Хэл сурахдаа гаргадаг нийтлэг 10 алдаа


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2025-05-29

Хэл сурна гэдэг сонирхолтойгоос гадна маш олон давуу талтай, нэн хэрэгцээтэй чадваруудын нэг билээ. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ хүмүүсийн хэл сурахдаа гаргадаг түгээмэл алдаа болон тэдгээрийг хэрхэн давтахгүй байх талаар зөвлөмжүүдийг хүргэж байна. 

1. Алдаа гаргахаас айх

Гадаад хэл сурч байгаа хүмүүсийн гаргадаг хамгийн нийтлэг алдаануудын нэг бол яах аргагүй алдаа гаргахаас айх юм. Өгүүлбэрээ буруу хэлэх, дуудлагаасаа ичих, хүмүүс намайг юу гэж бодох бол гэх мэт айдсуудаасаа болоод бид өөрсдийгөө бүрэн дайчилж чаддаггүй. Гэтэл ярихгүй, алдаа гаргахгүй бол бид хэрхэн сурч, ахих билээ дээ. 

Өөрийнхөө дуудлага, өгүүлбэрийн бүтцээс санаа зовохгүй ярьж байж л сайжрах учир бүхий л эргэлзээ, айдсаа ардаа орхиод ярьж байгаарай. Алдаа гаргахаас эмээхийн оронд “сайжрах” боломж гэж харж, тэмдэглэн давтсанаар бага багаар ахихад тус болно.

2. Заавал орчинд нь сурах ёстой гэж бодох

Ихэнх хүмүүс заавал гадаадад очиж эсвэл хэлний бэлтгэлд сууж байж хэлийг сайн сурах боломжтой гэдэг ташуу ойлголттой байдаг. Хэдий орчинд нь байх нь тухайн хэлээр зайлшгүй ярих хэрэгцээг бий болгож, өдөр тутмын хэрэглээг ихэсгэдэг ч гэлээ гадаадад ч очоод энд байгаа шигээ дүрэм, бүтэц зэргийг сурах шаардлагатай болно. Харин одоо интернэт, технологи хөгжиж буй энэ цаг үед гадаадад очих ч шаардлагагүй болж байна. 

Сурж буй хэл дээрээ кино үзэх, дуу сонсох, гадаад хүмүүстэй холбогдож ярих, youtube-ийн контентууд үзэх нь гадаадад очсонтой яг адил үр дүнг үзүүлэх болно.

3. Зөвхөн ном ашиглаж сурах

Хэдий дүрмийн ном, толь бичгүүд хэл сурахад нэн хэрэгцээтэй ч зөвхөн эдгээрийг ашиглаж сурвал бусад чадварууд болох бичих, ярих, сонсох, дуудлага гэх мэт нь хоцрогдох магадлалтай. Тухайн хэл дээрх кино болон контентуудыг үзэх нь таны үгийн баялаг, сонсгол, ойлголтыг сайжруулаад ч зогсохгүй тухайн улсын соёл, хэв маягтай танилцахад дөхөм болгоно. 


4. Тууштай бус байх

Хэл сурна гэдэг маш их цаг хугацаа, хичээл зүтгэл шаарддаг чадвар. Тиймээс тууштайгаар өдөр бүр эсвэл долоо хоног бүр хэлээ давтахад цагаа зориулж байж л харагдахуйц үр дүн гарна. Хэдэн сараас эхлээд хэдэн жил ч болж мэдэх учир хэт өндөр хүлээлт үүсгэхгүйгээр хэлээ давтсаар байх нь чухал юм.

5. Цээжилсэн үгээ ашиглахгүй байх

Бид тоо томшгүй их үг цээжилдэг ч долоо хоногийн дараа гэхэд л ихэнхийг нь мартчихдаг шүү дээ. Шинэ үгийг ганцааранг нь, яг л текст шиг цээжилснээс болж хурдан мартдаг. Тиймээс илүү сонирхолтой аргаар үгээ цээжлэх мөн цээжилсний дараа тухайн үгээ өгүүлбэрт оруулж ашиглах хэрэгтэй.

