Yolo.mn сайтын зүгээс долоо хоног бүр Монголынхоо уран бүтээлчдээс нэгийг онцлон цуврал нийтлэл хүргэж байгаа билээ. Өмнөх долоо хоногт “Favway” уран бүтээлийн нэгдлийн жүжигчдийг танилцуулсан бол энэ удаад “Opozit” хамтлагийг онцолж байна. Тэд өнгөрөгч хагассайн өдөр /2025.06.07/-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд “Болор цом” тоглолтоо хийсэн билээ.
ШОО ~ OPOZIT
“Гудамжны яруу найргийн хөг эгшиг” гэхээр хамгийн түрүүнд Opozit л санаанд орох байх. Хийж буй уран бүтээлүүдээ энгийн үгээр бус гүн гүнзгий утга агуулгатай үгсээр илэрхийлдэг залуучууд өдгөө монголын хип хоп урлагийн нөлөө бүхий уран бүтээлчид болж чадсан нь ийнхүү нэрлэх гол шалтгаан болсон биз ээ.
Зарим сонсогчид Opozit-ийг Энэрэл, Гантулга гэх хоёр гишүүнээр төсөөлдөг. Гэтэл тус хамтлаг 2004 онд Энэрэл, Оргил, Гантулга, Одко гэсэн дөрвөн гишүүнтэй байгуулагдаж байжээ. Хамтлагийнх нь нэр “Шоо”. Байгуулагдсанаас хойш хэсэг хугацааны дараа Оргил, Одко гишүүд нь уран бүтээлийн завсарлага авч, хамтлагаасаа гарсан байдаг. Үүнээс хойш 2009 онд Энэрэл, Гантулга хоёр дуучин Эгшиглэнтэй хамтран “Амьдралын тоглоом” гэх дуу дуулсан нь хүмүүст хүрч, олонд танигдаж эхэлсэн байна.
Тэд жилийн дараа буюу 2010 онд “Микрофон” гэх анхны цомгоо гаргасан бөгөөд энэ үедээ хамтлагийн нэрээ албан ёсоор “Opozit” болгон өөрчилсөн түүхтэй. Энэрэл дотогшоо, дуу цөөтэй нэгэн бол Гантулга эсрэгээрээ яриасаг хүн. Тийм ч учраас тэд хамтлагтаа эсрэгцэл гэх утгыг илэрхийлсэн “Opposite” буюу “Opozit” гэдэг нэрийг өгчээ.
“OPOZIT”-ЫН АНХНЫ ДУУ ХЭРХЭН БҮТЭВ?
Opozit хамтлаг 2004 оноос хойш өдийг хүртэл маш олон уран бүтээл гаргасан байдаг. Хамтлагийнх нь анхны дуу хэрхэн бүтэж байсан тухай Энэрэл ийнхүү ярьж байжээ.
Тэрээр, “Бид хоёр цэцэрлэгийн бэлтгэл ангид байхдаа бие биеэ таньдаг болсон. Дөрөвдүгээр ангидаа хамтлаг байгуулна гэж ярьдаг байлаа. Дуу ч зохиож мэдэхгүй, ер нь юу мэдэхгүй хүүхдүүд хамтлаг байгуулна гээд л явж байсан. Тэгээд 2004 онд хоёулаа дууж хийж үзэх үү, хамтлаг болох уу гэж яриад л Опозит хамтлаг байгуулагдсан.
Би анх Люмино хамтлагийн “Бүтэлгүй хайр” дууны үгийг нь бичиж аваад цээжлээд, үглээд хип хопд дурлаж байлаа. 2005 оны зун ганцаараа “Шингэсэн” гэдэг нэртэй дуу хийж байсан. Тэрийгээ Соёлын төв өргөөний ард талын студид 20 мянгаар төгрөгөөр бичүүлээд Гантулгад сонсгосон. Гэтэл Гантулга гэрээсээ нэг ая авч гарч ирснээ өөрийнхөө дууг бас бичүүлчихсэн шүү. Бидний анхны дуу амьдралын тухай л дуу байсан байхдаа. Тэр дуу одоо байдаг үгүйг сайн мэдэхгүй байна” гэжээ. Тэд анх дуу хийхдээ орчны шумыг тусгаарлахын тулд өндөгний сагс ашигладаг байсан гэнэ.
2014 ОНД “OPOZIT” ХАМТЛАГ ТАРАВ
Үүсгэн байгуулагдсанаа хойш 10 жилийн дараа буюу 2014 онд хамтлагийн гишүүд болох Энэрэл, Гантулга нар хоорондоо муудалцан, хамтдаа уран бүтээл туурвихгүй гэдгээ мэдэгдэж байсан билээ. Гэсэн ч хэсэг хугацааны дараа эргэн нэгдэж, Солонгос, Турк, Өвөрмонгол болон ОХУ-ын Эрхүү хотод тоглолтоо хийсэн байна.
Хүмүүс тус хамтлагийн 50 хувь нь царайлаг хэмээн ёжлох үе бий. Үүний хариуд Энэрэл "50 хувь нь урт үстэй шүү" хэмээн хөгжилтэй байдлаар хариулж байжээ.
Г.ЭНЭРЭЛ /NRL/
Инстаграм хаяг: enerelize
Энэрэл дунд сургуульдаа Оюуны ундраа цогцолбор сургуульд суралцаж дараа нь МУИС-ийг төгссөн байна. Тэрээр хоёр дүүтэй, айлын том хүүхэд аж. Түүний хүүхэд нас дөрөвдүгээр хороололд өнгөрчээ. Гурав, дөрвөн настай байхад нь аав нь хүүхдийн дуутай кассет авч өгсөн нь ирээдүйн дуучин, реппер болох эхлэлийг нь тавьсан хэмээн тэр боддог гэнэ. Энэрэл багаасаа л шүлэг бичдэг авьяастай хүүхэд байжээ.
Г.Энэрэл, “Нэгдүгээр ангидаа Мартын найм-наар ээждээ зориулж шүлэг бичиж байсан нь анхны шүлэг байх. Ямар ч байсан шөнө намайг дулаахан өвөртөө хонуулсан, сүүгээ амлуулсан гэсэн тиймэрхүү юм байсан санагдаж байна”
Тэрээр 2020 онд анхны бие даасан тоглолтоо хийж байсан билээ.
А.ГАНТУЛГА
Инстаграм хаяг: gantulga_arild
Гантулга их сургуульдаа хэл шинжлэлийн чиглэлээр сурч төгсжээ. Англи, франц хэлээр сурч байсан. Тэрээр 2013 онд Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр энгэрээ мялааж байжээ. Сургуулиа төгссөний дараа уран бүтээлээ туурвихаас гадна төрийн албанд ажиллаж, гаалийн байцаагч ч хийж байсан гэнэ. Мөн “Хамгийн сайхан нь”, “Шөнө дундын яриа” кинонд тоглож байсан юм. Тэрээр 2014 онд 16 дуунаас бүрдсэн “Албаар гаргасан альбом” гэсэн анхны цомгоо гаргаж байсан билээ.
А.Гантулга, “Дуу хийх нь надад нэг төрлийн бясалгал шиг санагддаг. Дотроо байгаа зүйлсээ дуундаа шингээгээд гаргачихаар нэг л хөнгөрөөд, гоё болчихдог”
ХАМГИЙН САЙХАН НЬ
Опозит эргэн нэгдсэн даруйдаа 2014 онд хайр дурлалын сэдэвт “Хамгийн сайхан нь” кино бүтээсэн байдаг. Цацагдсан даруйдаа алдаршиж, тухайн үеийнхээ хамгийн их орлого олсон киногоор шалгарч байжээ. Киноны гол дүрд Опозитын А.Гантулга болон Орхидос киногоор үзэгчдийн танил болсон А.Орхонтуул нар тоглож байсан. Харин туслах дүрд Опозитын Г.Энэрэл, жүжигчин Р.Адьяа, Ц.Цэрэнболд нар тоглосон юм.
