Монголын үндэсний дээд лигийн шигшээ цуврал 4:2 харьцаатай өндөрлөж Хасын Хүлэгүүд 9 дэх удаагаа аваргын цомыг өргөлөө. Энэ жилийн аварга баг 2025-2026 оны улиралд Зүүн Азийн супер лигт оролцох тул ийнхүү Хүлэгүүд баг тус лигт тоглох болзлоо хангалаа.
Мөн шигшээ цувралын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор Иан Миллер тодорлоо. Мөн Азбаяр 16 оноо, 11 самбар 2 хаалт хийж тус тоглолтын шилдгээр тодров.
Энэ жилийн аварга баг 2025-2026 оны улиралд Зүүн Азийн супер лигт оролцох бөгөөд энэхүү лигийн гүйцэтгэх захирал Хенри Керинс МСБХ-ны ерөнхийлөгч Г.Батцэнгэлд батламжийг гардуулан өгсөн юм.
Тэгвэл лигт түрүүлсэн Хасын Хүлэгүүд баг ирэх улиралд Зүүн Азийн супер лигийн “B” хэсэгт Япон, БНСУ, Филиппиний лигийн аваргуудтай багтах юм. Багууд хэсгийн шатанд зургаа тоглохдоо гурвыг нь талбайдаа хүлээн авах бол гуравт нь өрсөлдөгчийнхөө талбайд зочлох юм. Өнгөрсөн улиралд тус лигт 10 баг тоглож байсан бол 2025-2026 онд Монгол, Японы баг нэмэгджээ. Ингэснээр 12 баг дөрөв дөрвөөрөө гурван хэсэгт хуваагдаж тоглоно.
Тус лигт Японы “В” лиг, Солонгос, Хятад, Тайвань, Монгол, Макао, Хонконг, Филиппиний дээд лигийн шилдгүүд өрсөлдөх юм. Зүүн Азийн супер лигийн шинэ улирлын тоглолт ирэх 9-р сарын 27-нд эхлэх бөгөөд хэсгийн шатны нийт 42 тоглолт болно. Харин Монголын лигийн аваргууд эхлээд 10-р сарын 7-нд Филиппиний лигийн дэд аваргаар тодорсон багийн талбайд зочилно. Харин 11-р сарын 5-нд Солонгосын лигийн аваргыг талбайдаа хүлээн авах хуваарь гарчээ.
Зүүн Азийн супер лигийн 2024-2025 оны улирлын шууд дамжуулалтыг 192 сая хүн үзсэн гэх статистик байгаа юм.
Эх сурвалж: Montsame, Primier sports network
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!