Н.Тэмүүжин: ОЛИМПИАДЫН АМЖИЛТУУД минь тэтгэлэг хүртэхэд ДАВУУ ТАЛ болсон


Б.Намуун | YOLO.MN
2017-08-10

Химийн салбарыг сонгож түүнийг гүнзгийрүүлэн судлан, дэлхийн тавцанд өрсөлдөн эх орныхоо нэрийг гаргасан чадварлаг залуутай уулзаж ярилцлаа. 

Олон улсын химийн олимпиадын хүрэл медалтай, Улсын чанартай болон нэрэмжит олимпиадуудаас 30 гаруй медаль хүртсэн,  Бээжингийн Их Сургуульд-Хятад улсын засгийн газрын тэтгэлэгтэй, Сингапурын Их Сургуульд 100%-ийн тэтгэлэгтэй, Польш улсын засгийн газрын тэтгэлэгт тус тус тэнцэж өдгөө Польш улсад биотехнологич мэргэжлээр суралцаж байгаа ирээдүйн химич, биотехнологичтой хийсэн ярилцлагыг хамтдаа сонирхоцгооё.

YOLOСайн байна уу? Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулаач
- Намайг Н.Тэмүүжин гэдэг. Одоо 21 настай. Польш улсад биотехнологийн чиглэлээр суралцдаг.

YOLOОлон тэтгэлэгийн эзэн болсон гэсэн. Ямар ямар тэтгэлэг авсан бэ?
- Бээжингийн Их Сургуульд Хятад улсын засгийн газрын тэтгэлэгтэй сурах эрх, Сингапурын Их Сургуульд 100% -ийн тэтгэлэг, Японы Их сургуулийн тэтгэлэг, Польш улсын засгийн газрын тэтгэлэгийг тус тус авсан. 

YOLOЭдгээр тэтгэлэгийн эзэн болоход хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?
- Хамгийн их нөлөөлсөн зүйл гэвэл би ЕБС-д байхаасаа олимпиадад бэлддэг байсан. Олимпиадын амжилтууд маань их нөлөөлсөн дөө. 

YOLOХэд хэдэн улсын их сургуулийн тэтгэлэгийн эзэн болсон. Энэ дундаас яагаад заавал Польш улсыг сонгосон бэ?
- Нэгдүгээрт Азид суралцана гэдэгтээ би тийм ч таатай хандаагүй. Хоёрдугаарт Польш улс өртгийн хувьд хямд мөн маш тайван, үймээн самуун болоод байдаггүй. Ер нь тал талын зүйлсийг харгалзаж үзсэний үндсэн дээрээс Польш улсыг сонгосон.

YOLOБагаасаа л биотехнологич болно гэж боддог байсан уу?
- Багадаа эмч болно гэж боддог байлаа. Явц дундаа "Энэ миний багын мөрөөдөл болохоор л би энэ мэргэжлийг сонгох гээд байна уу? Эсвэл үнэхээр хүсэж байна уу?" гэж бодож эхэлсэн. Ингээд химийн инженер болно гэж бодлоо. Гэвч химээс судлах юм багасчихсан. Яагаад гэвэл надаас өмнө олон олон эрдэмтэд бүх зүйлийг нь нээчихлээ. Иймээс эцэст нь биотехнологийн салбар руу орсон.

Үнэхээр их хичээж байгаа хүнийг бурхан хэзээ ч зүгээр хараад суухгүй.

                                                                         Н.Тэмүүжин

YOLOМэргэжлээ болоод сургуулиа сонгоход эцэг эхийн чинь хандлага ямар байсан бэ? Дэмжиж байв уу?
- Би багаасаа олимпиадуудад амжилттай оролцсоор ирсэн учраас манай ээж "Хүү минь зөв салбартаа байгаа" гэж бодон надад маш их итгэдэг. Тийм ч учраас "Чи энэ мэргэжлээр сур, Тэр мэргэжлийг эзэмш" гэж шаарддаггүй.

YOLOЭдгээр тэтгэлэгүүдийн эзэн болоход олимпиадын амжилт нөлөөлсөн гэлээ. Шалгалтын оноогүйгээр олимпиадын амжилтаар сургуульд тэнцэх боломжтой гэсэн үг үү?
- Тийм боломж байдаг. Гэхдээ хаана сурахаас шалтгаална. Жишээ нь Польшийн засгийн газрын тэтгэлэгийг авахад оноо хэрэггүй байдаг. Ганцхан тэнцэхэийн тулд мэдээж би бусдаас илүү байх хэрэгтэй. Миний олимпиадын амжилтууд давуу тал минь болсон. Харвардын их сургуульд сурна гэж төлөвлөсөн хэрнээ IELTS, TOEFL-ийн оноогүй бол бас хэцүү. Тэгэхээр хаана сурахаас хамаараад боломжтой, боломжгүй гэсэн хоёр янз байна.

