Дэлхийн хамгийн өнгөлөг газрууд


Аялах нь бидэнд туршлага суулгах, бидний хорвоо ертөнцийг харах өнцгийг өөрчлөх, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, сэтгэл санааны хувьд амар тайван байдлыг олгох гээд маш олон давуу талтай байдаг учир аялах дургүй хүн бараг л үгүй биз. Тэгвэл зүгээр ч нэг аялаад зогсохгүй "Дэлхийн хамгийн өнгөлөг" гэгддэг эдгээр байгалийн үзэсгэлэнт газруудаар аялаарай. 

ШИКИСАЙ НО ОКА ТАЛБАЙ, ХОККАЙДО, ЯПОН

Япон улсын Хоккайдо арал бараг бүх улирлын турш өнгөлөг цэцгийн талбайгаар дүүрэн байдаг. Улирал солигдох бүрд төрөл бүрийн цэцэг цэцэглэдэг тул энд ирсэн хүмүүсийг Шикисай но Ока талбай руу очиж үзэхийг зөвлөдөг гэнэ. Та цэцгэнд дуртай бол энэхүү үзэсгэлэнт газар таны заавал очих үзэх газрын жагсаалтад заавал багтана гэж найдаж байна. 

ХИГАШИМОКОТО ШИБАЗАКУРА ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, ЯПОН

Япон улс үзэсгэлэнтэй байгалиараа алдартай. Үүний бас нэгэн жишээ бол Хигашимокото Шибазакура цэцэрлэгт хүрээлэн юм. Та энд ирснээр цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний замаар алхаж хөвдний ягаан гэх гоёмсог цэцгээр дүүрэн талбайг сонирхох боломжтой. Эндхийн хоол болон зөөлөн зайрмаг нь их алдартай гэсэн шүү. 

ТОМИТА ФЭРМ, ЯПОН

Япон улсын Хоккайдо аралд байрлах Томита фэрмд 13 өөр төрлийн цэцэгс ургадаг. Та энд ирснээр үзэсгэлэнт цэцэгсийн талбайтай танилцахаас гадна дэлгүүр хэсч, сүрчигний үйлдвэртэй танилцаж, лаванда цэцгийн зайрмагийг амтлах боломжтой. 

СОЛОНГОН УУЛ, ПЕРУ

Виникунка гэх долоон өнгийн уул нь та бүхний харж буйгаар ягаан, цэнхэр, шар, ногоон, улбар шар, шар, нил ягаан өнгийн судлуудтай. Энэхүү гайхалтай дүр зургийг өөрийн хоёр нүдээр харахыг хүсвэл хамгийн доод талдаа зургаан цагийн турш бартаа ихтэй замыг туулах шаардлагатай гэнэ. 

ЧИНКҮЭ ТЕРРЕ ТОСГОН, ИТАЛИ

"Тоглоомон" юм шиг энэхүү өнгө өнгийн байшингууд үнэхээр л дэлхий дээр оршдог нь үнэн. Итали улсын Ривьера хотын эрэг дагуух "Чинкүэ Террэ" хэмээх энэхүү тосгон нь ЮНЕСКО-гийн "Дэлхийн өв"-д бүртгэгдсэн газар билээ. 

ГРАНД ПРИСМАТИК РАШААН, АНУ

АНУ-ын Вайоминг мужид байрладаг Йеллоустоун Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Гранд присматик рашаан нь жуулчдын очих дуртай газруудын нэг. Байгалийн ид шид гэмээр энэхүү рашаан нь хөлбөмбөгийн талбайгаас арай урт, 10 давхар байшингаас ч гүн аж. 

СОЛОНГО ТОСГОН, ТАЙВАН

Хана туургууд дээр нь хүн, амьтан, цэцэг, хүүхэлдэйн киноны баатруудыг дүрсэлсэн Тайван улсын Тайчунг хотын энэхүү тосгонд өнгөлөг гэдэг үг ч багадмаар. Huang Yung-Fu гэх эрхэм энэхүү дүрслэлүүдийг бүгдийг нь ганцаараа зурсан байна. Анх уг тосгоны барилгуудыг нураах санал гарсан ч тэрээр уг ажлыг зогсоох зорилгоор өнгөлөг, гэгээлэг зургуудыг зурж эхэлжээ. Улмаар 2011 онд түүний энэхүү уран бүтээлийг хадгалан хамгаалахаар их сургуулийн оюутнууд нэгдсэний үндсэн дээр орон нутгийн удирдлагууд ажлаа зогсоосон гэдэг. Удалгүй энэхүү бүтээл нь олны нүдэнд өртөж, аялал жуулчлалын алдартай цэг болсон байна. 

ТУЙЛЫН ТУЯА, НОРВЕГИ

Та Аурора буюу туйлын туяаг Исланд, Аляска, Канад, Норвеги зэрэг улсуудад очин өөрийн нүдээр харах боломжтой. Энэ яваа насандаа заавал үзэх үзэгдлүүдийн нэг юм шүү. 

УЛААН ДАЛАЙН ЭРЭГ, БНХАУ

БНХАУ-ын Ляонин мужийн Панжин дахь Улаан өнгөт далайн эрэг нь хэдэн бээр газар үргэлжилдэг. Энэхүү өвөрмөц тогтоц бүхий газар нь бусад далайн эргийн адил далайн ус болон элсээр бүрхэгдээгүй. Харин зэгсээр хучигдсан намгархаг газар гэдгээрээ онцлогтой юм. Зэгс нь дөрвөөс тавдугаар сарын хооронд нутгийн давсархаг хөрсөнд ургаж, намар нь боловсорч гүйцээд хүрэн улаан өнгөтэй болдог байна. 

