Г.Ариунчулуун: Скаутын гишүүн хүүхэд ур чадвар, төлөвшлийн хувьд бусдаас илүү байдаг


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-03-24

Хүүхэд бүхэн өөрсдийгөө бага балчир наснаасаа эхлэн хөгжүүлэн, ирээдүйн их амьдралын замд бэлтгэгдсэн иргэн болж төрөх боломжийг олгож өгдөг Скаутын хөдөлгөөний талаар энэхүү ярилцлагаараа дамжуулан та бүхэнд хүргэх гэж буйдаа таатай байна.

Нэг улсад 100 жилд ганцхан удаа зохион байгуулагдах боломжтой, АСЕМ арга хэмжээ шиг хэр нь олон улсын хүүхдүүдийг хамарсан үйл ажиллагаа болох Ази Номхон далайн бүсийн 31-р жемборийг төрөлх нутагтаа зохион байгуулах эрхийг Монголын Скаутын холбоо авчээ. Энэ талаар YOLO.mn сонирхолтой яриа өрнүүлснийг та бүхэндээ хүргэе.

 

YOLO: Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач.
Намайг Г.Ариунчулуун гэдэг. Монголын Скаутын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг.

YOLO: Скаут гэж яг чухам ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм бэ?
Скаутын холбооны үндсэн зорилгод хүүхдийг оюун ухаан, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй нийгэмдээ байр сууриа эзэлсэн иргэн болоход нь тусална гэсэн байдаг. Тэгэхээр манай байгууллагын гол зорилго нь хүүхэд бүрийг хүмүүжсэн амьдрах арга ухаантай иргэн болгоход чиглэж байдаг.

YOLO: Скаутад нэгдсэнээр хүнд бий болох ур чадвар, давуу тал юу байдаг вэ?
Хамгийн нэгдүгээрт, хамт олны дунд гишүүн болж бусдынхаа өмнө үүрэг хүлээж, тэдэнтэйгээ өрсөлдөн өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Скаутын бүлгийн ажлаар дамжуулан хүүхдүүд сургуулийн хичээлд үздэггүй ч амьдралд хэрэгтэй бүх л мэдлэг, дадал чадваруудыг олж авах боломжтой.

YOLO: Ангиллын хувьд ямар байдаг болон хүүхэд хэдэн настайдаа танай байгууллагад элсэж болдог вэ?
Монгол улсад насны хувьд дөрөв ангилдаг. 6-10 нас нь каб буюу бага нас, 11-15 нас нь скаут буюу дунд нас, 15-18 нас нь венчир буюу өсвөр үеийнхэн, 18-25 нас нь ровер буюу залуучууд, 25 наснаас дээш скаут мастер буюу насанд хүрэгчид, багш нар гэсэн ангилалтай байдаг.

YOLO: Ази Номхон далайн бүсийн 31-р жембори болно гэлээ. Жембори гэдэг нь яг ямар төрлийн арга хэмжээ вэ?
Жембори гэдэг нь скаут хүүхэд, залуучуудын хамгийн том баяр, наадам, цугларалт гэж ерөнхийдөө үздэг. Скаутын хөдөлгөөнийг үндэслэгч Роберт Баден Паул жемборийг Африкийн овгийн толгойлогч нарын уулздаг уулзалтын нэрийг үндсээр нь энэ баяр наадмын оноосон нэр болгож ашигласан байна.

Дэлхийн ихэнх улс оронд 110 жилийн турш скаутын хөдөлгөөнөөр хүүхдүүдээ хөгжүүлж байна гэдэг нь энэ баримтлал ямар мундаг, сайн байгууллага гэдгийг харуулж байгаа юм

                                      Г.Ариунчулуун

YOLO: Ямар орнуудаас хэдэн скаут, кабууд хүрэлцэн ирж оролцох вэ?
Энэ арга хэмжээ энэ зун, долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 02-ны хугацаанд Улаанбаатар хотоос 27 км зайд орших Олон Улсын хүүхдийн “НАЙРАМДАЛ” цогцолборт 6000 хүүхдүүдийг хамарсан маш том арга хэмжээ болох гэж байна. Ази Номхон далайн бүсийн 31-р жемборид дэлхийн 50 гаруй орны 2000 орчим хүүхэд, залуус багш нарын хамт оролцоно. Бяцхан кабуудын хувьд Монгол улсын 250 урилгаар зочин болж оролцох юм. Скаутууд манай улсаас 4000 оролцогч буюу нийтдээ 400 салаатай оролцох юм.

YOLO: Хүрэлцэн ирсэн скаутуудад ямар үйл ажиллагаануудыг явуулах вэ?
Нээлт, хаалтын арга хэмжээ, дэд цогцолборуудын үйл ажиллагаанууд гээд амьдарч байгаа орчны хүрээнд тодорхой үйл ажиллагаанд оролцоно. Үүнээс гадна 4 том цогцолбор төв байгаа. Нэгдүгээрт, Адал явдалт цогцолбор буюу салаагаараа бартаатай саадыг туулах өртөө, Хоёрдугаарт, Нийгмийн хөгжлийн цогцолбор буюу хүүхдийн өөрсдийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг зөв оновчтой хэлбэрээр тайлбарлаж, түүнээс өөрийгөө сэргийлэх, тулгаран гарсан бэрхшээл,  асуудлыг багасгахад хүүхэд, залуучуудын үүрэг оролцоо ямар байх талаар шийдэлд хүрэх өртөө. Гуравдугаарт, Шинжлэх ухаан, технологийн цогцолбор нь сүүлийн үеийн ШУ, техник технологийн ололт амжилтыг баталсан туршилтуудыг батлах, туршиж үзэх, заримыг нь баримтат кино үзэж судлах өртөө байна. Хамгийн сүүлд, Скаут цогцолбор буюу 110 жилийн түүхтэй энэ хөдөлгөөнийг судлах, танин мэдэх, скаут хүний мэдэж байх анхны шатны мэдлэгүүдийг бататгах гэх мэт дөрвөн томоохон цогцолбор ажиллана.

Үүнээс гадна бид гадаад орнуудаас ирсэн 2000 скаутад зориулж  “Монгол наадам” цогцолборт Монголын уламжлалт нүүдэлчин соёлыг агуулсан энэ жемборийн гол уриа буюу “Нүүдэлчдийн зүгт” агуулгыг харуулсан нүүдэлчин ахуйг таниулах, монгол дээл өмсөж үзэх, монгол гэр барьж үзэх, идээ ундааны соёлтой танилцах, аргал түүх, ноос зуулгах, савах, Монгол ардын язгуур урлагийн тоглолт үзэх гэх мэт зүйлсийг 2000 оролцож 500-аараа хуваагдаж дөрвөн хоног үзэж сонирхоно.






YOLO: Энэхүү үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй хүүхэд хаана, хэнд хэрхэн хандах вэ?
Оролцохыг хүсэж байгаа хүүхдүүд эхлээд, сум, дүүрэг, сургуулийнхаа скаутын багш нарт хандах, хэрвээ багш байхгүй бол Монголын Скаутын Холбооны 324147, 99960606 утсанд хандаж тухайн аймаг, дүүргийн скаутын зөвлөлийн даргын утсыг аваад хэнтэй хэрхэн холбогдох талаар зөвлөгөө авна. Эцэг эхээсээ зөвшөөрөл авсны дараа өөрийн гэсэн салаатай болно, тэр салааныхаа кодыг авч, салааны код, овог нэр зэргээ бичиж төлбөрийг тушаана. Ингэснээр салааг удирдах багшийн удирдлаган доор жемборид оролцоход бэлтгэх үйл ажиллагаанд орно.

YOLO: Жемборид оролцсоноор тус хүүхдүүдэд ямар шинэ боломж нээгдэх вэ?
Хамгийн түрүүнд олон найз нөхөдтэй болох, олон шинэ зүйлсийг сурч мэдэх, танилын хүрээгээ нэмэгдүүлэх, бусад хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, зорилго зэргийг мэдэж, өөрийнхөө зорилгыг том хүрээтэй тодорхойлох үүнийхээ төлөө илүү хичээнэ гэдэгт итгэж байна.

YOLO: Энэ арга хэмжээний зохион байгуулалтад хэдэн сайн дурынхан ажиллах вэ? Мөн ямар шалгуураар сонгож авах вэ?
Хүүхэд залуустай ажиллах сонирхолтой, 18 наснаас дээш насны залуус, насанд хүрэгчид сайн дурын ажилтнаар ажиллах бүрэн боломжтой. Нийтдээ 1600 орчим сайн дурынхан ажиллана. Зарим нь мэдээж мэргэжлийн байгууллагынхан өөрсдийн чиглэлийн цогцолборууд дээр ажиллана. Сайн дурынхныг арга хэмжээнээс өмнө сургалтад хамруулна.

YOLO: Сайн дурын ажил хийх нь хувь хүний хувьд ямар ач холбогдолтой вэ? Ямар чадваруудад суралцдаг вэ?
Сайн дурын ажилтан хийснээр шинэ зүйл сурч мэдэх, багаар ажиллах, олон улсын стандартын үйл ажиллагаа хэрхэн болдгийг өөрийн биеэр мэдэрч, туршлага хуримтлуулах, түүнээс гадна өөртөө маш олон дадал чадваруудыг хуримтлуулах гэх мэт ач холбогдолтой.

Мөн скаутын хөдөлгөөнд явж байгаа хүүхдүүд илүү олон зүйлсийг сурч, бусад хүүхдүүдтэй хамт олон болж, бүлгийн ажил, зуслан цугларалтад хамрагдаж скаутын өөрийн андгай хууль, зарчимд захирагдан скаутын хөдөлгөөний илүү олон аргуудын дагуу сайн иргэн бэлтгэгдэж байгаа учраас ур чадварын хувьд илүү байдаг. Дэлхийн ихэнх улс оронд 110 жилийн турш скаутын хөдөлгөөнөөр хүүхдүүдээ хөгжүүлж байна гэдэг бол энэ баримтлал ямар мундаг, сайн байгууллага гэдгийг харуулж байгаа юм. Тэгэхээр Монголын эцэг эхчүүд үр хүүхдүүдээ зөвхөн эрдэм боловсролтой иргэн болгохоос гадна, хүмүүжил, төлөвшилтэй иргэн болгохын тулд бидэнтэй нэгдэхийг мөн уриалж байна.

YOLO: Мөн скаутын байгууллагад хамрагдах сонирхолтой, сонирхож байгаа, болон скаут хүүхдүүддээ хандаж хэлэх үг байна уу?
Монголын скаутын холбоо гишүүнчлэлээ нэмэгдүүлж, аль болох олон болох олон хүүхдүүдэд үйл ажиллагаагаа хүргэхийг хүсдэг, гэхдээ мэдээж хүүхдийн эцэг эх, багш, сургуулийн удирдлагын зөвшөөрлийг нэгдүгээрт тавьдаг. Хэрэв танай сургууль дээр скаутын хөдөлгөөн байхгүй бол сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөл, Монголын Скаутын холбоотой хамтран байгуулах талаар санал хүргүүлбэл бид дуртайяа хүлээж авч скаутын багшийг бэлтгэж өгч, анхны шатнаас эхлүүлж өгөх болно.

YOLO: Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

#Teenagers #advice #Scout