YOLOХэлний чадвараа яаж сайжруулсан бэ?
- Миний Англи хэлний чадвар бараг л хүн ичмээр гэж хэлж болохоор байсан Нэг англи хэлний сургалтын төвд шалгалт өгөхөд миний түвшин beginner буюу дөнгөж анхан шат байсан. Ингээд анхан шатны ангид орлоо. Гэхдээ цаг хугацаагаа хэмнэхийн тулд өөрийн хүсэлтээр давхар TOEFL-н ангид нь орж хичээллэсэн.

YOLOТаны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
- Миний зарчмаа болгосон хоёр үг байдаг. Нэг нь "Бурхан хичээл зүтгэлийг үнэлдэг". Нөгөө нь "Бэрхшээл бүхний цаана бэлэг." Энэ хоёр үгийг санаж амьдралдаа байнга баримталж явдаг.

YOLOПольш залуус болоод Монгол залуусыг ажиглахад ялгаа нь юундаа оршиж байх шиг санагдсан бэ?
- Хамгийн эхэнд бол бидний соёл өөр. Тэнд Европ соёлтой бол манайх Ази соёлтой. Соёлын ялгаа маш их гардаг. Польшд хэн нэгэн хүн хогоо санамсаргүй хаясныг харсан хүн очоод хогийн саванд хийчихдэг бол монголчууд "Энийг хэн хаясан юм бол? Би л лав хаягүй" гэж бодоод  л өнгөрдөг. Бас Польш хүмүүс маш их хичээл зүтгэлтэй юм шиг санагдсан. 


YOLOТэтгэлэгийн мэдээллийг хаанаас олж авдаг юм бол?
- Би БСШУСЯ-ны сайтыг байнга шалгадаг. Тэр сайтын нүүр хэсэгт гадаадад суралцах гээд байж байдаг. Тэрэн дээр дарахад л хаана ямар тэтгэлэгүүд зарлагдсан нь гараад ирдэг юм.

YOLOГадаадад сурах зорилготой хүмүүс их байдаг болсон. Гэвч яг юунаас яаж эхлэхээ төдийлөн мэдээд байдаггүй. Энэ талаар мэдээлэл өгөөч?
- Хамгийн эхэнд судалгаа хий. Ямар тэтгэлэгүүд зарлагдсан байна? Би алинд нь тэнцэх боломжтой, алинд нь тэнцэх боломжгүй вэ? гэдгээ судлах хэрэгтэй. Тэгээд дараа нь "Би энд тэнцэхийн тулд ийм байх хэрэгтэй" гээд хичээх хэрэгтэй. Түүнээс биш хүүхдүүд тэтгэлэг байгааг нь харчихаад зүгээр л яваад байдаг. Өдөрт яг юу хийж байгаа нь мэдэгдэхгүй яваад л байдаг. Эцэст нь тэтгэлэг нь тулчихдаг. Ингээд дахиад л явж чадахаа байна. Өөртөө шалтаг зохиох биш судалгаагаасаа эхлэх хэрэгтэй.

YOLOОлимпиадад мэдээж удаан хугацааны бэлтгэлийн дүнд оролцоно. Бэлдэж байх хугацаандаа шантрах үе байсан уу? Хэрхэн даван туулж байсан бэ?
- Би бага зэрэг нулимс султай. Уйлаад л давчихдаг юм болов уу даа /инээв/. Би тэгж их шантарч байгаагүй. Гэхдээ хамгийн анх ОУ-н олимпиадад ороод медаль авч чадаагүйдээ их шантраад уйлж тайвширч байсан. 

YOLOСуралцахынхаа хажуугаар энэ зуныг ашиглаад багш хийж байгаа гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?
- Химийн олимпиадад бэлтгэх болоод хоцрогдол арилгах хичээлээ эхлүүлээд хоёр сар болж байна. Энэ сургалтанд хамрагдах хүсэлтэй хүүхэд болгонд үүд хаалга нээлттэй. Залуучууд зочид буудлын урд байрлах Монголын лектор төвийн 203 тоотод сургалт маань явагддаг.


YOLOХүүхдүүдтэй ажиллаж хичээл заахад ямар санагддаг вэ?
- Надад их таалагддаг. Би хүнд хими заахаасаа илүүтэй хүнийг хүн шиг  хүн болгох юмсан гэж боддог. Хал нь гаднаа хайр нь дотроо гэдгийн адилаар би сурагчиддаа хатуу хандах үе бий. Гэхдээ шавь нараа харахаар байнга хайрлах сэтгэл төрдөг.

YOLOЭнэ сургалт хэдэн хүртэл үргэлжлэх вэ?
- Би есдүгээр сарын 9-нд буцна. Иймээс сургалт маань тухайн сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэх байгаа.

YOLOЯрилцлагын маань төгсгөлд уншигчдад мань хандаж үг хэлээч?
- Бурхан хичээл зүтгэлийг үнэлдэг юм шүү л гэж хэлмээр байна. Энэ үгийг байнга санаж хичээж яваарай. Үнэхээр их хичээж байгаа хүнийг бурхан хэзээ ч зүгээр хараад суухгүй.

YOLOЯрилцсанд баярлалаа. Ирээдүйд Монголынхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан шинжлэх ухааны мундаг хүн болоорой!
- Баярлалаа. Би хичээх болно оо. 

#Scholarship #Olympiad #Advantage