Дусал мэдлэг: Леонардо да Винчигийн алдартай 10 бүтээл


YOLO.mn | YOLO.MN
2024-01-15

Сэргэн мандалтын үеийн агуу зураачдын нэг бол Леонардо да Винчи билээ. Тэрбээр хүний биеийн анатомийг судалж, хүний мөн чанарын ээдрээт дүрслэлүүдийг илэрхийлсэн нь уран зургийн салбарт үнэлж баршгүй нөлөөллийг үлдээсэн юм. Ингээд нэрт зураачийн  хамгийн алдартай 10 бүтээлтэй танилцана уу.  

Мона Лиза (1503–19) 

Дэлхийн хамгийн алдартай урлагийн бүтээл болох Мона Лизаг тольдохоор  Луврын музейг өдөрт олон мянган жуулчид зорьж очдог. Нимгэн гивлүүртэй, гоёл чимэглэлгүй даруухан хувцасласан залуу бүсгүйн энгийн мэт санагдах хөрөг нь үзэгчдийг чухам яагаад ховсоддог юм бол? Хөргийн  эзэн чухам хэн бол гэх таамаг удаан үргэлжилсэн бөгөөд нийт  гурван таамаг дэвшсэн юм. Түүхчид түүнийг Флоренцын худалдаачин  Жиокондогийн эхнэр Лиза дель Жиокондо гэж үздэг. Тэр утаар бүтээлийн өөр нэр бол Ла Жоконда юм. Өөр нэг таамаг нь Леонардогийн ээж Катерина байж магадгүй гэх. Мона Лизагийн нууцлаг инээмсэглэл нь Катеринагийн инээмсэглэлтэй төстэй хэмээн Зигмунд Фрейд тайлбарлажээ. Сүүлийн таамаг нь Леонардогийн өөрийн хөрөг байж магадгүй гэж үздэг. Зарим судлаачид тэрээр эмэгтэй хүний дүрд хувирч буй нь оньсого мэт зан чанартай нь холбоотой гэж үздэг.  

Сүүлчийн ОРОЙН зоог ( 1495–98) 

Дэлхийн хамгийн алдартай уран зургуудын нэг болох "Сүүлчийн оройн зоог" бүтээлийг Миланы гүн, Людовико Сфорза захиалан зуруулжээ. Леонардо да Винчигийн энэхүү бүтээлийг хүний  сэтгэл хөдлөлийн цогц судалгаа гэж хүлээн зөвшөөрдөг. Учир нь Есүс Христ цовдлуулахаасаа өмнө 12 дагалдагчтайгаа сүүлчийн удаа оройн зоог бариж буй бөгөөд энэ нь  хүний 12 араншныг илэрхийлж буй аж. Мөн Есүсийг гунигтай дүрсэлсэн  нь тэр одоо ч амьд хэвээр гэх ёгт утгатай гэдэг. Зургийн эх хувилбар нь Италийн Милан дахь Санта Мария делле Грейзийн хийдэд байдаг. 

Витрувийн хүн (ойролцоогоор 1490 он) 

Леонардогийн "Витрувийн хүн" хэмээх эл бүтээл нь Ромын архитектор Витрувийн тэмдэглэлээс эхтэй аж. Эл бүтээл Венецийн Академийн галлерейн архивд хадгалагддаг. 

Өөрийн хөрөг (1490/1515–16 орчим) 

Турин хотын Хааны номын санд 1512-1515 онд  зурсан эл бүтээлийг Леонардо да Винчигийн өөрийн хөрөг гэж үздэг. Урт долгионтой үстэй, сахалтай, хөмсөг зангидсан, зовхи нь унжсан төрхөөр нь Леонардогаас илүү өндөр настай хүн гэж зарим судлаачид маргах нь бий. Леонардо да Винчи 67 насандаа таалал төгссөн юм. 

Хадны онгон (ойролцоогоор 1483–86) 

Леонардо да Винчи  ариун гэр бүлийг бурханлаг чанаргүй, хүнлэг дүрсэлхийн тулд Мариа, Христ хоёрыг гэрлээр, Иоханыг таяг гэх уламжлалт тэмдэгтээр тодотгосон аж. Мөн судлаачид эл бүтээлийг  Леонардо, Херодын хядлагаас Египет рүү зугтаж явахдаа Баптист Гэгээнтний гэр бүлтэй уулзсан гэх домгоос сэдэвлэсэн гэж үздэг.

Эмэгтэйн толгой (1500–10) 

Леонардо да Винчин  энэхүү бүтээлдээ залуу эмэгтэйг толгойгоо хазайлгаж, доош харж буйгаар дүрсэлсэн нь эмэгтэй хүний эмзэг төрхийг зөөлөн загварчилж буулгасан гэж үздэг. 

Эрминтэй хатагтай (1489–91) 

Урлаг судлаачид "Эрминтэй хатагтай" зургийн залуу эмэгтэйг Леонардогийн ивээн тэтгэгч болох Сесилия Галлерани гэж тодорхойлдог. Эл бүтээл нь Леонардогийн анатомийн мэдлэг, дүр төрхийг илэрхийлэх чадварыг  онцгой шингээсэн бүтээл гэж үздэг байна. Тэрээр охины залуу нас, эелдэг зан чанарыг зөөлөн төрх, анхааралтай ширтэж буй харц, турьхан нарийн гараар дүрсэлжээ. 

Салватор Мунди (1500 орчим) 

Энэхүү бүтээл нь 2017 онд дуудлага худалдаагаар 450.3 сая ам.доллароор зарагдаж, дээд амжилт тогтоосон нь олны анхаарлыг татжээ.  

Жиневра де' Бенчи (1474/78) 

Вашингтон ДС-ийн Үндэсний урлагийн галерейд байрладаг Жиневра де Бенчигийн хөрөг нь Леонардогийн дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст олон нийтэд дэлгэгдсэн цорын ганц зураг юм. Энэ бол Леонардогийн хамгийн эртний бүтээлүүдийн нэг бөгөөд түүнийг 20-иод насандаа зурж дуусгасан гэж үздэг.  

The Virgin and Child with Saint Anne(1503–19)

Зарим судлаачид эл бүтээлийг Леонардогийн сүүлчийн зураг байсан гэж үздэг. Энэхүү зураг н хоёр хэмжээст гадаргуу дээр гурван хэмжээст орон зайг үнэмшилтэйгээр дүрсэлснээрээ онцгой аж.  

Эх сурвалж: Britanica

#нийтлэл