Yap Trapping гэж юу вэ?


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
УРЖИГДАР

Та "yap trapping" гэх үгийг сонсож байсан уу? Энэ нь нэг хүн бүх яриаг өөртөө төвлөрүүлж, танд ярих боломж өгдөггүй нөхцөл байдлыг хэлдэг. Эдгээр хүмүүс заримдаа яриагаа хэт удаан үргэлжлүүлж, бусдын бодол мэдрэмжийг хуваалцах боломжийг бүрэн үгүй хийдэг.

Хамгийн сонирхолтой нь "yap trapping" зарим тохиолдолд сэтгэлзүйн манипуляци болж хувирдаг. Ярианыхаа өнгө аясаар тухайн хүн өөрийн хүссэн байдлаар яриаг өрнүүлж, бусдыг өөрийн байр сууринд оруулахыг оролддог. Тухайн хүн зөвхөн өөрийгөө ярьсаар байгаад харилцагчаа орон зайгүй болгож, харилцааны дотно байдлыг хаачихдаг.

Яагаад yap trapping сөрөг нөлөөтэй вэ?

Yap trapping нь зөвхөн нэг хүнд төвлөрсөн яриа биш. Энэ нь бусдыг мэдрэхгүй, хүндлэхгүй байгааг илтгэдэг. Үүний улмаас бусдын мэдрэмжийг үл тоомсорлож, өөрийн байр суурийг тулган "би" гэсэн его төвтэй хандлага руу хөтөлдөг.

Yap trapping дотно харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Ихэнх хүмүүс хэлдэг шүү дээ. Нэг нь сонсогч, нөгөө нь илүү яриа байвал харилцаа дотно байдаг гэж хэлдэг. Хэдийгээр зарим талаар үнэн байж болох ч нэг нь дуугүй сонсогч байхад нөгөө нь яриасаг хүн байх нь заримдаа харилцаанд тэнцвэргүй байдлыг үүсгэдэг. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилбэл харилцаа хурдан хөндийрөх талтай.

Учир нь “Харилцан мэдээлэл солилцох орон зай байхгүй болдог.” гэж доктор Cohen хэлжээ. Тэрээр нэмж хэлэхдээ “Хоёр тал хоёулаа нэгнийгээ сонсож байх нь бат бөх харилцааг бий болгодог.” гэжээ.

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Ижил ярилцах, сонсох: Болзоонд эсвэл найзтайгаа ярихдаа өөрийгөө бүрэн илэрхийлэх нь чухал. Гэхдээ үүний зэрэгцээ нөгөө хүнийхээ бодол, мэдрэмжид анхаарал хандуул. Ярианыхаа 50%-ийг өөртөө, 50%-ийг түүнд зориулах хэрэгтэй.

Асуулт асуух дадалтай болох: Ярилцаж буй хүнээс "Чи юу гэж бодож байна?", "Чамд тэгэхэд ямар санагдсан бэ?" гэх мэт асуулт асуух нь харилцааг илүү тэнцвэртэй байлгана.

Яриагаа түр зогсоон сонсох: Яг одоо ярьж байгаа бол хэсэгхэн завсарлаад, "Чи энэ талаар юу гэж үзэж байна?" гэх мэт  нөгөө хүний үзэл бодлыг өөрийн ярьж буй сэдэвтэйгээ холбон асууж хариултыг сонсох.

Yap trapping хүнийг шүүмжилж биш, ойлгуулж ярих: Хэрвээ та yap trapping-д өртсөн гэж мэдэрч байвал “Чи үргэлж ярьж байгаа нь намайг анхаардаггүй юм шиг мэдрүүлдэг” гэж биш харин “Чиний яриаг сонсох дуртай ч, би ч бас өөрийгөө хуваалцмаар байна” гэх мэт зөөлөн хэлбэрээр асуудлаа илэрхийлээрэй.

Хэрвээ та өөрөө yap trapping төрлийн хүн бол сонсогчийн байр суурийг ойлгон, өөртөө хэрэгжүүлэх хэрэгтэй шүү. Илүү асуулт асууж, бусдын хэлсэн зүйлд анхаарал тавьж, идэвхтэй сонсох нь хариу үйлдлийг хурдан өөрчлөхөд тусална.

Харилцаанд 2 талын ярих тэнцвэрийг үүсгэж чадсанаар аливаа асуудлыг маргаангүй хурдан шийдэж чадна. Мөн  бат бэх, итгэлцэл дээр тулгуурласан удаан хугацааны эрүүл харилцааг үүсгэж чаддаг гэх мэт олон давуу талтай юм шүү.

Эх сурвалж: vice.com

#yap trapping #зөвлөгөө