МЕНДЕНХАЛЛ МӨСӨН АГУЙ, АЛЯСКА

Та хамгийн үзэсгэлэнт цэнхэр өнгийг Аляска мужийн Жуно хотын Менденхалл мөсөн агуйгаас л харах боломжтой. 12 бээрийн урттай энэхүү агуйд очих тийм ч амар биш. Жуно хотод авто замаар явж очих боломжгүй тул зөвхөн агаар болон усан тээврээр л явж хүрэх аж. Харин нэгэнт зорьж очсон бол мөсөн замаар урт хугацааны туршид алхаж, аль эсвэл усан завиар 4 цагийн туршид явж очдог байна. 

ШЕФШАУЭН, МАРОККО

Марокко улсын Шефшауэн хот тэр чигтээ л цэнхэр өнгөөр бүрхэгдсэн байдаг. Та цэнхэр өнгөнд дуртай бол энэ таны заавал очиж үзэх газруудын нэг байх болно. Шефшауэн хот 1471 онд баригдсан ч 1492 он хүртэл бусад хотуудын л адил байсан гэнэ. Тухайн үед Испанийн тэрс үзэлтнүүдээс зугтаж байсан олон иудаизмууд Шефшауенд очжээ. Ингээд иудаизмууд тэндээ суурьшиж тэнгэр, бурхныг санагдуулдаг хэмээн байшинг цэнхэр өнгөөр будах уламжлалыг тогтоосон гэдэг. Мөн тэндхийн оршин суугчдын ярьдаг өөр хэдэн онол ч байдаг. Зарим нь тэнгис далайг дүрслэн цэнхрээр будсан гэж ярьдаг бол үлдсэн хэд нь цэнхэр өнгө шумуулыг үргээдэг учир энэ өнгөөр будсан ч гэж ярьдаг. Ямартай ч их үзэсгэлэнтэй байгаа биз?

СОЛОНГО УУЛ, БНХАУ

БНХАУ-ын Жаньжэ үндэсний геопарк нь өвөрмөц судал бүхий улаан, шар, ногоон, цэнхэр өнгийн уул нуруудаараа алдартай. Жуулчид энэхүү өвөрмөц тогтоцыг тус цэцэрлэгт хүрээлэнгийн дөрвөн өөр тавцангаас харах боломжтой. 

ХИЛЛЕР НУУР, АВСТРАЛИ

Австралийн Хиллер нуур нь маш өвөрмөц ягаан туяатай учир хүрээлэн буй орчноосоо онцгойрохгүй байхын аргагүй. 600 гаруй метрийн урттай уг нуур нь Номхон далайтай зэрэгцэн байрлана. Судлаачид одоог хүртэл энэхүү нуур яагаад ийм ягаан өнгөтэй байгааг баттай олж тогтоогоогүй байгаа аж. 

ГЭРЭЛТ ЦОХ АГУЙ, ШИНЭ ЗЕЛАНД

Шинэ Зеландын Вайтомо агуйд маш өвөрмөц, тод цэнхэр өнгийн хорхойнууд байдаг. Нутгийн иргэд тэднийг гэрэлтдэг хорхой хэмээн нэрлэдэг ч шинжлэх ухааны нэршил нь “arachnocampa luminosa”. Өөрөөр хэлбэл эдгээр нь яг ч шавж биш бөгөөд мөөгөнцрөөр тэжээгддэг шувууны авгалдай нар гэнэ. Тэд агуйг гайхалтай тод гэрэлтүүлдэг учир жуулчид Вайтомо агуйгаар аялж байхдаа тэднийг харах боломжтой. 

ДАВАЛГАА ХАД, АРИЗОНА, АНУ

Та зурагт үзүүлсэн улаан, улбар шар өнгийн долгионтой "The Wave" буюу Давалгаа хэмээх өвөрмөц хадыг өөрийн биеэр үзэж сонирхохын тулд хэдэн сарын өмнөөс бүртгүүлэх шаардлагатай. Уг байршлын чулуулгууд нь экологийн хувьд эмзэг учир өдөрт 20 хүнийг л дотогш оруулахыг зөвшөөрдөг байна. 

ХУАНГЛОНГ ХӨНДИЙ, БНХАУ

БНХАУ-ын Хуанглонг хөндийн шаталсан хэлбэртэй, халуун рашаануудаар дүүрэн уг хөндийн эргэн тойронд панда, сармагчин зэрэг амьтад аж төрдөг байна. 

САЛЬВАДОР, БРАЗИЛ

Түүхийн дурсгалаар дүүрэн Бразил улсын Сальвадор хот XVII-XVIII-р зууны үеийн өвөрмөц, өнгөлөг барилгуудаар дүүрэн. Уг хот нь дэлхийд "Баяр баясгалангийн нийслэл" гэдгээрээ алдартай.

УСАН ДООРХ ХҮРХРЭЭ, МАВРИК

Үнэхээр сонирхолтой байгалийн тогтоц биш гэж үү? Энэхүү өвөрмөц усан доорх хүрхрээг та Маврикийн эрэг дагуу газраас харж болно. 

Эх сурвалж: Business Insider

#Аялал #Дэлхий #Өнгөлөг