Лиса шинэ баримтат киногоо хийж эхэлжээ


Д.Дөлгөөн | YOLO.MN
УРЖИГДАР

Sony Music Vision Лисагийн амьдрал, карьерын тухай шинэ баримтат кино бүтээж байгаагаа зарлалаа. The Hollywood Reporter-ийн мэдээлснээр, уг баримтат киног найруулагч Сью Ким найруулж байна.

Одоогоор нэргүй байгаа энэхүү баримтат киноны нээлтийн огноогоо хараахан зарлагдаагүй ч BLACKPINK хамтлагийн өнгөрсөн жилийн завсарлагын хугацаан дахь Лисагийн хувийн амьдрал болон бие даасан уран бүтээлийг харуулах ажээ. Тус баримтат кинонд түүний “Alter Ego” нэртэй бие даасан цомгийн нээлт, мөн 4-р сард болсон Coachella наадмын тайзнаа анх удаа дангаараа гарсан тухай багтах гэнэ.

Товч дурдахад NME сэтгүүлд Кристал Белл Alter Ego-ийн тухай бичихдээ
Alter Ego нь Лисагийн бие даасан уран бүтээлчийн хувьд олон төрлийн өнгө аяс агуулсан, ичгүүргүй илэн далангүй, заримдаа үзүүлбэрийнхээ цаана төөрсөн мэт мэдрэмж төрүүлдэг. Alter Ego өөр өөр дүр төрхийг туршсан нь жинхэнэ Лиса одоо л бүрэлдэж эхэлж байгааг харуулж байгаа биз. Харин тэр өөрийнхөө замыг олсон цагт түүнийг зогсоох аргагүй болно.” хэмээн бичжээ.

Одоо хийгдэж байгаа энэхүү баримтат кино нь Лисагийн шүтэн бишрэгчдэд зориулан түүний уран бүтээлийн замнал, BLACKPINK хамтлагаас гадуурх бүтээлч байдлыг ойроос харуулсан бүтээл болох байна.

Энэ нь Лисагийн хоёр дахь баримтат кино ба анхны баримтат кино нь 2020 онд Netflix-д зориулан бүтээгдсэн BLACKPINK-ийн "Light Up The Sky" байв.

Найруулагч Сью Ким ирэх баримтат киноны тухай хэлэхдээ
“Би дэлхий нийт тайзнаас гаднах Лисаг хармаар байгааг түүнд ойлгуулахыг үнэхээр хичээсэн. Тэр өөрийгөө ‘Би Тайландаас ирсэн жирийн л нэг охин’ гэж хэлэх дуртай. Тэгээд уулзахад үнэхээр л тийм байдаг юм. Маш энгийн, өөрийнхөөрөө, сэтгэлтэй хүн. Гэхдээ тэр дэлхийн хамгийн алдартай одуудын нэг болж, үнэхээр итгэмээргүй байр сууринд хүрсэн ч тэр дундаас өөрийн замыг хайсаар л байна.”  гэв.

BLACKPINK хамтлаг завсарлага авсан хугацаандаа дөрвөн гишүүн тус тусын бие даасан карьертаа анхаарч эхэлсэн. Лисагийн хувьд өөрийн бие даасан уран бүтээлээс гадна HBO-гийн алдарт The White Lotus цувралын гуравдугаар улиралд Мук дүрээр жүжигчний гараагаа эхлүүлж олны анхаарлыг татсан.

Харин BLACKPINK хамтлаг тун удахгүй дахин нэгдэж Deadline нэртэй дэлхийн аялан тоглолтоо 7-р сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Тэд Өмнөд Солонгос, АНУ, Европ, Их Британи зэрэг орнуудад тоглох бөгөөд 8-р сард Лондон хотын Wembley цэнгэлдэхэд хоёр томоохон тоглолт хийхээр төлөвлөгдсөн. Мөн Азид тоглох шинэ огноонуудыг нэмж зарлаад байна.

Эх сурвалж: nme

#Лиса