Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (04.26-05.02)


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-04-23

Улаанбаатар хотод хатуу хөл хорио хэрэгжиж эхлээд хоёр долоо хоног болох гэж байна. Хөл хориог сунгах эсэх шийдвэр гараагүй байгаа ч үүнээс үл хамааран бүхий л цагт өөрийгөө хөгжүүлээрэй хэмээн ирэх долоо хоногт зохион байгуулагдах арга хэмжээ, уралдаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэе.

СУРГАЛТ

1. ӨӨРТЭЙГӨӨ БОЛЗОХЫН ГАЙХАМШИГ!

Хэзээ: Тавдугаар сарын 6-ны 20 цагт

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: “Edu Grow” онлайн сургалт

Үргэлжлэх хугацаа: 1+ цаг

Тайлбар: Амьдрал биднийг өнгөрсөн, одоо, ирээдүйгээ эргэцүүлэхийг үе үе анхааруулж сануулдаг ч, бид завгүй хэмээн зугтаж, завтай үедээ ч өөрийгөө сонсож, өөртэйгөө “болздоггүй” нь олон. Сэтгэл санаа тавгүй, ажил үйлс нэг л бүтэхгүй байгаа үед хэсэг амсхийгээд өөртэйгөө ярилцах цаг гаргах нь ажлын бүтээмжийг нэмдэг. Түүнчлэн өөрийгөө ойлгож чаддаг хүн бусдыг ч хурдан ойлгох нь тодорхой юм. Та уг сургалтад хамрагдсанаар хэсэг хором ч болов өөртэйгөө ярилцаж, жинхэнэ өөрийгөө таньж мэдэх боломжтой.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2. ЗАЛУУЧУУДЫН ЧӨЛӨӨТ АЛХАЛТ

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 27-ны 13 цагт

Хаана: Эрх чөлөөний талбайгаас Сүхбаатарын талбай руу алхана.

Зохион байгуулагч: “Цэнхэр давлагаа” хөдөлгөөн

Үргэлжлэх хугацаа: 1+

Тайлбар: Хөл хорио дуусахаар ганган хувцсаа өмсөж, үеийн залуучуудтайгаа хууч хөөрөн алхмаар байна уу. Дөрөвдүгээр сарын 27-нд амны хаалтаа зүүж, зайгаа барин, загварлаг хувцаслаж, сэтгэлийн үгээ бичсэн уриа лоозон бариад их хотоо “өнгөлөх” боломжтой шүү.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

УРАЛДААН ТЭМЦЭЭН

3. ХҮҮХДИЙН УРАН ЗУРГИЙН УЛСЫН УРАЛДААН

Бүтээл хүлээн авах хугацаа: Тавдугаар сарын 22-ны 18 цаг хүртэл

Зохион байгуулагч: “Монгол арт” галерей

Тайлбар: Сэдэв чөлөөтэй ба Монгол орныхоо дахин давтагдашгүй байгаль, үндэсний ёс заншил, ахуй амьдралыг тусгасан байна. Уралдаан 5-8, 9-12, 13-16 гэсэн гурван насны ангилалтай бөгөөд сурагчдаа амжилттай удирдаж, шагналт байранд оруулсан, шилдэг оролцоотой гурван багшийг ч мөн шалгаруулах юм.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

4. МОНГОЛ БАНКНЫ НЭРЭМЖИТ “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ"

Бүтээл хүлээн авах хугацаа: Тавдугаар сарын 13-ны 17 цаг хүртэл

Зохион байгуулагч: Монгол банк

Тайлбар: Эдийн засаг, санхүү болон статистикийн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг оюутан, судлаачдыг дэмжих зорилготой уг тэмцээн хоёр үе шаттай. Нэгдүгээрт, зохион байгуулах комисс бүтээлийг хэвлэмэл болон файл хэлбэрээр хүлээн авч дүгнэнэ. Хоёрдугаарт, Монгол банк болон гаднын төлөөлөгчдөөс бүрдсэн баг шүүж дүнг гаргах ба шалгарсан бүтээлүүдийг Монгол банкны албан ёсны сайт, цахим сувгуудаар олон нийтэд түгээх аж.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе