СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД ГЭЖ ЮУ ВЭ?


Б.Нямдарь | YOLO.MN
2017-02-07

Сэтгэцийн хувьд эрүүл хүнийг тодорхойлбол:
Сэтгэцийн хувьд эрүүл хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэг тодорхойлолт олон янз. Гэхдээ тэр дундаас онцгойлон тодорхойлбол, өөрийгөө удирдан захирахаас эхлээд нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, ямар нөхцөлд хэрхэн биеэ авч явах ёстойгоо мэддэг, дасан зохицох чадвартай, сэтгэл хөдлөлөө захирдаг, зорилготой хүнийг бид сэтгэцийн хувьд эрүүл гэж дүгнэдэг.

Сэтгэц эрүүл эсэхээ мэдэх арга:
Эрүүл байгаагийн хамгийн гол үзүүлэлт бол аливаа юманд дасан зохицох чадвар. Сэтгэл хөдлөлийн өөрчлөлт ямар ч хүнд байдаг. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүн гэдэг нь өөрийн бухимдалтай байдлаа зөвөөр даван туулж чадаагүйгээс болж биеийн болон сэтгэцийн байнгын зовиур, эмгэгтэй болохыг хэлнэ. Тиймээс аливаа асуудалд дасан зохицох, зөвөөр шийдвэрлэж чадаж байгаа бол сэтгэцийн хувьд эрүүл гэсэн үг.

Сэтгэцийн эмгэг гэдэг нь:
Аливаа хүн сэтгэл санааны байдал нь тавгүй, тулгамдсан асуудалтай болох нь тухайн хүний хэрэгцээний гүйцэд ханамж авахгүй байдал, нийгэмдээ тодорхой байр суурь эзэлж чадахгүй байх зэргээс нь ихэвчлэн шалтгаалдаг. Хэрэв эдгээр тулгамдсан асуудлаа шийдэж чадахгүй, даван туулж чадахгүй бол сэтгэцийн эмгэг болдог. Сэтгэцийн эмгэг гэдэг нь олон улсын өвчний аравдугаар ангиллын тавдугаар зүйлд оношлогдсон төрөл бүрийн сэтгэцийн эмгэгүүдийг сэтгэцийн өвчин гэж тодорхойлдог.

Өсвөр насныхны гаргадаг нийтлэг сөрөг хандлага:
Насанд хүрсэн хүн өөрийн ухамсраар бухимдлыг даван туулдаг. Гэтэл өсвөр насныхан өөрт тулгамдаж буй асуудлыг ихэнхдээ шийдэж чадахгүй байх нь элбэг. Өсвөр насанд хийсвэр сэтгэхүй задардаг ид үе. Дээр нь бодисын солилцоо гүн өөрчлөлтөд орж, эрчимтэй хувьсах нь сэтгэл санаанд нөлөөлдөг. Эдгээр онцлогтой уялдаж сэтгэцэд өөрчлөлт гардаг. Энэ нь өсвөр үеийнхэнд хэт биеэ даах гэсэн хандлага, эсэргүүцэх шинж гаргах зэргээр илэрдэг.
Хоёрдугаарт энэ насныхан оюун ухаан, чадвар нь хөгжсөн хэдий ч насанд хүрсэн хүн шиг цаад хор хохирол, үр дагаврыг мэдэхгүйгээр өнгөц үйлдэл хийдэг.

Өсвөр насныхны сэтгэцийн тулгамдсан асуудал:
Өсвөр насныханд тулгамдсан асуудал бол нэгнийгээ даган дуурайх үзэгдэл. Энэ бол өвчин биш учраас үзэгдэл гэж нэрлэдэг. Мөн өсвөр насныхны дунд нойрны эмгэг нэлээн ажиглагдаж байна. Түүнээс гадна өөр нэг асуудал бол нөхөрлөл, шохоорхол байдаг. Буруу хүмүүстэй нөхөрлөх, шохоорхлыг дурлал, хайртай андуурах, нэгнийгээ өмссөн зүүсэн, амьдарч буй орчноос нь шалтгаалж гадуурхах нь их байна. Сургууль, ангиараа фэйсбүүкээр групп үүсгээд тэр бүлэгтээ нэг хүүхдийн талаар санамсаргүй болоод санаатай мэдээлэл оруулахад цаад хүлээж авч байгаа хүмүүс нь буруугаар ойлгож, үүнээсээ болоод хүүхдүүд сэтгэл гутралд орох, найз нөхрөөсөө хөндийрөхөөс эхлээд сэтгэцийн эмгэгтэй болох хүртэл сөрөг үр дагавартай.
Өсвөр насныхны дунд нойрны эмгэг их байна. Шөнөжин тоглоом тоглож, өдөржин унтдаг, хичээлээ хийж байна гээд 01-02 цаг хүртэл суудаг. Ингээд нойр гүйцэд авч чадахгүй учраас маргааш нь хичээл дээрээ нойрмоглож, сурлагын амжилт буурч, анхаарал, дархлаа сулардаг. Дархлаа сулрахаар биеийн өвчнөөр өвчлөх магадлал өндөр. Энэ нь өвчин болохын өмнөх үе шат.

Сэтгэцийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх боломж:
Дараах хэд хэдэн аргыг турших хэрэгтэй.
Том хүн тэр дундаа эцэг эх, дотны хүнтэйгээ өөрт тулгарч буй асуудлынхаа талаар ярилцах
Өөрийн сонирхсон дугуйланд явах, спортоор хичээллэх.
Чөлөөт цагаа аав ээж, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх.
Муу нөлөөтэй найз нөхөд, хүмүүстэй харилцахаас  зайлсхийх,
Аливаа ямар нэгэн томоохон шийдвэр гаргах гэж байгаа бол эцэг эх, ах эгчтэйгээ байнга зөвлөлдөж байх хэрэгтэй.
 

 

#Teenagers #MentalHealth #Problem