“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Даншиг наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Наадмын үеэр бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам харайх үзүүлбэр үзүүлдэг. Нийт 120 гаруй цамчин уран нарийн хийцтэй хувцас өмсгөл, багтай, гоёмсог чимэг зүүлт, хэрэгслээр гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн амар амгалан, бясалгалыг илэрхийлдэг. Хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буйг уран яруугаар харуулдаг.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ болж уламжлал болон зохион байгуулагдсаар байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!