6. Зорилго тавихгүй байх

Тодорхой, бодитой зорилго тавьснаар сурах үйл явц илүү урамтай байхаас гадна үр дүнтэйгээр хурдан сайжирна. Зорилго тавихдаа хийж болохуйц, жижиг жижиг алхмаас эхлэх нь зүйтэй. Жишээлбэл 3 сарын дотор нэг түвшин ахина гэхийн оронд энэ сард 300 шинэ үг сурна эсвэл 2 дүрмийг асуудалгүй ашиглаж сурна гэх мэт.

7. Шууд утгаар нь орчуулах гэж оролдох

Хэл сурахдаа гаргадаг бас нэг нийтлэг алдаа бол өгүүлбэр, хэллэг бүрийг эх хэлээрээ шууд, үг үгээр нь орчуулах гэж хичээх явдал юм. Үүний улмаас тухайн хэлний утга, найруулга алдагдаж, буруу ойлголттой болох тохиолдол их. 

 

Хэл болгон өөрийн гэсэн өвөрмөц хэлзүй, үгийн холболт, хэлц үгтэй тул шууд орчуулах нь ойлгомжгүй, эвгүй сонсогдож мэднэ. Жишээлбэл, “I’m feeling blue” гэдэг нь “Би цэнхэр мэдрэмжтэй байна” гэсэн үг биш, харин гунигтай байна гэсэн утгатай хэлц үг юм. Иймд тухайн хэлний сэтгэлгээ, хэв маягийг ойлгож, үгсийг зөв контексттэй нь цуг сурах нь илүү үр дүнтэй байдаг. 

8. Зуршил болгохгүй байх

Өнөөдөр ихийг сурчихаад, маргааш нь ор тас мартдаг бол мэдлэг тархинд тогтохгүй. Хэл сурах гэдэг нь нэг өдөр ихийг хийх биш, өдөр бүр бага ч гэсэн тогтмол давтах үйл явц байдаг. Байнга хойшлуулах, "маргаашнаас л эхэлнэ дээ" гэдэг хандлага нь цаг хугацааны эрхэнд сурах хүсэл эрмэлзлийг бүрмөсөн алга болгодог. Өглөө шүдээ угаангаа үг цээжлэх, ажил сургуульдаа явах замдаа подкаст сонсох гэх мэт тухайн хэлээ амьдралынхаа өдөр тутмын дадалд хэвшүүлснээр нэг мэдэхэд л сурчихсан байх болно.

9. Өөрт тохироогүй арга барилаар сурах

Хүн бүрт өөрийн гэсэн өвөрмөц сурах арга барил бий. Зарим хүн бусдад тайлбарлаж байж ойлгодог бол зарим нь төсөөлөн бодож байж илүү сайн тогтоодог. Буруу арга барилаар сурах гэж хүчлэх нь таны сонирхлыг бууруулах магадлалтай. Өөрийнхөө сурах хэв маягийг олж, тохирох эх сурвалжийг сонгох нь хэл сурах аяллыг хамаагүй хялбар, сонирхолтой бас үр дүнтэй болгодог.

10. Өөрийгөө дутуу үнэлэх

Хэлний авьяасгүй, хэтэрхий оройтсон, эсвэл мартамхай гээд өөрсдийгөө доогуур үнэлэх нь эцэстээ бууж өгөхөд хүргэдэг. Хэл сурна гэдэг авьяас биш тууштай байдал, хичээл зүтгэл шаарддаг чадвар. Суралцах явцдаа өөрийгөө урамшуулж, жижиг амжилтуудаа ч тэмдэглэж чадвал боломжгүй зүйл гэж үгүй. 

#хэл сурах #зөвлөгөө