Айлын том охины синдром гэж юу вэ?


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2024-01-25

Хэдийгээр "том охины синдром" нь сэтгэцийн эрүүл мэндийн батлагдсан онош биш боловч нийгэмд өргөн тархсан үзэгдэл юм. Айлын том охидод тулгардаг сорилтуудын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл бидний бэлтгэсэн нийтлэлтэй хамт байгаарайblush

Дүү нараа асрах, гэрийн ажилд туслах, дэлгүүрээс ойр зуурын хүнс цуглуулахаас эхлээд айлын том охид бага наснаасаа эхлэн гэрийн хариуцлагатай боловч үл үзэгдэх ачааг үүрэлцдэг. 

Гэхдээ үүний юу нь болохгүй гэж? Айлын том хүүхэд дүү нартаа тусалж, харж хандах ёстой юм биш үү? Охид "байгалиасаа" хүн халамжлахдаа илүү сайн биш гэж үү?. Эдгээр хэвшмэл ойлголтууд нь үнэн хэрэгтээ  асуудлыг ухаж харахад төвөгтэй болгодог аж. 

"Синдром" бол олон зууны турш байсаар ирсэн ойлголт. Тэгвэл одоо яагаад энэ төрлийн асуудлыг ярих болов? 

Эмэгтэйчүүд боловсрол, ажил эрхлэлтийн хувьд нийгэмд эзлэх байр суурь нь өссөн хэдий ч гэрийн ажлын голыг нугалдаг хэвээр. Үнэн хэрэгтээ ажлын байран дахь жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн олон ахиц дэвшил гарсан. Гэвч гэр бүл доторх жендерийн тэгш байдалд төдий их өөрчлөлт гарсангүй. Үүнээс том охины синдромыг тайлбарлах боломжтой. 

Судалгаанаас харахад хүүхдүүд гэрийн ажилд чамгүй хувь нэмэр оруулдаг боловч ихэнхдээ үл тоомсорлогддог байна. Хүйсийн ялгааг харвал 5-14 насны охид, хөвгүүдээс 40 хувиар илүү цагийг гэрийн ажилд зарцуулдаг. Энэ талаар өсвөр насны охид хаштаг аян өрнүүлж #eldestdaughtersyndrom нь TikTok дээр 24.7 сая хандалттай байгаа бол #oldestdaughtersyndrom 24.2 сая үзэлттэй араас нь оржээ. Тэдний зорилго бол хүмүүст энэ  “синдром”-ын талаарх ойлголтыг түгээж, охид ганцаараа биш гэдгийг ойлгуулах аж.  

ТикТок дээр үзэл бодлоо хуваалцсан охид “Том охин байна гэдэг их хариуцлагатай”, “Хүүхэд насыг минь “хулгайлж” том хүний амьдралд хөл тавиулах гэж яарсан”, “Гэр бүлийнхэн минь надад их найдлага тавьдаг болохоор урмыг нь хугалах вий гэхээс айж байна” гэх зэргээр өөрт тулгарсан бэрхшээлээ хуваалцжээ.  

Синдром юунаас бий болдог вэ?  

Том охины синдромын үндэс нь гурван зан үйлийн онолоос үүдэлтэй.  

Нэгт, үлгэр дуурайл үзүүлэх онол. Том охид ээжийгээ үлгэр дуурайллаа болгож гэрийн ажлаа хийж эхэлдэг. Хоёрт, хүйсийн хуваарилалтын онол. Эцэг эхчүүд ихэвчлэн охид, хөвгүүдэд хүйсийн ялгаатай байдлаас нь шалтгаалж өөр өөр үүрэг даалгавар өгдөг. Гуравт, хөдөлмөр орлуулах онол нь хөдөлмөр эрхэлдэг эхчүүдэд гэрийн ажил хийх цаг хязгаарлагдмал үед том охид нь ихэвчлэн "орлуулах" үүрэг гүйцэтгэдэг. Үүний үр дүнд охид гэрийн ажилд илүү их цаг зарцуулж эхэлдэг байна.  

Улмаар гэр бүлдээ (эцэг эх, ах эгч) дургүйцэх мэдрэмж төрөх, үргэлж бусдыг өөрөөсөө дээгүүр тавих, сэтгэл түгших, сэтгэлийн хямралд орох зэрэг сөрөг үр дүн ажиглагдаж эхэлдэг байна.  

Том охины синдромын асуудал нь дэлхийн жендерийн тэгш бус байдалд ч нөлөөлж байна. Жишээлбэл, Филиппинд олон эхчүүд АНУ, Ойрхи Дорнод, Европ руу гэрийн ажил хийхээр цагаачлах болов. Үр дүнд том охид нь ээжийнхээ оронд гэр бүлээ авч явах болдог. Улмаар том охины синдром нь үеэс үе дамжин өвлөгдөх мэт тэгш бус байдал газар авдаг аж.  

Бид юу хийж чадах вэ? 

"Эмчилгээ" энгийн мэт санагдаж магадгүй ч эцэг эхчүүд том охиныхоо дутуу үнэлэгдэж буй хөдөлмөрийг хүлээн зөвшөөрч гэр бүл дэх ажил үүргийг тэгш хуваарилах хэрэгтэй. Бид ойлгоогүй зүйлээ өөрчилж чадахгүй. Тийм учраас том охины синдромыг хувь хүний тэмцэл гэхээсээ илүүтэй хүйсийн тэгш бус байдлын асуудал гэдгийг ойлгож авах нь зөв эхлэлийн илрэл юм.  

Эх сурвалж: modernintimacy.com, theconversation.com

#нийтлэл