85 жилийн өмнө нацистуудаас зугтаж, амь гарсан эрэгтэй дурсамжаасаа хуваалцав


А.Номин | YOLO.MN
2023-11-08

1938 оны арвваннэгдүгээр сарын 9-нд нацистууд еврейчүүдийг устгах зорилгоор тэдний гэр рүү халдаж, дэлгүүрүүдийг шатаасан хэрэг Германд гарсан. Үүний улмаас 99 еврей иргэн амиа алдаж, 30 мянган еврей эрэгтэй хорих лагерь руу цөлөгдсөн юм.

Тухайн үед нөхцөл байдал хүндэрч эхэлмэгц "Kindertransport" ажиллагааны хүрээнд 10 мянга орчим еврей хүүхдийг Англи руу дүрвүүлсэн байдаг. Тэдний нэг нь Жорж Шефи юм.

Тэрбээр өдгөө 92 настай, Израил улсад амьдардаг нэгэн. 85 жилийн өмнөх дурсамжаасаа хуваалцахдаа “Дэлгүүрүүдийн цонх хагарч, замбараагүй байдал энд тэндгүй үүсэж байсан дүр зураг өчигдөрхөн юм шиг л санагдаж байна” хэмээн ярьж эхлэв.

Өдгөө 92 настай, Израил улсад амьдарч байна.

Жоржийн ээж Мари тухайн үед нөхцөл байдлыг сайн ойлгож байсан учир аргагүйн эрхэнд хүүгээ Англи руу илгээх хүндхэн сонголтыг хийсэн байна. Зугтаж чадах нэгэн нь зугтсан ч боломжгүй хүмүүс нь үр хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг л нэн тэргүүнд тавьсны нэг жишээ нь Жоржийн ээж юм.

Мари хүүгээ Англи руу илгээхийнхээ өмнөх шөнө “Өөрийнхөө дуртай тоглоомуудыг сонгоорой. Чи маргааш галт тэрэг болон усан онгоцоор өөр улс руу явах болно. Тэнд очоод шинэ хэл сурна. Гоё байгаа биз дээ?” хэмээн хэлсэн аж.

Нөхцөл байдал, тэр үеийн шийдвэрийг аль болох л хөгжилтэй, догдлолтой зүйл мэтээр хүүдээ ойлгуулахыг хүссэндээ ийн хэлсэн байх гэж боддог хэмээн Жорж ярив.

Жорж Шефи ээжийн хамтаар.

Тэрбээр ээжийнхээ захиснаар дуртай тоглоомоо ч авч чадаагүй юм. Учир нь хүүхдүүдийг жижиг цүнх л биедээ авч явах боломж олгосон байна. Зарим хүүхэд гаран дээр нь бичсэн өөрсдийнх нь нэрээс өөр юу ч үгүй явсан гэдэг.

“Тэр олон эцэг эх хүүхдүүдээсээ хагацаж байгааг харах үнэхээр хүнд байсан. Галт тэргэнд ороод цонхоор харахад ээж маань надад баяртай гээд гар даллахын тулд чадлаараа гүйж байхыг харсан” гэв.

Гэхдээ тухайн үед тэрбээр энэ нь ээжийгээ харж буй сүүлийн дүр зураг гэдгийг мэдээгүй юм. 1943 онд түүний ээжийг Аушвицийн хорих лагерь руу авч яваад, хэдхэн цагийн дараа амийг нь хороосон байна.

Жоржийн ээж Мариг Аушвицийн хорих лагерьт аваачиж, амийг нь хороожээ.

Англид буугаад хүүхдүүд шинэ эцэг, эхтэйгээ уулзах үеийн талаар тэрбээр “Тэр үе яг л захаас мах сонгож байгаа мэт байсан. Шаргал үс, цэнхэр нүдтэй бяцхан охин бол чи сайн эцэг, эхтэй учирна. Харин 17 настай эрэгтэй, бага зэрэг далий хамартай бол чамайг гэрийн үйлчлэгч мэтээр үзэх болно” гэсэн юм.

Хүүхдүүдийг өргөж авсан гэр бүлд ямар нэг хараа хяналт тавиагүй бөгөөд зарим нь сэтгэл зүйн болоод бие махбодын хүчирхийлэлд өртөж байсан гэх.

Гэхдээ Жоржийн хувьд сайн эцэг эхтэй учирч, өөрт нь тусалсан олон хүн байсан аж. Харин 18 нас хүрмэгцээ Израил улс руу цагаачлахаар болжээ. Тэнд очоод тэнгисийн цэргийн ангид элсэж, гэр бүл зохиож, өдгөө тэрбээр үр хүүхэд, ач, гучаа хүртэл үзсэн байна.

Жорж Шефи гэр бүлийн хамтаар.
Жорж Шефи, 90 жилийн өмнө, Германд.

Тэрбээр Герман руу очих бүрдээ 90 жилийн өмнө зураг авхуулж байсан газартаа очиж, өсөж үржсэн гэр бүлийнхнийхээ хамтаар зураг даруулдаг уламжлалтай гэнэ.

Эх сурвалж: ВВС

#мэдээ