Сантад хаягласан захидал хаашаа очдог вэ?


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-12-12

Жил бүр Зул сарын баярыг угтаж дэлхийн өнцөг булан бүрээс сая сая хүүхдүүд /зарим томчууд хүртэл/ Санта руу захидал илгээдэг билээ. Тухайлбал, Францаас 1.7 сая, Канадаас 1.35 сая, АНУ-аас 1 сая гаруй захидал Санта руу илгээгддэг гэх тооцоо байдаг. Гэхдээ Умард туйл руу илгээгдсэн эдгээр захидлуудад яг юу тохиолддог бол?

ХҮҮХДҮҮД ЯАГААД САНТА РУУ ЗАХИДАЛ БИЧИХ БОЛСОН БЭ? 

Анх Зул сарын баяраар хүүхдүүдээс Санта руу биш, Сантагаас хүүхдүүдэд захидал ирдэг байжээ. 19-р зууны эхэн үед Санта ёс суртахууны бэлгэ тэмдэг байсан. Тийм ч учраас эцэг эхчүүд хүүхдүүдээ хүмүүжүүлэх, дутагдалтай зан аашийг нь засах үүднээс Сантагийн өмнөөс хүүхдүүддээ захидал бичдэг байсан байна.

Харин 1871 онд Thomas Nast өөрийн бүтээлдээ “Дүрсгүй хүүхдүүдийн эцэг эхээс”, “Сайн хүүхдүүдийн эцэг эхээс” хэмээн ангилан тавьсан захидлуудыг уншиж буй Сантаг дүрсэлсэн. Удалгүй хүүхдүүд өөрсдөө Санта руу захидал бичдэг болжээ.

АНУ-ын Шуудангийн газар байгуулагдахаас өмнө Америк хүүхдүүд Сантад бичсэн захидлаа шатаадаг байв. Учир нь үнс нь дэгдсээр Санта дээр очно хэмээн итгэдэг байсан аж.

100 гаруй жилийн өмнөөс АНУ-ын Шуудангийн газар хүмүүсийн Санта руу илгээсэн захидлыг хүлээж авдаг болжээ. Тодруулбал, 1912 онд АНУ-ын Шуудангийн газрын эрхлэгч Frank Hitchcock-ийн зөвшөөрлөөр тус шуудангийн ажилчид хүүхдүүд рүү хариу захиа илгээдэг болсон байна.

Жил бүр захидлууд сая саяараа ирж, ажилчдын ачаалал дааж давшгүй их болсон тул сайн дурын байгууллага болон албан газруудтай хамтран хүүхдүүд рүү бэлгийг нь явуулдаг болжээ.

Харин 2017 оноос эхлэн “Сантагийн үйл ажиллагаа” хэмээх сайн дурын үйл ажиллагаа нь цахим хэлбэрт шилжиж, нийт 7 хотын (Austin, Indianapolis, New York, Pheonix, Pittsburgh, San Diego, Washington) хүүхдүүдийн захидлыг уншаад хариу илгээж, сонгогдсон захидлын эздэд бэлэг явуулж эхэлжээ. Эдгээр 7 хотод амьдардаггүй бол шуудангаар дамжуулан захидлаа илгээх ч боломж бий. 

Мөн тэдгээр хотод оршин суугчид сайн дураараа элф болж Сантагийн захидал сонгоход тусалдаг аж.

Дашрамд дурдахад АНУ-д Сантад зориулан захидал бичдэг хүүхэд байвал ойр дотнынхон нь Сантагийн өмнөөс хариу өгч болох ба Умард туйлын марк авахад л хангалттай гэнэ шүү.

Эх сурвалж: Insider

#Санта #Захидал