Чи найзыгаа сайн мэдэх үү?


Үжин | YOLO.MN
2016-04-28

Хүнд олон төрлийн л найз байдаг. Тэдэн дундаас дотны гэх тодотголтой найз хамгийн чухал байр суурийг эзэлдэг.

Гэхдээ дотны гээд байгаа хүн чинь чамайг ямар нэгэн буруу зүйлд уруу татаж, түүнээсээ болж хичээлдээ муудаж, эцэг эхтэйгээ харьцах харьцаа чинь таагүй болоод байгааг чи өөрөө ч мэдэлгүй явж байж мэднэ.

Нэг үгээр уруу татагдаж байгаа хүн өөрийгөө хөндлөнгийн хүний нүдээр харахаас нааш буруу зүйл рүү хөтлөгдөж байгаагаа тэр бүр анзаардаггүй. Харин үүнийгээ “галзуу нөхөрлөл” гэж буруу ойлгох нь бий. Тэгвэл дараах шинж чанарыг агуулсан хүн чиний найз биш харин өөрийн хийх муу зүйлд чамайг хань татдаг уруу татагч гэдгийг санаж ав.

  • Чиний үзэл бодлыг үл хүндэтгэн өөрийнхөө саналыг тулгаж буруу зүйл рүү чиглүүлдэг бол,

  • Эцэг эх чинь дургүйцэж байгааг үл ойшоон оройн цагаар чамайг дагуулан байнга гадуур сэлгүүцдэг бол,

  • Чамд бусдыг дээрэлхэх, тамхи татах, согтууруулах төрлийн зүйлс уух зэргийг зааж өгч байгаа бол (чи үүнийг галзуу нөхөрлөл гэж бодож болох ч чи уруу татагдаж байна),

  • Охид/хөвгүүдтэй эрт бэлгийн харьцаанд орохыг өөгшүүлэн ярьж, чамайг мөн тэгэхийг ятгаж байгаа бол,

  • Ямар нэгэн зүйлийг худал ярьж аргалахыг зөвлөж байгаа бол,

  • Хэцүү цагт чинь тоохгүй байж өөрийн асуудалд чамаас тусламж хүсэж, зугаа цэнгэлд дууддаг бол

  • Хичээлийг чинь таслуулж хамтдаа өөр зүйл хийхийг шаардаж байгаа бол тэр чиний уруу татагч найз юм байна. Тиймээс эртхэн түүнээс харьцаагаа таслахыг бодож дараах зөвлөгөөг мөрдлөг болгоорой.

Үгүй гэж хэлж сур

Хэн нэгэнд үгүй гэж хэлж чаддаггүй зан чинь бусдад уруу татагдахад хүргээд байгаа юм биш биз. Хэрэв чамд таалагдахгүй л бол ямар нэгэн зүйлд татгалзаж сур. Мэдээж хэн нэгэн тусламж хүсэж байвал үгүй гэж хэл гэж байгаа юм биш шүү. Ямар нэгэн муу үр дагавартай гэдгийг нь чи гадарлаад хамтдаа хиймээргүй зүйл байвал “энэ миний сонирхдог зүйл биш ээ, би чадахгүй нь” гээд л шулуухан хэлчих.

Түүнийг хадан дээрээс үсэрвэл чи дагаад үсрэх үү гэдгээ бод
Чиний гаргаж байгаа шийдвэр түүнийх шиг байх албагүй гэдгийг сана. Нэг үгээр хэн юу хийнэ чи түүнийг үг дуугүй дуурайх биш харин өөрийн гэсэн “шийдвэр гаргах толгойтой” гэдгээ сана.

Түүнд таалагдах гэсэн зангаа хая
Ер нь хэн нэгэнд таалагдах гэж баг зүүн, дагаж савсаганах нь хөндлөнгийн хүнд маш өрөвдөлтэй, арга ядсан харагддаг. Магадгүй тэр ангийн чинь эсвэл найзуудын чинь хүрээний хамгийн нэр хүндтэй, бусдын анхаарлыг татсан нэгэн байж болно. Тэглээ гээд чи түүнд таалагдах гэж хичээн хэлсэн болгоныг нь зөвшөөрөх ёсгүй юм шүү. Харин үүний оронд чи өөрийнхөөрөө байж чамайг гэсэн чин сэтгэлтэй найзтайгаа л хамт цагийг өнгөрөө.

Эцэг эхтэйгээ илэн далангуй бай
Хэнтэй найзалж нөхөрлөн юу хийж яваагаа эцэг эхдээ хэлж байх нь чи хэн нэгэнд уруу татагдахаас бүрэн хамгаалагдаж чадна. Учир нь тэд чамайг уруу татаад байгаа нөхрийг сайн таньдгаас гадна энэ талаар чамд анхааруулга өгөх чадвартай. Түүнтэй найзлахыг чинь зөвшөөрөхгүй байгаа нь тэд ямар нэгэн муу зүйл гадарласных, чиний сайн сайхны төлөө л байдаг юм шүү. Тиймээс хаалганы эсвэл утасны цаана байгаа түүнтэй уулзмааргүй, ярьмааргүй байгаа бол ээж, ааваараа “байхгүй” гээд л хэлүүлчих, тэдэнтэй хуйвалдаж чамайг уруу татдаг нөхрөөс сал.

Шинэ найзтай бол
Түүнээс өөр зөндөө л хүн чамайг хүрээлж байгаа. Тэдэн дундаас санаа нийлэх, эерэг үйл, эерэг бодолтой найзтай болохыг хичээ. Бид өмнө нь Найзтай болоход чинь туслах 10 зөвлөгөөг хүргэж байсныг нэг хараарай. Ер нь найзын хүрээ тэлэх тусам хүний сайн муу ялгарч байдаг гэдгийг санаарай.

Түүнийг засаж авах гэж хичээгээд нэмэргүй бол найзлахаа л больчих
Олон жил нөхөрлөсөн түүнийг “уруу татагч” гэж тодорхойлж шууд л холбоогоо таслах нь нэг бодлын шударга бус санагдаж болно. Гэхдээ чи түүнтэй энэ талаар нухацтай ярилцаж, цаашдын нөхөрлөл нь муу зуршлаар бус сайн сайхнаар үргэлжлээсэй гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Тэр чиний саналыг эерэгээр хүлээн авч хичээхийг хүсвэл маш сайн. Харин санал нийлэхгүй байвал яая гэх вэ, зам замаа хөөхийг зөвлөж байна.

Эцэст нь сануулахад уруу татагдаж буйгаа тухайн хүн өөрөө анзаарах ч сөхөөгүй байдаг ба хөндлөнгийн хүн (эцэг эх) хэлсэн ч тоолгүй яван явсаар эцэстээ гэмт хэрэгт холбогдох, муу нэртэй болох, хичээлдээ муудаж цаашлаад амьдралын эхлэл чинь сайхнаар биш сөргөөр тавигдана гэдгийг анхаарууштай юм. Тиймээс одооноос эхлэн өөрийн үйлдээ хянуур, эерэг байж нөхөрлөлдөө нэг дүгнэлт хийгээрэй. Нөхөрлөлдөө дүгнэлт хийхэд онц дүн тавихаар байвал маш сайн байна. Харин хангалтгүй эсвэл муу дүн авч байвал дээрх зөвлөгөөг дагахыг хичээгээрэй.

#Асуудал #Problem #Найз #Freind #Нөхөрлөл #Freindship