“Өсвөрийн парламент” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна


YOLO.mn | YOLO.MN
2021-11-04

Өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний утга учиртай оролцоог дэмжих зорилго бүхий “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг УИХ-аас анх удаа үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Хөтөлбөрийг УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, УИХ-ын Тамгын газар Парламентын судалгааны хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, “People in Need” олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг улс орон даяар явуулсан аж. 9-11 дүгээр ангийн сурагчдын нийт 1000 гаруй хүсэлтээс 21 аймаг, есөн дүүргийн 76 төлөөлөл хүүхдийг шалгаруулжээ. Мөн хүүхдийн оролцооны улсын хэмжээний байгууллагуудын төлөөлөл 14 хүүхэд хамрагдсан байна.

Ингэснээр тус хөтөлбөрт нийт 90 сурагч оролцож байгаа аж. Тус хөтөлбөрийн нээлтийн үеэр эхний хичээлийг УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүний эрх ба ардчилал” сэдвээр заасан юм. Тэрээр “Нэг хүний эрх, нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Хүний эрхийн суурь бол бие биенээ хайрлан, хүндэтгэх явдал. Тиймээс нэг нэгнээ, эх дэлхийгээ хайрлаж, хүний эрхийг хүндэтгэе” хэмээн оролцогчдод уриалсан юм. Мөн НҮБ-ын суурин зохицуулагч ноён Тапан Мишра “Энэхүү хөтөлбөр бол хүүхдийн нас, төлөвшлийг харгалзан, үзэн бодлыг нь бүрэн ойлгох хэрэгцээ, харилцан хүндэтгэл дээр суурилсан, насанд хүрэгчид болон хүүхэд хоорондын мэдээлэл солилцох, ойлголцох гүүр юм. Тиймээс нийт шийдвэр гаргагчид хүүхдүүдийг анхааралтай сонсоорой, тэд бидний ирээдүй юм шүү” хэмээн хөтөлбөрийн талаар онцлон хэлсэн юм.

“Өсвөрийн Парламент” хөтөлбөр нь зургаан долоо хоногийн турш цахимаар үргэлжилж байгаа бөгөөд оролцогч сурагчдын төлөөллийн сэтгэгдлийг хүргэе.


О.ЭНХСАЙХАН: ОРОН НУТАГТАА ЗАЙ ХУРААГУУРЫГ НЭГДСЭН ЦЭГТ ТӨВЛӨРҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН

- Би Ховд аймгийн Лаборатори нэгдүгээр сургуулийн 10Б ангид сурдаг. Ховд аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүн юм. “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийн талаар фэйсбүүкээс мэдсэн. Өөрийгөө сорьж үзэхийн тулд энэхүү хөтөлбөрт хамрагдаж байгаа. Хөтөлбөрт хамрагдахын тулд гурван удаагийн сонгон шалгаруулалтад оролцлоо. Сонгон шалгаруулалтад оролцохын тулд судалгаа хийсэн л дээ. Судалгаа хийх явц ихээхэн таалагдсан. Учир нь мэддэггүй байсан олон шинэ зүйлсийг мэдэж авсан юм. Тухайлбал, сонгон шалгаруулалтын нэг хэсэг нь “Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд нөлөөлөх нь” сэдэвт эсээ бичих байлаа. Гэтэл энэ талаар төдийлөн мэдлэггүй байсан тул сайтар судалж, олон эх сурвалжаас мэдээлэл хайсан. Тэр хэрээр анхаарал хандуулах шаардлагатай зүйлсийн нэг юм байна хэмээн бодох болсон л доо. Энэ хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтийн талаар илүү гүнзгийрүүлэн мэдэх болсондоо баяртай байна. Хөтөлбөрийн хичээлүүддээ цахимаар оролцож байгаа. Мэдэж авсан зүйлсээсээ дурдъя л даа. Уур амьсгалын өөрчлөлт хүүхдийн эрхэд нөлөөлдөг эсэх, уур амьсгалын өөрчлөлтөд хувь хүн хэрхэн оролцдог, агаарын бохирдол гэж юу болох зэрэг экологитой холбоотой мэдлэгийг сурсан. Мөн парламент, сонгууль, улс төрийн оролцоо зэрэг төдийлөн сонирхож байгаагүй сэдвүүдийг ч цэгцтэйгээр ойлголоо. Энэхүү хөтөлбөрийн нэг хэсэг болоод явж буйдаа их баяртай байгаа. Учир нь зарим тохиолдолд сургуульдаа заасан хичээлийг ойлгохгүй байх тохиолдол бий. Тэдгээр ойлголтуудыг уг хөтөлбөрт оновчтой, нуршуу бус, ойлгомжтойгоор зааж буй нь сонирхолтой байгаа. Ойлгохгүй байсан зарим хичээлээ ч ойлгож эхэлсэн. Мөн нийт үе тэнгийн хүүхдүүдийн төлөөлөл болоод хөтөлбөрийн нэг гишүүн болсон болохоор их хариуцлагатай байх хэрэгтэй гэж бодож байна. Хүүхдүүдийн санаа бодлыг сонсож, томоохон асуудлын шийдвэрт бидний үзэл бодлыг тусгана гэж байгаад энэхүү хөтөлбөрийн гол учир утга нь оршиж байна хэмээн талархан оролцож байгаа. Бидний хувьд орон нутагтаа нэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ бол зай хураагууртай холбоотой. Зай нь бидний өдөр тутамд хэрэглэдэг зүйлсэд их бага хэмжээгээр оролцсон байдаг. Гэхдээ байгальд ээлгүй бүтээгдэхүүнүүдийн нэг шүү дээ. Тиймээс зайг нэг газарт төвлөрүүлэн цуглуулах ажлыг үе тэнгийнхэн, найзуудтайгаа санаачлан хийхээр төлөвлөж байна.


