Өөрийнхөө хамгийн сайн найз болох 8 арга


О.Батхишиг | YOLO.MN
2023-10-19

Амьдрал бол эгц өндөр хад, толгой эргэм галзуу хулгана, учир нь үл олдох оньсон тоглоом гэлтэй. Барьцгүй ертөнцөд өөрийн тань дэргэд хамгийн үнэнч байх цор ганц хүн бол зөвхөн та өөрөө юм шүү. Тиймээс бид эл нийтлэлдээ өөрийнхөө хамгийн сайн найз болоход тань тус болох 10 аргыг хуваалцаж байна. 

Өөрийгөө хайрлах 

Өөрийгөө хайрлах нь  хүлээн зөвшөөрөхөөс эхтэй. Тиймээс та өөрийнхөө давуу талыг таньж, сул талаа хүлээн зөвшөөрөхөд суралцаарай. Бүхнийг чаддаг ид шидтэн хорвоо дээр нэг ч үгүй шүү дээ. Тиймээс өдөр бүр өөртөө эерэг зүйл хэлээрэй. Толинд хараад "Би байгаагаараа хангалттай" гэж хэл.   

Өөртөө анхаарал халамж тавих 

Өөртөө анхаарал халамж тавих энгийн аргуудыг хуваалцъя. Нэн тэргүүнд шим тэжээлтэй хоол хүнсээр өөрийгөө торд. Дараа нь хангалттай нойр авч хэвшээрэй. Дор хаяж өдөрт 7-9 цаг унтах зорилт тавиараа. Тогтмол дасгал хөдөлгөөн хий. Мөн өөртөө амрах цаг гарга. Ном уншиж, хөгжим сонс, эс бөгөөс цэцэрлэгт хүрээлэнд чимээгүйхэн сууж сэтгэлээ тайвшруул. Өөрийгөө халамжлах нь хувиа хичээсэн зүйл биш гэдгийг санаарай.  

Ганцаараа хийх зүйлээ тодорхойл 

Бид үргэлж хүмүүсээр тойрон хүрээлүүлж эсвэл тэр хүрээлэлд багтах гэж хичээх хэрэгтэй гэж үү. Цаг хугацаа өнгөрөх тусам зөвхөн чи л хийж түүнээсээ таашаал мэдрэх зүйл чамд ус агаар мэт чухал санагдана. Тиймээс одооноос хийх дуртай зүйлээ олж хэрэгжүүл. Өөр хэнийг ч бодолгүйгээр хүссэн үедээ хүссэн зүйлээ хийх нь чухал шүү. Хэрэв та эргэн тойрныхоо хүмүүст үргэлж хэрэгтэй хүн бол нэг алхам ухарч, хэсэг хугацаанд ганцаараа байж үзээрэй.  

Төвлөрөх 

Ухаалаг утас, сошиал медиагийн хөгжлөөс болж хүмүүсийн анхаарал төвлөрөх чадвар саармагжиж өнгөрсөндөө баригдах эсвэл ирээдүйнхээ талаар санаа зовох нь ихэссэн.  Гэхдээ өнгөрсөнд байнга эргэлзэх эсвэл ирээдүйн талаар стресстэх нь таны сэтгэл зүйН хямралд хүргэдэг. Анхаарал гэдэг яг одоо байгаа мөчид төвлөрөх явдал. Энэ нь бусадтай ярилцах, хоол идэх, зугаалах гэх мэт яг одоо хийж байгаа бүх зүйлдээ бүрэн төвлөрөх тухай юм. Мэдрэмждээ анхаарлаа хандуулж эхэл. Та яг одоо юу харж, сонсож, үнэрлэж, амталж, мэдэрч байна вэ? Сэвэлзэх салхи, шувуудын жиргээг зүгээр л мэдэр.   

Өөртэйгөө сэтгэл хөдөлгөм яриа өрнүүл 

Үнэндээ бид өөртөө дэндүү  шүүмжлэлтэй хандаж хатуурхдаг. Өчүүхэн алдаагаар өөрийгөө яллаж, амжилт л гаргахгүй бол өөрийгөө үнэлдэггүй. Тиймээс энэ эсэргүү хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөлтийг эхлүүлэх хамгийн шилмэл арга бол өөртэйгөө сэтгэл хөдөлгөм яриа өрнүүлэх юм. Энэ нь өөрийнхөө үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, боломжоо таньж мэдэх явдал юм. Хүнд үед өөртөө урмын үг шивнэх, бага ч гэсэн амжилтад хүрсэн үедээ баярын үгсээр мялаах тухай юм. Хэцүү үеийг даван туулахдаа бүх зүйл зүгээр, та бодсоноосоо илүү хүчтэй гэдгээ өөртөө сануул. 

Хил хязгаарыг тогтоох 

Бид бусдын санаа бодолд нийцэхийн тулд эс бөгөөс өөрийн суурь хандлагаараа  хүсээгүй ч гэсэн "тийм" гэж хэлдэг. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд бид бусдад таалагдахыг эрэлхийлж байхдаа хамгийн чухаг хүн болох өөрийгөө гээж байдаг. Тиймээс аливаа зүйлд тодорхой хил зааг тогтоох хэрэгтэй. Энэ нь өөрийн нөөц боломжоо мэдэрч, хэт ачаалал үүрэхгүй байх явдал юм. Эрүүл хил хязгаарыг тогтоож, өөрийн хэрэгцээг нэн тэргүүнд тавих нь зөв гэдгийг санаарай. 

Талархаж сурах  

Судалгаагаар баярласан сэтгэлээ илэрхийлж, өөрт хийгээд аливаа зүйлд талархалтай ханддаг хүмүүсийн сэтгэл зүй харьцангуй тогтвортой байдаг аж. Талархал гэдэг нь амьдралынхаа сайн сайхан зүйлсийг хүлээн зөвшөөрч, үнэлж буй үйлдэл юм. Магадгүй та "Би юунд талархах билээ" гэж эргэлзэж байна уу? Хариулт нь ердөө энгийн. Хайртай гэр бүл, эрхэлж буй ажил эс бөгөөс халуун кофе ууж, нар жаргахыг харах эл  жижиг үйлдэлд хүртэл талархаж болно шүү дээ. Талархаж сурахад нөлөө үзүүлэх хамгийн шилдэг арга бол тэмдэглэл хөтлөх. Өдөр бүр талархаж явдаг гурван зүйлээ бич.  Өдөр амттай хоол идсэнээ хүртэл бичиж болно шүү дээ.  

Хөгжлийг бүү гээ 

Өсөлт дэвшил гэдэг "илүү сайн" хүн болох тухай биш. Энэ нь өөрийгөө “хэн бэ” гэдгээ харуулах явдал. Бид амьдралын хамгийн дуулгавартай сурагч байдаг. Хорвоо дэлхий уужим сурах зүйл ч их. Тиймээс хэт назгай, залхуу нэгэн бүү болоорой. Сурч, хөгжиж, алсын хараагаа тэлж эрдэм боловсрол, эерэг бүхэн рүү тэмүүл. Өсөлтөөс бүү ай. Тэвчээр шавхах хүндхэн үеүдийг тултал мэдэрч даван туул.  Ингэж л чи өөрийнхөө жинхэнэ “би”-г таньж ойлгоно.   

 

#нийтлэл