Захидал: Бүхэл өдөржин сэрэхгүйгээр унтмаар


ССҮТөв | YOLO.MN
2023-11-27

YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал 1: Зүгээр л шатны доор суугаад өдөржин уйлмаар

Сайн байна уу? Захидал очих өдрийн мэнд хүргэе. Би одоо 18 настай, эмэгтэй. Би гэр бүлээсээ хол гадаадад ганцаараа сурч амьдраад нэг жил болж байна. Анх удаа гэрээсээ хол удаан хугацаагаар байгаа учир гэр бүлээ  маш их санаж байна. Би хоёр сарын дараа гэртээ харина. Удахгүй харих болохоор сэтгэл санаа минь дээрдээд, дахиж уйлах асуудал гарахгүй байх гэж бодсон. Гэвч үгүй бололтой. Яг юу болохгүй байгааг би ойлгохгүй байна. Зүгээр л шатны доор суугаад өдөржин уйлмаар, бүхэл өдөржин сэрэхгүйгээр унтмаар эсвэл зүгээр л цаас базаж урж тастаад хаячихмаар нэг тийм бачуурсан мэдрэмж. Эсвэл бүр өөрийгөө хазаад, гэмтээчихмээр…Өмнө нь би хэзээ ч амиа хорлолт, үхлийн талаар боддоггүй байсан. Гэтэл одоо зүгээр л машинд суугаад явж байсан ч, далайн дэргэдүүр өнгөрсөн ч өөрийн эрхгүй үхлийн талаар бодох болсон. Гэхдээ тийм үйлдэл хийхгүй гэдгээ би сайн мэднэ. 

Би багаасаа л их дотогшоо хүүхэд байсан. Гаднаа зүгээр мэт болов ч дотроо бүхнийг хэтрүүлж бодно. Сүүлийн гурван жил орчим илүү нээлттэй, нийтэч болсон. Гадаадад ирээд ангийнхаа гурван монгол эмэгтэй найзтайгаа нийлж байгаа. Гэвч үнэн сэтгэлээ нээж ярилцдаг ганц найз минь Монголд бий. Саяхан тэр найзыгаа стресстэй үед нь миний ч бас сэтгэлзүй хүнд байж таараад, бараг л муудалцах шахаад хоёр хоног ярилцаагүй. Яг тэр үед би ганцаараа, надад надаас өөр хэн ч байхгүй гэдгийг ойлгосон. Аав ээж утсаар намайг жаахан л загнах өнгө аястай яривал уйлчих гээд, бухимдана. (яг одоо ч гэсэн нулимс урсаад байгаагийн учрыг ч ойлгохгүй байна). Гэр бүл минь  намайг бүхэл талаар дэмжин, миний хүслийг дагадаг.  Даанч над руу залгах болгонд нь би олигтой юм ярих ч гүй, цаанаасаа л бухимдангуй хандана. Би юм болгоноос өө хайгаад, хэтэрхий шүүмжлэгч болчихжээ. 

Хэдэн жилийн өмнө би бүхнийг чаддаг болохыг хүсээд, аливаад чин сэтгэлээсээ хандахыг хичээдэг байсан. Харин одоо зүгээр л юу ч чадахгүй, чадахыг ч хүсэхгүй, өөрөө өөрийгөө дотроосоо урж тастаж,хэмлэж идсээр  бачуураад үхэх нь. Би яах ёстойгоо мэдэхгүй байна. Надад туслаач.  

Зөвлөгөө: Бидэнд заримдаа өөрсдийн бодлоо цэгцлэх, аливааг олон талаас нь харахад хүндрэлтэй үеүд тохиолддог юм шүү 

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас өөрийн бодлоо цэгцлэх, өөрийгөө ойлгох хүсэлтэй байгаа гэж ойлголоо. Та өөрт төрж буй бодол, мэдрэмжээ бусадтай хэр их хуваалцдаг вэ? Захидлыг уншихад зүгээр юм шиг хэр нь эргэлзсэн тодорхойгүй мэдрэмжтэй байгаа санагдлаа. Судалгаанаас харахад 5 хүн тутмын 1 нь амьдралынхаа аль нэг үед тодорхой хэмжээгээр хямрах асуудал тулгардаг. Бидэнд заримдаа өөрсдийн бодлоо цэгцлэх, аливааг олон талаас нь харахад хүндрэлтэй үеүд тохиолддог юм шүү.

Харин энэ үедээ бусадтай ярилцах нь бодлоо цэгцлэхэд дэм болдог. Ярилцсанаар бид бусдад бодол мэдрэмжээ хуваалцаад зогсохгүй өөрийгөө мөн ойлгоход нөлөө үзүүлдэг юм шүү. Бидний тархи их гэнэн эрхтэн бодол болон бодит байдал хоёрыг ялгаж чаддаггүй. Таны тархиндаа өгч буй бодлууд үнэхээр бодит байдал уу гэдгийг эргэцүүлээд үзээрэй. Хэрвээ бодолдоо дүн шинжилгээ хийх, бусадтай ярилцахад хүндрэлтэй байвал амьсгалын дасгал, булчин суллах дасгал хийгээд үзээрэй. Зангирсан булчин суларснаар мөн адил тархинд тайван мэдрэмж төрдөг байна. Мөн дотнын хүнтэйгээ ярилцахаас гадна мэргэжлийн сэтгэл судлаачтай ярилцаж болно шүү. Манай улсад тогтвортой үйл ажиллагаа явуулдаг зарим сэтгэл зүйн төвүүдийн мэдээллийг үлдээе. 

  • Сэтгэл Судлалын Үндэсний Төв – 77324233 
  • Focus On The Family – 88834343 
  •  Монгол Өрх Сэтгэлзүйн хүрээлэн – 70145145
  • Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн – 77208998  
  •  Positive Dadal – 750711100 
  • Сэтгэл Судлалын Үндэсний Төв 

Туслах сэтгэл судлаач У.Цэцэнсанаа 

 

#нийтлэл