Тэдний хайрын түүх: Kim Woo Bin ба Shin Minah


Сүжи | YOLO.MN
2022-05-26

Ээлжит нийтлэлдээ бид Kim Woo Bin, Shin Minah нарын хайрын түүхийг онцолж байна. Тэд 2015 оноос эхлэн болзож байгаа ч хуримын зар дуулгаагүй өдийг хүрсэн билээ. Тиймдээ ч Өмнөд Солонгосын алдартан хосуудаас энэ онд гэрлэх магадлал өндөртэй хосуудын тоонд зүй ёсоор багтаж байгаа юм. Ингээд тэдний учрал, үерхэл хэрхэн эхэлж, яаж өрнөж буй талаар мэдэж авцгаая. 

2015 ОН: АНХНЫ ХАМТРАЛ

Өмнөд Солонгосын кино урлагийн салбарт өөрсдийн гэсэн байр сууриа хэдийн олсон тэднийг 2015 оны нэгдүгээр сард Giordano брендийн нүүр царай болж, зураг авалтад гар нийлэн оролцохоос өмнө нэг ч төсөл дээр хамтарч ажиллаж байгаагүй гэвэл та итгэх үү? Тодруулбал, тэд тус брендийн 2015 оны хавар, зуны коллекцын кампанит ажилд хамтран оролцсоноор ажлын шугамаар анх танилцаж байсан юм. 

Улмаар мөн оны долдугаар сарын 22-нд Dispatch-аас тэднийг болзож байгаа талаарх мэдээллийг дэлгэсэн бөгөөд тавдугаар сараас болзож эхэлсэн гэв. Ийнхүү тухайн өдөр хоёр талын агентлаг уг мэдээллийг үнэн гэж баталснаар тэдний үерхэл албан ёсоор эхэлсэн юм. 2015 оны эцсээр Kim Woo Bin “Uncontrollably Fond”, харин Shin Minah “Oh My Venus” цувралуудад гол дүр бүтээн хоёр талд тун шахуу цагийн хуваарьтай ажиллаж байсан ч Kim Woo Bin-ий агентлагаас тэдний харилцаа сайн хэвээр байгаа талаар мэдээлсэн билээ. 

2017 ОН: ХАВДРЫН ОНОШ

Kim Woo Bin 27 насандаа “nasopharynx cancer” буюу хамар залгиурын хорт хавдартай гэдгээ олж мэдэв. Тухайн үед түүний харьяа агентлаг “Сүүлийн үед Woo Bin өөрийнх нь эрүүл мэндэд өөрчлөлт орж буйг анзаарч, эмнэлэгт үзүүлтэл хамар залгиурын хорт хавдрын оноштой болох нь батлагдсан” хэмээн мэдэгдсэн юм. Сонирхуулахад түүний эмнэлэгт хандахад нөлөөлсөн гол шалтгаануудын нэг нь жүжигчин Lee Byung Hun байсан гэдэг. Тэр үед Woo Bin-ий хамраас ойр ойрхон цус гарах шинж тэмдэг илэрч байсан ба нэг удаа тэд хамт оройн хоол идэж байх үеэр хамраас нь мөн л цус гарснаар жүжигчин Lee Byung Hun түүнийг эмнэлэгт хандах нь зүйтэй хэмээжээ. Ингэж л тэр эрүүл мэндийн шинжилгээнд орж хавдраа эрт оношилж чадсан юм. 

Тэд бүхий л цаг үед хамтдаа байсан гэдгийг дурдах хэрэгтэй. Хавдрын эмчилгээ, асаргааны үеэр Shin Minah түүний дэргэдээс огт холдоогүй бөгөөд хамтдаа эмнэлэгт байгаа зургууд ч мэдээллийн хэрэгслүүдээр гарч байв. 

2019 ОН: ХАВДРЫН ДАРААХ ЭРГЭН ИРЭЛТ

2017 онд хорт хавдартай гэдгээ мэдсэнээс хойш тэд хоёул карьерын хувьд зогсонги байдалд байсаар, 2019 онд олны нүдэнд гарч ирсэн юм. Тодруулбал, Kim Woo Bin албан ёсоор эмчилгээгээ дуусгасан үе буюу 2019 оны нэгдүгээр сард тэд хамтдаа Австралид аялж буй гэрэл зургууд цацагдав. Түүнчлэн мөн оны наймдугаар сард Shin Minah-гийн удаан хугацааны дараа дүр бүтээж буй “Chief of Staff” цувралын зураг авалтын үеэр Woo Bin кофены машин явуулснаар тэдний харилцаа сайн үргэлжилж байгаагийн илрэл болсон билээ. 

2020 ОН: НЭГ АГЕНТЛАГИЙН ЖҮЖИГЧИД БОЛОВ

2019 оны арваннэгдүгээр сард Kim Woo Bin анх удаа олны нүдэнд ил гарч ирсэн ба тухайн үед түүний гаргасан хамгийн том шийдвэрүүдийн нэг нь найман жил хамтран ажилласан агентлагаа орхиж буй явдал байв. Тэрээр 2020 оны хоёрдугаар сард Shin Minah-гийн харьяалагддаг “AM” энтертайнменттай гэрээ үзэглэсэн юм. 

2021 ОН: АНХНЫ ДЭЛГЭЦИЙН ХАМТРАЛ

Үерхэж эхлээд өдгөө долоо дахь жилийн нүүрийг үзэж байгаа ч тэдний хамтдаа авхуулсан зураг гэвэл бараг үгүй. Өөрсдийн харилцаагаа ямагт олны анхаарлаас ангид авч явж буй тэд эцэст нь дэлгэцийн бүтээлд хамтран дүр бүтээх боломж гарсан нь яг одоо үзэгчдийн хүртээл болж буй “Our Blues” цуврал байв. Хэдий нэг уран бүтээлээс харах боломж олдсон ч хамтдаа нэг ч хэсэгт тоглоогүй нь харамсалтай.  Ийнхүү 2021 оны дөрөвдүгээр сард харьяа агентлагаас нь тэднийг нэг цувралд дүр бүтээнэ гэдгийг албан ёсоор зарлахтай зэрэгцэн Kim Woo Bin жүжигчний хувиар таван жилийн дараа эргэн ирж байгаа билээ.

Тэдний амьдралыг к-драматай зүйрлэж болмоор... Хүнд хэцүү үе бүрийг хамтдаа даван туулж, эцсээ хүртэл нэгнээ гэх замыг сонгосон болохоор тэр байх. Тэднийг тун удахгүй хуримын зар дуулгана гэдэгт итгэлтэй байна. 

Эх сурвалж: Koreaboo, Cosmopolitan

#Кино урлаг