Б.ТӨМӨРХҮҮ: ХӨТӨЛБӨРӨӨС СУРСАН МЭДЛЭГ, МЭДЭЭЛЛЭЭ ХҮМҮҮСТ ТҮГЭЭНЭ

- Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын гүнзгийрүүлсэн сургуулийн 10А ангид сурдаг. Энэхүү хөтөлбөрийн талаар цахим орчноос мэдсэн. Улмаар ангийнхантайгаа ярилцсаны үр дүнд оролцох шийдвэр гаргасан юм. “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийн хичээлүүдэд цахимаар оролцож байгаа. Сурсан зүйлсээсээ дурдвал өнөөгийн дэлхийн дулаарал, уур амьсгалтай холбоотой мэдээллүүд, уур амьсгалын өөрчлөлт хэрхэн явагддаг, манай улсын уур амьсгал ямар түвшинд байгаа зэрэг ойлголтуудыг мэдэж авлаа. Хөтөлбөрийн даалгавар, төслүүд дууссаны дараа ангийнхандаа хөтөлбөрөөс сурсан зүйлсээ хуваалцаж, жижиг ч байсан хамаагүй ажлуудыг аймагтаа зохион байгуулна хэмээн төлөвлөж байгаа. Тухайлбал, уур амьсгал яагаад өөрчлөгдөж байгаа, өөрчлөгдөх гол шалтгаан, хувь хүмүүс үүний эсрэг хэрхэн тэмцэж болох зэрэг сэдвээр хэхэлцүүлэг, өдөрлөг зохион байгуулна хэмээн бодож байна. Энэ нь нийгэмд уур амьсгалын мэдээллийг чанартай хүргэх боломж гэж харж байгаа. Хөтөлбөрт оролцож байгаа хүүхдүүд нэг нэгэнтэйгээ өмнө нь уулзаж байгаагүй шүү дээ. Тиймээс нэгэнтэйгээ харилцахад жоохон төвөгтэй, хэцүү, сандарч, санаа зовох асуудал гарах болов уу гэж бодсон ч эсрэгээрээ байлаа. Нэгэнтэйгээ илүү нээлттэй харилцдаг, өөр өөрсдийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн туршлага, санаачилгатай, мундаг хүүхдүүд цугларсан байна. Тэднээс суралцаж, хамтран хөгжих боломжтой болсондоо баяртай байгаа. Уг хөтөлбөрийн нэг хэсэг болсноор олон зүйл суралцах давуу талтай. Нэгдүгээрт, нийгэмшиж сурна. Олон төрлийн зан ааштай, өөр өөр үзэл бодолтой хүмүүстэй танилцаж, харилцсанаар нийгмийн амьдралд тус болно гэж бодсон. Хоёрдугаарт, ямар сул талаа хөгжүүлэх боломжтойгоо таних юм. Үндэсний хэмжээнд явагдаж байгаа том хөтөлбөр учраас өөрийгөө илүү нээж, сул талаа давуу тал болгох боломж бүрдэнэ. Хүүхдийн хувьд өөрийн дуу хоолойгоо нийгэмд хүргэхийн тулд мэдлэг, судалгаа шаардлагатай. Тэр хэмжээгээр мэдсэн зүйлс минь хэтийн зорилгод маань их хувь нэмэр оруулах байхаа гэж бодож байна.


Б.НАРАНЦЭЦЭГ: “ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ” ХӨТӨЛБӨРӨӨР ДАМЖУУЛАН ХҮҮХДИЙН ДУУ ХООЛОЙ, ҮЗЭЛ БОДЛЫГ СОНСОЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА

- Би Завхан аймгийн Улиастай суманд амьдардаг. Нэгдүгээр сургуулийн 10А ангид сурдаг. Би Завхан аймгийн Скаутын бүлгэмийн гишүүн. Скаутын бүлгэмийн багшаасаа “Өсвөрийн Парламент”-ын талаарх мэдээллийг анх сонссон. Би их нийгмийн идэвхтэй хүүхэд л дээ. Нийгмийн идэвхтэй амьдрах нь сонирхолтой байдаг юм. Тиймээс хөтөлбөрт оролцохоор шийдэж, анкет бөглөсөн. Тэнцсэндээ их баяртай байгаа. Одоо бидэнд парламентын ойлголтын талаар болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хичээлүүд орж байгаа. Хичээлийн агуулгаас дурдвал хүний эрх, УИХ-ын бүтэц, шүүх засаглалын дараалал гэх мэт зайлшгүй мэдэх шаардлагатай зүйлсийг энгийн, ойлгомжтойгоор заалгалаа. Мөн уур амьсгалын өөрчлөлт сүүлийн үед ихээхэн мэдэгдэх болсон. Бид уур амьсгалын өөрчлөлт нэмэгдлээ гээд ярьдаг ч яг юунаас үүсэлтэйг тодорхой мэддэггүй. Тиймээс ямар арга хэмжээ авч, хувь хүний зүгээс юу хийх боломжтойг мэдэж авлаа. “Өсвөрийн Парламент”-ын нээлтэд оролцох их сонирхолтой байсан. Нийт өсвөр үеийнхний төлөөллийн үүргээ сайн биелүүлнэ гэж бодож байгаа. Удахгүй нөлөөллийн ажлууд хийж эхэлнэ. Сурч мэдсэн зүйлсээ сургууль болон аймгийнхаа хүүхдүүдтэй хуваалцана гэхээс тэсэн ядан хүлээж байгаа. Манай аймгийн хувьд тулгамддаг хамгийн том асуудлуудын нэг нь хог хаягдал юм. Хог хаягдлыг бууруулахтай холбоотой хэд хэдэн үйл ажиллагаа төлөвлөсөн хэдий ч цар тахлаас болоод хийж чадаагүй л дээ. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа зохиох боломж хомс учраас эхний ээлжинд сургуулийнхаа ахлах ангийн сурагчдад хог хаягдалтай холбоотой сургалтууд орно. Сургалтын сэдэв нь хог хаягдлыг ангилахын ач тус, үүнийг хэрхэн олон нийтэд түгээх талаар болон дахивар хог хаягдлын тухай гэх мэт асуудлуудыг шийдэх гарцын талаар байхаар төлөвлөсөн. “Өсвөрийн парламент” хөтөлбөр нь хүүхдийн дуу хоолой, үзэл бодлыг сонсож байгаад баяртай байна.


С.НОМУУН: “ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ” ХӨТӨЛБӨР БИДНИЙГ АЛИВААГ ХИЙЖ БҮТЭЭХ УРАМ ЗОРИГТОЙ БОЛГОЖ БАЙГАА

- Би "Хобби" бүрэн дунд сургуулийн 9Д ангид сурдаг. “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн талаарх мэдээллийг фэйсбүүкээс мэдсэн л дээ. Өөрийгөө сориод үзье хэмээн бодож, хөтөлбөрт хамрагдсан. Гурван удаагийн шатлалтайгаар сонгон шалгаруулалтыг явуулсан юм. Миний хувьд их хүнд санагдсан. Гэхдээ хөтөлбөрт тэнцсэнээ мэдээд их баярлаж байлаа. Одоо хөтөлбөрийн нэг хэсэг болоод суралцаад явж буйдаа баяртай байна. Миний хувьд хичээлүүдэд цахимаар оролцож байгаа бөгөөд багш нар маань ч хичээлээ гоё зааж байгаа. Парламентын үйл ажиллагаа, УИХ-ын талаар, ерөнхийлөгчийг яаж сонгодог, хууль эрх зүйн талаарх мэдлэг зэргийг хичээлийнхээ үеэр мэдэж авсан. Энэхүү хөтөлбөрийн нэг хэсэг болсондоо ихээхэн сэтгэл хангалуун байгаа. Учир нь багш маань хичээлээ сонирхолтой заадаг тул хэзээ ч уйдаж байгаагүй. Сурагч багш хоёрын хоорондын харилцан яриа, асуулт хариулт зэрэг нь хичээлээ идэвхтэй сурах гол зүйл болсон. Удахгүй бидний нөлөөллийн ажлууд эхэлнэ. Хурдхан л болоосой хэмээн хүсэж байгаа. Учир нь багийнхантайгаа нэгэн ажлыг хамтран хийнэ гэхээр их сонирхолтой санагдаад байгаа юм. Манай баг “Уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж болох вэ” гэх сэдэв авсан. Би ангийнхантайгаа хөтөлбөрөөс сурсан зүйлсээ их хуваалцдаг. Тухайлбал, хичээлийн сэдвүүдээ тайлбарлаж өгөх, уур амьсгал, экологитой холбоотой ойлголтуудыг ярилцах гэх мэтээр. “Өсвөрийн Парламент”-ын давуу тал нь биднийг туршлагатай, нөлөөлөгч, аливааг хийж бүтээх урам зоригтой болгож байгаа. Одоо сурсан зүйлсээ цаашдаа илүү хөгжүүлэхийг хүсэх болсон.

Эх сурвалж: Өглөөний сонин 

#Мэдээ #Өсвөрийн парламент