Дэлхий даяар 5.7 сая хүүхэд өлсгөлөнгийн ирмэг дээр байна


YOLO.mn | YOLO.MN
2023-10-16

Дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрч, 2050 он хүртэл арван жил тутамд 1%-иар өсөх төлөвтэй байна. Хүн ам өсөхийн хэрээр хоол хүнсний хэрэгцээ ч мөн дагаад нэмэгдэнэ.  Сүүлийн жилүүдэд хүмүүсийн хооллох хэв маягаас үүдэн байгаль орчинд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байна. Энэ нь хүнсний нөөцөд дарамт учруулж, аюулгүй байдал алдагдах суурь болж буйгаас гадна дэлхийн дулаарлыг түргэсгэхэд нөлөөлж байна.

Хүнсний аюулгүй байдал яагаад чухал вэ? 

Хүнсний хангамж сайтай байх нь  хүний хамгийн үндсэн бөгөөд чухал эрхийн нэг боловч дэлхий дээр өдөр бүр 25,000 орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэж байна. Мөн 854 сая хүн хоол тэжээлийн дутагдалд орсон гэх тооцоо бий. 2020 онд дэлхий даяар өлсгөлөнгийн түвшин ойролцоогоор 118 сая хүнээр нэмэгдсэн нь 2006 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Өлсгөлөн нь ХДХВ/ДОХ, хумхаа, сүрьеэгийн өвчлөлөөс илүү олон хүний аминд хүрч байна.

2012 онд The Economist сэтгүүл дэлхийн 113 орны хүнсний аюулгүй байдлыг хэмжих зорилготой дэлхийн хүнсний аюулгүй байдлын индексийг гаргажээ. Үзүүлэлтээр хүнсний аюулгүй байдал нь бүс нутгаасаа шалтгаалж харилцан адилгүй гарсан аж. 2021 оны индексийг авч үзвэл Ирланд, Австри, Их Британи зэрэг улсууд хүнсний аюулгүй байдал, нөөцөөрөө тэргүүлж байгаа бол Африкийн улсууд хүнсний хангамж,чанар, аюулгүй байдлаараа сүүл мушгиж байна. 

Өндөр хөгжилтэй орны иргэд нөөцийг илүүтэй ашиглаж байгаль орчинд сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнийг сонгодог аж. Хүнсний эрэлт өндөр байгаан хэрээр дэлхийн нийт нийлүүлэлтийн гуравны нэг орчим буюу бараг 1.2 тэрбум тонн хүнсний бүтээгдэхүүнтэй тэнцэхүйц хог хаягдсаар байна. Өндөр хөгжилтэй орнууд  хаягдал хоол хүнсээ 50%-иар бууруулбал буурай орны хоол тэжээлийн дутагдалтай хүмүүсийн тоо 63 сая хүртэл багасах боломжтой гэх судалгаа гарчээ. Хүнсний хог хаягдлыг багасгах нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд үлэмж хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ. Сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд тариалангийн талбайн 35 гаруй хувь нь хүний үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн байна.

Хүн ам өсөж, орлого сайжран, хоолны хүнс төрөлжихийн хэрээр хүнсний эрэлт хэрэгцээ эрчимтэй нэмэгдэх болжээ. Хүүхдийг Ивээх Сангийн тооцоолсноор дэлхий даяар бараг 5.7 сая хүүхэд өлсгөлөнгийн ирмэг дээр бий гэх харамсалтай дүн гарчээ. Хоол тэжээлийн дутагдалд орсон хүмүүс амархан стрессдэж  бүтээмж нь буурдаг байна. Бодлогын түвшинд нөөцийн хуваарилалт, газар ашиглалт, хүнсний худалдаа, үнийн зохицуулалт хийх шаардлагатай байгааг байгаль орчны судлаачид онцолж байна.  

Эх сурвалж: earth.org

 

#мэдээ