн байдаг шүү дээ. Үзэгчдийн зүгээс үзүүлж буй хандлага хэрхэн нөлөөлдөг вэ? 

- Яг хугацаандаа орчуулж хүргэж чадаагүй, удаасан тохиолдолд гялс орчуулж өгье гэж бодоод хурдан хийдэг. Бид нар чинь хажуугаар нь хичээлээ хийнэ, ажиллана гээд амьдралтай хүмүүс шүү дээ. Энэ бүхний хажуугаар орчуулгаа хийх нь хааяа хүч хөдөлмөр шаарддаг. Харин хоёр шөнө нойргүй хоноод, хоёр анги орчуулаад оруулахад шууд дараагийн ангийг нэхэх үед бухимдана. Стрессдэх үе бий. “Ер нь яагаад ингэж сайн дураараа ажиллах ёстой юм бэ” гэж өөрөөсөө асуух үе ч гарна. Тэгсэн ч үзэгчдийн урам хайрласан сэтгэгдлүүд эрч хүч өгөн, ажиллах зориг өгдөг. 

YOLO: Олон ангит киноны нэг ангийг орчуулж, хадмал орчуулга хийхэд хэр их хугацаа зарцуулдаг вэ?
- Netflix дээр монгол цагаар 15-16 цагийн хооронд ихэнх киноны ангиуд цацагддаг. Хүлээж байгаад бүх бичлэгүүдээ олж аваад, бүгд орой кофе шоп хаатал орчуулгаа хийгээд суудаг. Дуусаагүй бол нэгнийхээ гэрт очиж үргэлжлүүлнэ. Ерөнхийдөө тухайн орчуулагчийн хурднаас шалтгаална. Орчуулга хийнэ гэдэг тийм ч амар ажил биш. Миний хувьд анх гурван өдөр зарцуулдаг байсан. Хичээлийн завсарлагаанаар таван минутыг хүртэл орчуулгаа хийхэд зарцуулдаг. Тэгэхгүй бол амждаггүй. Хоногийн 3-4 цагийн нойртой үе зөндөө. Дуусгаад хянуулна, энкодэртоо өгнө, сайтдаа байршуулна гээд нийтдээ 3-4 өдөр шаарддаг.


 YOLOКино орчуулахад хамгийн бэрхшээлтэй зүйл юу байдаг вэ?

- Англи хэл дээрээс монгол хэл рүү орчуулахад өгүүлбэрийн бүтэц, утга санааг дүйцүүлж хөрвүүлэх тал дээр бэрхшээлтэй зүйл тохиолддог. Заримдаа хэл хоорондын соёлын зөрүү их гардаг. Тэр улсын ардын аман зохиолд ашиглагддаг үгсийг орчуулахад тохирсон орлуулж бичиж боломгүй үгс байдаг. 

YOLOОрчуулга хийдэг хүн маш сайн англи хэлтэй байх хэрэгтэй. Өөрөө англи хэлийг хэрхэн сурж байсан бэ?

- Миний англи хэл сурсан түүх бол шууд кинотой холбоотой. Анх “The Vampire Diaries” гээд цуврал Movie box дээр арван хэдэн настайдаа үзэж эхэлж байсан юм. Хэдэн бүлэг гараад л зогсчихсон, тиймээс цааш үргэлжлүүлж заавал үзнэ гэж өөртөө амласан. Сум дээр ганцхан англи хэлний багштай зааж сургах хүн байгаагүй. Өөрөө үсгээ сурж, анхан шатныхаа мэдлэгийг олж авсан. Удалгүй оюутан болж хотод ирээд нөгөө цуврал киногоо олж үзэхийг хүссэн ч англи дээр байсан. Эхэндээ үзээд 20-30 хувьтай ойлгодог байсан бол төгсгөлийн бүлгийн сүүлийн ангийг үзэж дуусгахад бүтэн жилийн хугацаанд 100 хувь ойлгодог болсон. Энэ цувралыг талд нь орж байхад би serisu-д орж байсан юм. 


 YOLOМанай сайтын уншигчдад зориулан зөвлөгөө өгвөл?

 Хэлийг заавал сургалтанд сууж сурдаг зүйл биш. Өөрийн хийх дуртай зүйлээ заавал олоорой. Дуртай зүйлээ өдөр болгон хийнэ гэдэг хувь хүнд аз жаргалтай байдаг. Тэгвэл дуртай зүйлээрээ дамжуулан хэлээ сурах боломжтой. Өдөр болгон хэрэглэж байж хэл тогтоно. Тоглоом тоглох дуртай бол тогло гэхдээ англи хэл дээр, кино үзэх дуртай бол англиар үз, англиар ном унш, хоббигоороо сураарай гэж зөвлөе.

YOLO: Танай хамт олны цаашдын зорилго? 

- Цаашид өөрсдөө контент үйлдвэрлэнэ гэж боддог. Одоогоор эхлээд орчуулгаа сайжруулна, шинэ эвентүүд хийнэ, Монголын залууст дан ганц Америкийн кино гэлтгүй бусад улсын кино хөгжил ямар түвшинд байна вэ гэдгийг таниулан түүгээрээ дамжуулан соёлыг түгээх гэсэн том зорилготой байгаа. Анх Serisu family нэр доор vlog хийе гэж ярьдаг байсан ч боломжгүй байсан. Хэтийн зорилгодоо бас энийгээ бодчихсон байгаа.


#Serisu #Кино #Залуус