Кпопын эргэн тойронд: Хамгийн ХӨӨРХӨН эмэгтэй алдартнуудыг нэрлэжээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-04-05

YOLO.mn сайтын хамт олны зүгээс кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ХАМГИЙН ХӨӨРХӨН ЭМЭГТЭЙ АЛДАРТНУУДЫГ НЭРЛЭЖЭЭ

“TMI News” нэвтрүүлгээс кпопын хамгийн хөөрхөн эмэгтэй алдартнуудыг нэрлэжээ.

Тус нэвтрүүлгийн гуравдугаар сарын 31-ний дугаараар Өмнөд Солонгосын хамгийн хөөрхөн эмэгтэй алдартнуудыг нэрлэсэн бөгөөд  жагсаалтыг Red Velvet хамтлагийн ахлагч Irene тэргүүлсэн байна. Irene 1991 онд төрсөн ба 2014 онд Red Velvet хамтлагийн гишүүн болжээ. Тэрээр зөвхөн дуучин бус жүжигчин бөгөөд хөөрхөн төрхөөрөө алдартай нэгэн юм.

Харин жагсаалтын хоёрдугаар байранд BLACKPINK хамтлагийн Jennie орсон бол гуравдугаар байранд Girls’ Generation хамтлагийн YoonA оржээ.

BAEKHYUN ЦЭРЭГТ ЯВНА

EXO хамтлагийн гишүүн Baekhyun төрсөн өдрөөрөө цэрэгт явахаар болжээ.

Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр SM энтертайнментаас, “Baekhyun тавдугаар сарын 6-ны өдөр цэрэгт явахаар боллоо. Тусгай үйл ажиллагаа хийхгүй учраас цаг болон газрыг зарлах боломжгүй” гэжээ. Харин Baekhyun-ий зүгээс:

- “Өнөөдөр үнэхээр үүлэрхэг байгаа болохоор та нарт сайхан мэдээ дуулгая гэж бодлоо. Хамгийн түрүүнд та нарт хэлмээр байна. Би өнөөдөр цэргийн зарлан хүлээж авсан. Мэдээж хэрэг хэдүүлээ үүрд хагацаж байгаа юм биш шүү. Тийм болохоор дараа нь намайг хүлээж уйдахгүйн тулд цэрэгт явах хүртэл надтай хамт олон зүйл хийж, цагийг хамтдаа өнгөрүүлцгээе. Би илүү их хичээх болно. Хүн хүлээх ямар хэцүү байдгийг мэдэх болохоор намайг хүлээгээрэй гэхийн оронд хайртай шүү гэж хэлмээр байна” гэжээ.  

HARPER’S BAZAAR СЭТГҮҮЛ ДЭЭРХ LISA-ГИЙН ЗУРГИЙГ WEIBO СҮЛЖЭЭНЭЭС УСТГАЖЭЭ

BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa БНХАУ-ын Harper’s  Bazaar сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт гарсан байна.

Lisa сүүлийн үед БНХАУ-д хамгийн алдартай кпоп оддын нэг болоод байгаа юм. Тэрээр “Youth With You” нэвтрүүлгийн хоёр болон гуравдугаар улирлын ментороор ажилласан бөгөөд энэ сард Harper’s Bazaar сэтгүүлийн нүүрийг чимжээ. Тус сэтгүүлийн зургууд олон нийтийн сүлжээнд тавигдсан боловч төд удалгүй Weibo сүлжээнээс устсан аж.

Маш олон хүмүүс Lisa-гийн зургууд яагаад устсаныг гайхсан боловч Harper’s Bazaar сэтгүүлээс ямар нэг тайлбар хийгээгүй тул шүтэн бишрэгчид нь хэд хэдэн таамаг дэвшүүлжээ. Сүүлийн үед БНХАУ-ын иргэд H&M, Adidas, Nike гэх мэт брэндүүдийг бойкотлож эхэлсэн бөгөөд BLACKPINK  хамтлаг нь Adidas брэндийн нүүр царайгаар ажилладаг учраас Lisa-г мөн бойкот хийсэн байж болзошгүй хэмээжээ.

SEULGI ХӨГЖМИЙН НЭВТРҮҮЛГИЙН ХӨТЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА

Red Velvet хамтлагийн гишүүн Seulgi “The Wise Music Encyclopedia” хэмээх шинэ хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллахаар болжээ.

“The Wise Music Encyclopedia”  нэвтрүүлэг нь SBS телевизийн “Legendary Stage Archive K” нэвтрүүлэгтэй холбоотой бөгөөд үүгээр хөгжмийн түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан хүмүүсийн тухай ярилцах юм байна. Тус нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болсон Seulgi:

- “Намайг төрөхөөс ч өмнөх үеийн дуу хөгжим, уран бүтээлчдийн тухай түүхүүд маш их сонирхол татаж байна. Мөн тэдгээр уран бүтээлчдийн амьдрал надад маш том туршлага болж үлдэнэ гэж найдаж байна” гэжээ.

Энэхүү нэвтрүүлэг нь Urigayo хэмээх YouTube сувгаар долоо хоног бүрийн баасан гарагт цацагдах аж.

RBW: MAMAMOO ХАМТЛАГ ТАРАХГҮЙ

MAMAMOO хамтлагийн гишүүд гэрээгээ сунгах эсэх нь олон хүний анхаарлыг татаж байгаа юм.

Энэ оны эхээр тус хамтлагийн Solar, Moonbyul нар RBW энтертайнменттай хийсэн гэрээгээ сунгасан бол Hwasa болон Wheein нар гэрээний тухай асуудлыг нухацтай ярилцаж байгаа гэсэн хариу өгч байжээ. Харин гуравдугаар сарын 30-ны өдөр Hwasa гэрээгээ сунгахаар шийдсэн бөгөөд RBW энтертайнментийн зүгээс:

- “MAMAMOO хамтлагийн гишүүн Hwasa бидэнтэй хийсэн гэрээгээ сунгалаа. Урт удаан хугацааны турш хамт байж, бидэнд итгэсэн Hwasa-гийн хамтлагийн цаашдын үйл ажиллагаа төдийгүй бие даасан үйл ажиллагааг ч бүрэн дүүрэн дэмжих болно” гэжээ.

Харин хамтлагийн гишүүн Wheein гэрээгээ хараахан сунгаагүй байгаа ч RBW энтертайнментаас, “Бид  одоогоор Wheein-тэй гэрээний тухай ярилцаж байгаа. Мөн MAMAMOO хамтлаг тарахгүй гэдгийг мэдэгдье. Та бүхэн MAMAMOO хамтлагийн цаашдын үйл ажиллагааг дэмжээрэй” хэмээжээ.

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд