С.Ундрах: PUBG тоглоом гэхээсээ илүү дэлхийн хэмжээний спорт болсон


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2021-01-19

Цахим спортын нэг төрөл болох PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (PUBG Mobile Global Championship) Монголын ZEUS ESPORTS баг оролцож байна.

PUBG Mobile Global Championship нь энэ сарын 21-24-ны хооронд АНЭУ-ын Дубай хотод байрлах 17 мянган хүний суудалтай Coca-Cola цэнгэлдэх хүрээлэнд болно.

Дэлхийн шилдэг 16 багийн нэгээр нэрлэгдэж улс орныхоо нэрийг дэлхийд алдаршуулж буй ZEUS ESPORTS багийн ахлагч С.Ундрахтай ярилцлаа.


YOLOЮун түрүүнд та өөрийгөө болон өмнөөс нь ярилцлага өгч байгаа багийнхныгаа дэлгэрэнгүй танилцуулна уу?

- Намайг Сүхбаатарын Ундрах гэдэг. ZEUS ESPORTS багийг хоёр жилийн өмнө үүсгэн байгуулсан. Багийн хувьд 6-7 гишүүнтэйгээр тэмцээн уралдаанд оролцдог. Гишүүдээс танилцуулбал RONIN буюу О.Бат-Оргил, ZYOL буюу Б.Золбоот, ICY буюу Б.Тэнгис, UNDAAK буюу С.Ундрах, ABELY буюу Н.Дулаанжаргал, Godless буюу Б.Билгүүн гэсэн 16-25 насны залуус байна. Багийн гишүүн бүр тус тусын үүрэгтэйгээр оролцдог. 

YOLOЭнэ удаагийн тэмцээнд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явсан бэ?

- Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд үндсэн дөрвөн тоглогч (ZYOl, ICY, ABELY, GODLESS) болон менежер М.Бат-Эрдэнэ гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй явсан. Би одоогоор Япон улсад багийн арын албыг хариуцаж дасгалжуулалтад анхаарч ажиллаж байна. Ажлын шалтгааны улмаас багийнхантайгаа хамт явж чадахааргүй болсон. Мөн Ronin паспортын асуудлын улмаас явж чадаагүй.

YOLOОдоо оролцож байгаа тус “PUBG Mobile Global Championship” нь ямар учиртай тэмцээн бэ?

- PUBG Mobile Global Championship-д орохын тулд багууд маш олон бүсэд хуваагдаж тоглодог. Манай улс 13 орон бүхий “Wildcard” бүсэд харьяалагддаг. Шалгаруулалтын тэмцээн нэг сарын турш болоод шалгарсан таван баг нь Хятадын 10 багтай тоглодог. Үүнээс ердөө нэг баг л дэлхийн аваргад явах эрхээ авдаг. Одоо дэлхийн аваргад оролцож буй 16 баг нь ерөнхийдөө өөр өөр бүсээс ирсэн шилдгүүд бөгөөд Хятадаас хоёр, Туркээс хоёр баг шалгаран оролцож байна. 

YOLOТэмцээний шагналын сан 1,3 сая ам.доллар гэсэн. Нэгдүгээр байранд орсон баг хэдэн хувийг нь авах вэ?

- Шагналын сангийн хувьд нийт 16 багт 1,3 сая ам.долларыг хувааж өгнө. Нэгдүгээр байранд орсон баг 700 мянган ам.доллар (1.9 тэрбум төгрөг) авах ба түүнээс доогуур байр эзэлсэн багууд харьцангуй бага мөнгө авна. 


YOLOМонголоос Дубай явахад хүндрэлтэй байв уу? УОК хэрхэн хүлээж авсан бэ?

-Дубай явах визийн тал дээр ямар нэг асуудал байгаагүй. Харин цар тахлын үе учраас нислэг байхгүй, ерөнхийдөө боломжгүй байсан гэж хэлж болно. Гэтэл жүдогийн тамирчид Катарын Доха хот руу тэмцээнд явж таараад бидэнд Дохагаас дамжин Дубай явах боломж гарсан. Монголын E-Sport-ын холбоотой хамтран УОК-д хүсэлтээ өгөөд шаардлагатай шинжилгээндээ орон, бүх зүйлээ журмын дагуу хийсний эцэст тэмцээндээ явсан. 

