BBC: Мэргэжлийн сүмод барилдах мөрөөдөлтэй МОНГОЛ охин


А.Ихсанаа | YOLO.MN
2017-07-31

BBC агентлагийн сэтгүүлч Эрин Крейгийн “Мэргэжлийн сүмод барилдах мөрөөдөлтэй Монгол охин” нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Монголын тамирчид сүүлийн жилүүдэд Японы сүмогийн дэвжээг эзэгнэж байна. Тэдний амжилтыг давтаж, гишгэсэн мөрийг нь дагах хүсэлтэй энэ охиныг Бум-Эрдэнийн Түвшинжаргал гэдэг. Охин хүүхдийн хувьд олон зууны уламжлалыг эвдэж байж мэргэжлийн сүмод хүч үзнэ.

Бэлхүүсээр нь мавашиний ором гарсан, ширүүн харцтай, хүнд жингийн тамирчин дэвжээний нэг захад зогсоно. Харин эсрэг талд нь Бум-Эрдэнийн Түвшинжаргал охин. Өрсөлдөгчид бие бие рүүгээ ширтэлцэн, хүлээсний эцэст огцом тулгарлаа. Дэвжээний голд хүч тулан зогсох хоёр тамирчин.

Гэтэл Түвшинжаргал огцом түлхэж, хамаг хүчээрээ өрсөлдөгчөө дэвжээнээс түлхэн гаргалаа. Харин бууж явахдаа хааяа нэг гаргадаг инээмсэглэлээ нүүрэндээ тодруулсан харагдав.

Сүмогийн дэлхийн аварга болсон энэ 17 настай охин "Айж хэрхэвч болохгүй. Хэрэвэ айх л юм бол ялахгүй" гэсэн юм.

Бүр хүүхэд байхаасаа өвөө, эмээтэйгээ зурагтаар сүмо үзэж өссөн охин хэзээ ч тамирчин болно гэж төсөөлөөгүй аж. Удалгүй жүдогоор хичээллэж эхэлсэн охиныг 2015 онд багш нь сүмогийн тэмцээнд ороод үзэхийг ятгажээ.

Ингээд Дэлхийн өсвөрийн сүмогийн аварга шалгаруулах тэмцээнд охин оролцож, гэртээ хүрэл медальтай ирсэн бол өнгөрсөн жил тэрээр алтан медаль энгэртээ зүүсэн байна. Түүний дасгалжуулагч, Дэлхийн аваргын алтан медальт, сүмоч асан Ганхуягийн Наранбат энэ явдлыг дөнгөж эхлэл байсан гэсэн юм.

Тэрээр "Түвшинжаргал дэлхийн аваргын хүнд жингийн төрлөөс дахиад гурван ч удаа алтан медаль хүртэх байх" гэжээ. Гэхдээ ямар ч өндөр амжилт гаргаж, дэлхийн рекордыг шинэчилсэн бай Түвшинжаргал охины хувьд мэргэжлийн сүмод хүч үзэх магадлал тун бага.

Учир нь сүмогийн ёсоор зөвхөн эрчүүд л мэргэжлийн сүмод барилддаг. Уламжлал ёсоор мэргэжлийн сүмогийн зургаан тэмцээн жил тутам зохиогддог бөгөөд анх шашны ёс заншлаар эхэлсэн түүхтэй.

Тийм ч учраас энэ спорт ёс заншлаа нарийн баримталдаг. Уламжлалын дагуу эмэгтэй хүн дэвжээн дээр гарахыг нь хүртэл хориглоно.

Гэхдээ 1990-ээд оны дунд үеэс хойш Олимпийн наадмын нэг төрөл болгохын тулд анхны сонирхогчдын тэмцээнийг зохиож эхэлснээр эмэгтэйчүүдийн эзлэх хэмжээ нэмэгдэх болжээ. Бүтэн 12 удаагийн Дэлхийн аваргын тэмцээн зохиосон хэдий ч өнөөдрийг хүртэл Сүмо Олимпийн нэг төрөл болоогүй л байна.

Бусад орны эмэгтэй тамирчидтай харьцуулахад Түвшинжаргалын эх оронд Сүмо их алдартай спорт. Монголын сүмочид мэргэжлийн сүмогийн дэвжээг эзэгнээд олон жил өнгөрч байгаа бөгөөд энэ сард л гэхэд Хакүхо аварга сүмогийн түүхэн амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.

Монголчуудын хувьд бөхийн спорт уламжлалынх нь нэг хэсэг байсаар өнөөдрийг хүрсэн. Эрийн гурван наадмын нэг нь үндэсний бөх бөгөөд залуу тамирчид үндэсний бөхөөр хичээллэхийн зэрэгцээ сүмогийн дэвжээнд хөл тавих нь түгээмэл.

Г.Наранбатын хэлснээр Монголын сүмочид үндэсний бөхийн зарим нэг мэхийг мэргэжлийн сүмод нэвтрүүлж, олон зүйлийг өөрчилжээ. Сүмогийн хувьд ганц, хоёрхон секунд үргэлжлээд ялагч тодорч болдог байхад Монголын үндэсний бөхийн хувьд орон зай, цаг хугацааны хязгаар байхгүй. Зөвхөн зөв мэх хийж, байдлыг эргүүлж чадсан нь л давдаг.

Наранбат "Монгол бөхчүүд мэргэжлийн сүмод орохоос өмнө Япончууд зөвхөн түлхэлцдэг л байсан. Тиймээс л Монголын сүмочид өнөөдөр ийм амжилтад хүрч байгаа юм" гэж тайлбарлав.

Гэвч Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонирхогчийн сүмогийн тэмцээнийг чухалчилж үздэггүй болохоор эмэгтэй тамирчид бараг байдаггүйтэй адил болжээ. Бүр хүмүүс эмэгтэй сүмочид байдаг гэдгийг сонсоод гайхах жишээний. 

2018 оны Сүмогийн ДАШТ Түвшинжаргал охины хувьд хамгийн сүүлийн удаа өсвөр насны ангилалд өрсөлдөх сүүлийн боломж юм.

Тэгээд барилдааныг үзсэнийхээ дараа улам их гайхдаг аж. Түвшинжаргал "Намайг хүмүүс дэвжээн дээр байхдаа мангас л гэж боддог. Гэтэл би дэвжээнээс буугаад энгийн л нэг охин шүү дээ" гэсэн юм.

Охин бусдын л нэгэн адил өөрийн ирээдүйгээ сайхнаар төсөөлнө. Дунд сургуулиа өнгөрсөн зургадугаар сард төгссөн болохоор одоо ямар их сургуульд орж, ямар мэргэжил эзэмших вэ, гэдгийг сонгох гээд завгүй яваа аж. Хамгийн гол нь Түвшинжаргал охин мэргэжлийн сүмод хүч үзэх мөрөөдөлтэй.

Тэрээр "Би бүх зүрх сэтгэлээ сүмод өгсөн. Чинээнд нь тултал барилдахыг хүсэж байна" гэсэн юм. Сонирхогчдын хувьд ивээн тэтгэгч олддоггүй учраас охин сүмогоороо карьер хөөх эсэх нь эргэлзээтэй.

Монголын Засгийн газраас томоохон тэмцээн уралдаанд оролцсон тамирчдад мөнгөн урамшуулал олгодог хэдий ч жилдээ ганцхан болдог Сүмогийн ДАШТ-ээс үргэлж алтан медаль хүртлээ ч амьдралд хангалттай хүрэлцэхгүй.

Тиймээс охин өөрийнхөө тамирчны ур чадварыг жүжигчний сонирхолтойгоо хослуулж, алдарт жүжигчин Жеки Чан шиг болоход дургүйцэхгүй гэсэн юм.

Мэдээж хэрэг энэ боломжгүй зүйл биш. Монголын Сүмогийн аварга Уламбаярын Бямбажав хэд хэдэн телевизийн нэвтрүүлэгт орж байсан тохиолдол бий. Эсвэл охин цоо шинэ карьер бүтээж, эх орныхоо анхны эмэгтэй сүмогийн дасгалжуулагч ч болж болох юм.

Багийнхаа бусад тамирчдын адил Түвшинжаргал гэрийнхнээсээ санхүүгийн тусламж авдаг. Өвөө, эмээ нь телевизээр гардаг сүмогийн оронд ач охиноо харж баярладаг бөгөөд гэрийнх нь ханаар дүүрэн Түвшинжаргалын мавашитай зураг өлгөөтэй байдаг аж.

2018 оны Сүмогийн ДАШТ Түвшинжаргал охины хувьд хамгийн сүүлийн удаа өсвөр насны ангилалд өрсөлдөх сүүлийн боломж юм. Тэрээр 2016 оны Дэлхийн аваргын тэмцээнд Монголын эмэгтэй багийн гишүүнээр өрсөлдөж, багаараа мөнгөн медаль хүртэж байжээ.

Магадгүй охинд нэг л өдөр Олимпийн наадамд өрсөлдөх боломж гарахыг үгүйсгэхгүй. Эсвэл Сүмогийн дүрэмд өөрчлөлт орж, мэргэжлийн тамирчин ч болж болох юм. Түүний дасгалжуулагч Г.Наранбатаас энэ талаар асуухад "Хэрвээ мэргэжлийн сүмод барилдвал Түвшинжаргал заавал АВАРГА болно" гэж хариуллаа.

#sumo #mongolia #girl #dream