Энэхүү кино тэдний хамгийн том амжилтуудын нэг. Киноны дүрийн текст, дуу, ая хөгжим гээд л бараг бүхий л хэсэг нь хит болсон гэхэд буруудах зүйлгүй. Одоо ч хүүхэд, залуусын хамгийн дуртай киноны нэг байсаар байна. “Хамгийн сайхан нь” дуу youtube хуудаснаа 20 сая үзэлттэй байна.
“OPOZIT” ТӨВ ЦЭНГЭЛДЭХИЙГ ХОЁР УДАА ДҮҮРГЭЛЭЭ
Сүүлийн хэдэн жил Опозит хамтлаг урлагийн салбартаа төдийлөн идэвхтэй байгаагүй. Учир нь хамтлагийн гишүүн Гантулга хэсэг хугацаанд урлагаасаа холдож, АНУ-д амьдарч байсан юм. Энэ хугацаанд Энэрэл уран бүтээлээ туурвисаар байсан аж. Гантулга “Би урлагийн салбарт, хамт эхлүүлсэн энэ дуртай зүйлдээ тууштай байж чадаагүй. Харин тууштай байж чадсан Энэрэлээрээ би үргэлж, хаана ч бахархдаг” гэв.
Ингээд 2023 онд тэд эргэн нэгдэж “Хамгийн сайхан нь” гэх анхны бие даасан тоглолтоо Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнд хийсэн билээ. Удаан хугацаанд хамтад нь хараагүй тэднийг үзэж, хайртай дуучинтайгаа уулзаж, дурсамж сэдрээх дуунуудаа сонсохоор олон хүн ирж, цэнгэлдэхийг дүүргэж байв. Энэ жилийн “Болор цом” тоглолт ч мөн ялгаагүй дүүрэн хүнтэй байлаа.
ГАНТУЛГА & ХИШИГДАЛАЙ
Энэ жилийн “Болор цом” тоглолтод NMN, Punk and rap, Enkhe Erkhem, Amra, Thunderz, Цэцэ, Хишигдалай, Маралжингоо, Noubold зэрэг зочин артистууд ирж өөрсдийн ая дуугаа барьсан. Тэр дундаа Хишигдалай ирсэнд үзэгч, фенүүдийнх нь хувьд жаргалтай мөч байсан бололтой. Учир нь Гантулга, Хишигдалай нар 2015 онд үерхэж байсан юм. Тоглолтын үеэр Гантулга, Хишигдалай, Punk and Rap хамтлагийнхан хамтдаа “Нэрийг чинь бичье” хэмээх олон жилийн өмнөх дуугаа дахин хамтран дуулсан нь үдшийн хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байв.
ГУДАМЖНЫ “БОЛОР ЦОМ”
Тэд 20 жилийн ойдоо зориулан “Болор цом” нэртэй тоглолт зохион байгуулсан. Тэгвэл яагаад тоглолтоо болор цом хэмээн нэрлэсэн тухай тоглолтын ерөнхий продюсер Ж.Энхжаргалан ийнхүү хариулжээ.
Тэрээр “Тоглолтоо болор цом хэмээн нэрлэхэд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, Манай Opozit хамтлагийнхан залуусын дунд нэртэй. Хэрвээ гудамжны “Болор цом” гэж байдаг бол бараг тэрийг хүртэхээр гэсэн яриа залуусын дунд байдаг. Тэр ярианаас үүдээд тоглолтоо ингэж нэрлэсэн. Хоёрдугаарт, бид энэ тоглолтоороо дамжуулаад болор ертөнцөд байгаагаар зохиомжилж, тоглолтын тайз, карказ, сурталчилгаа зэрэг бүх зүйлдээ анхаарсан” гэсэн юм.
Эцэст нь Опозит бол гудамжны яруу найраг, зүрхний эгшиг. Үг бүр нь амьдралтай, уянгатай, үнэ цэнтэй. Тэд “Болор цом”-ыг тайзнаас биш, үзэгчдийн хайраас хүртсэн жинхэнэ уран бүтээлчид юм.
Ингээд “Opozit” хамтлагийн таван дууг онцлон хүргэж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!