YOLOТэмцээний зардлыг хаанаас гаргасан бэ? Танайх байнгын ивээн тэтгэгчтэй юу?

-Онгоцны билет, тэмцээн дуустал байрлах байр зэргийг тэмцээний зохион байгуулагчид хариуцаж буй. Харин буцах нислэг гартал бид Дубай хотод хэсэг хугацаанд саатах тул тэр зардлыг өөрсдөө гаргаж байна. Яг зуун хувь ивээн тэтгэсэн байгууллага үгүй. Гэхдээ мэдээж тодорхой хэмжээнд тусалж байгаа байгууллагууд бий. Бид цаашдаа хамтарч ажиллах ивээн тэтгэгч хайж байгаа шүү.

YOLOБагийн хувьд анх яаж нэгдэж бий болсон бэ?

-Хоёр жилийн өмнөх бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Олон тамирчид солигдсон. Багт тоглож байгаа хүмүүсийг би өөрөө ярилцсаны эцэст сонгож авдаг. Манай тоглогчид бүгдээрээ л Монголдоо шилдэгт орох залуучууд.

YOLOТа PUBG-гаар хэр удаан хичээллэж байна вэ?

-Анх сонирхогчийн түвшинд тоглож байсан ч яваандаа мэргэжлийн спорт чиглэлээр нь бэлтгэл хийх болсон. Ойролцоогоор гурван жилийн өмнөөс л хичээллэсэн дээ. 

YOLOГэр бүл, дотнынхон нь хэрхэн дэмждэг вэ? 

-Гэр бүл ялангуяа, эхнэр маань их дэмждэг. Учир нь PUBG бол тоглоом гэхээсээ илүү дэлхийн хэмжээний спорт болтлоо хөгжчихсөн. 


YOLOМонголд E-Sport-ын хөгжил, тэр дундаа PUBG Mobile орж ирээд удаагүй. Тэгэхээр бусад спорттой харьцуулахад хүмүүс зөвөөр хүлээж авах нь харьцангуй бага байдаг. Анх хичээллэж эхлэхэд нь хүмүүс ойлгохгүй байх зэрэг бэрхшээл байсан болов уу?

- Монголд ер нь тиймэрхүү хандлагатай байдаг. Ихэнх хүмүүс утасны тоглоом мэтээр үзэж, донтогч гэж хардаг. Хэрэв E-Sport талаас нь хараад цагийг зөв зохицуулаад тогловол амжилтад хүрэх бүрэн боломжтой.

YOLOМонголд PUBG Mobile-г маш олон хүүхэд, залуус тоглож байна. Тэдэнд та бүхэн шиг тэмцээн уралдаанд оролцож, лигүүдэд тоглох боломж ямар байдаг вэ? Энэ түвшинд очихын тулд юу хийх хэрэгтэй вэ?

- Боломж маш өндөр. Учиргүй өдөр шөнөгүй тоглоод байхгүйгээр өөртөө зорилт тавиад зохион байгуулалттай болох хэрэгтэй. Мэдээж багаар ажилладаг тоглоом тул багаа бүрдүүлээд зохион байгуулах чадвартай хүнтэй хамтраад ажиллавал бүрэн боломжтой.

YOLOPUBG Mobile-н тэмцээнүүд Монголд хэр олон зохиогддог вэ?

- Тоглоом гарснаас хойш Монголд маш олон тэмцээн зохиогдож эхэлсэн. Тэмцээн болгон нь тодорхой хэмжээний такс, шагналын сантай. 

YOLODota 2, CSGO зэрэг E-Sport-ын тэмцээнүүдэд хоёр баг хоорондоо нэг талбайд тоглох маягаар өрсөлддөг шүү дээ. Тэгвэл PUBG-гийн хувьд battle ground төрлийн тоглоом учраас тэдгээрээс өөрөөр зохиогддог байх тийм үү?

- Олон Улсын тэмцээнд ихэвчлэн 16 багийн 70 гаруй тоглогч нэг room-д орж тоглодог. Хамгийн сүүлд zone-доо амьд үлдсэн баг нь ялдаг. PUBG Mobile-н дөрвөн map дээр ээлжлэн тоглож оноогоо авдаг. 


YOLOPUBG Mobile-аас гадна компьютерын хувилбар нь байдаг шүү дээ. Танай баг компьютерын төрлөөр нь тоглоно гэж бодож байсан уу?

- Бид сонирхогчийн түвшнээсээ эхлээд mobile төрлөөр тоглосон тул энэ чиглэлээрээ явахыг зорьсон. Компьютерын төрөл дээр Азийн тэмцээн уралдаанд оролцдог Монголын шилдэг багууд байдаг.

YOLOМэргэжлийн түвшинд тоглож эхэлснээр амьдралд нь ямар нэг өөрчлөлт гарсан уу?

- Өөрчлөлт гарсан. PUBG Mobile нь ижил спорт дундаа шагналын сан өндөртэйд тооцогддог. Жишээ нь манай баг гэхэд одоогоор 70 гаруй сая төгрөг олоод байна. Дэлхийн аваргын тэмцээний амжилтаар орлого бас нэмэгдэнэ. 

YOLOБусад E-Sport-той харьцуулахад ивээн тэтгэгчтэй болоод тогтмол хичээллээд явбал PUBG нь амьдралаа аваад явах боломжтой спорт уу?

- Бидний хувьд боломжтой гэж хардаг. Гадаадын багууд ивээн тэтгэгчтэй, цалинтайгаар өндөр түвшинд тоглодог. Бид олон байгууллагатай холбогдож үзсэн ч Монголын хувьд ойлгох нь хэцүү. Харин бидэнд гадаадын байгууллагуудаас олон удаагийн хүсэлт ирсэн. Жишээ нь 40 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийе, манай улсын нэр дээр тоглооч гэж асууж байлаа. Гэхдээ бид Монголын нэр дээр тоглоно гээд зорьсон байгаа учраас тэр хүсэлтүүдээс татгалзсан. 

YOLOPUBG-гаар хичээллэхэд хэр их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдаж байна вэ?

- Мэдээж багаар ажилладаг тоглоом учраас цаг хугацаа маш их орно. Хөрөнгө мөнгө ч шаардагдана. Манай баг гэхэд хоёр жилийн хугацаанд олсон орлого шигээ зардал гаргасан байна.


YOLOДэлхийн аваргын дараа ямар тэмцээн уралдаанууд хүлээж байна вэ?

- Дэлхийн аварга дуусгаад 2021 оны дэлхийн аваргын сонгон шалгаруулалт эхэлнэ. Бид энэ жил шилдэг 16 багт багтаж тоглосон учир тус сонгон шалгаруулалтад урилгаар оролцоно. Мөн дэлхийн аваргад орж байгаа баг учраас томоохон лигүүд, tournament-уудад тоглох урилгууд ирсэн.

YOLOМонголд энэ спортыг хөгжүүлэх чиглэлээр юу хийнэ гэж боддог вэ?

- Бид Монголдоо PUBG mobile-н хэд хэдэн тэмцээн зохиож байсан. Нийгэмд энэ спортыг зөв талаас нь ойлгуулах зорилго бий. Дэлхийн аваргын тэмцээнээ дуусгаад хавраас 10 сая төгрөгийн шагналын сантай ZEUS ESPORTS Tournament тэмцээнээ гурав дахь жилдээ зохиохоор төлөвлөж байна. Дэлхийн аваргад яваад ирсэн учраас цар хүрээ өргөнтэй зохионо.

YOLOЦаг гарган ярилцсанд баярлалаа. Бидэнтэй холбоотой байгаарай.

- Та бүхэнд ч мөн E-Sport-ыг ойлгон нийгэмд таниулах ярилцлага авч байгаад баярлалаа.

Тус багийн Youtube дэх албан ёсны хуудсаар дамжин орж Дубайгаас хийсэн vlog бичлэгийг үзэх боломжтой.

#Залуус #Ярилцлага #Тоглоом #Esport