"Амжилт бол сонгол" сэдэвт Дайл Карнегийн Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч, Олон улсын мастер трейнер, JCI Монгол академийн 5 одтой сургагч багш Э.Чинзоригийн илтгэлээс
Амжилт гэдэг азтай ч юмуу аав ээж нь баян, аль эсвэл өндөр нуруу, царайлаг хүмүүс хүрдэг зүйл биш. Амжилтад хүрэхэд суурь ур чадвар хэрэгтэй. Амжилт гэдэг нь амжих гэдэг үгээс язгууртай. Ямар нэг зүйлийг амжина гэдэг нь ямарваа нэгэн зүйлд оройтох биш, цагийн эртэд өөрийгөө бэлдэх тухай хэлдэг.
Амжилтад хүрээгүй хүмүүс хэн нэгэн, ямар нэгэн хөндлөнгийн зүйлд заавал шалтаг хэлдэг. Надад мөнгө хөрөнгө олдоогүй, яг тэр үед намайг нэг хүн хуурчихсан юмаа гэх мэт. Шалгалт болоход 60 өдөр байгаа бол сүүлийн 10 хоногт биш 60 өдөр бэлдээрэй. Ингэж чадвал бүх хүн амжилтад хүрч чадна.
Бид нар заавал нэг шийтгүүлж, сануулж, түлхүүлж хөдлөх гээд байдаг. "Гэрээ цэвэрлэхгүй бол ipad-ийг чинь хураана" гэх мэт шийтгэлээр түлхүүлж хөдөлдөг. Загнуулахгүй ч юмуу айдаст автуулахгүй бол мотиваци авахгүй болчихдог. Айдас эрсдэлийн мотовацаар амьдралд амжилтад хүрэхэд хэцүү. Эсрэгээр урам зориг хүсэл мөрөөдөлтэй бол тогтвортой мотивацтай байж чадна. Тиймээс айдас эрсдэлийн мотивацаар биш хүсэл тэмүүллийн мотивацаар жигүүрлээрэй.
АМЖИЛТАД ХҮРДЭГ ХҮМҮҮСИЙН ТАВАН НУУЦ:
Хамгийн эхний нууц бол өөртөө итгэлтэй байж алдахаас айхгүй байх хамгийн чухал. Хүн нэг алдаа гаргавал сэтгэлээр мохдог, дахин давтахаар бүр мохдог. Гурав дахиа алдвал "Би хэзээ ч чадахгүй юм байна" гээд шантардаг. Нэг алдвал хоёр дох дээрээ чадна хоёр алдвал гуравдах дээрээ чадна, дөчин найм алдсан ч дөчин ес дээрээ чадна гэдэг мохошгүй байх нь амжилтад хүрэх нууц байдаг.
Өөрийнхөө санаа бодлыг зөв илэрхийлэх
Хэн нэгэн чи царай муутай, намхан гэх мэтээр дээрэлхэх хандлага байдаг. Зарим тохиолдол эцэн эх нь ч хүүхдээ зэмлэсээр байгаад дуугүй болгочихдог тохиолдол бий. Дуугаа хураахгүйгээр өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг илэрхийлдэг байгаарай. Хэн нэгэн хүн чамд сөрөг үг хэлэхэд битгий хүлээж ав. Өөрийгөө хамгаалах дархлаатай бай. Тэр хүн надад муугаар хандаж байгаа юм чинь түүнд хандаад нэмэргүй гэж битгий бодоорой. Ямар ч үед өөрийнхөө хүслийг илэрхийлдэг байгаарай.
Хүн болгонтой ижил тэнцүү харьцаж сураарай
Би ядуу, намхан, царай муутай гэж өөрийгөө битгий голоорой. Дээшээ ч доошоо ч ямар ч хүнтэй эн тэнцүү харилцаж чаддаг хүмүүс амжилтад хүрдэг.
Хүнд туслах хэрэгтэй
Хүнд туслаад нөгөө хүн чамд туслаагүй байсан ч чи алдаж байгаа хэрэг биш юм шүү. Цаад хүн хариу өгөөгүй байсан ч чиний хүнд туслах чадвар хөгждөг. Арван хүний найм нь эргэж туслаагүй байсан ч хоёр нь заавал тусалдаг. Тэр хоёр найз насан туршийн сайхан найзууд болдог. Хүнд тусалдаг, итгэдэг байгаарай.
Ямар ч зовлон бэрхшээлд сэтгэлийн хаттай байгаарай
Хүн ер нь зорилго байхгүй үед л зовдог. Ямар ч шалтгаангүй таныг хэцүү ажил хийлгэвэл залхуу хүрнэ, ядарна. Гэтэл хэцүү атлаа мөрөөдлийг тань биелүүлэх ажил байвал сэтгэлээсээ хийгээд эхэлдэг. Би багадаа компьютер тоглох дуртай байлаа. Гэхдээ манай гэрт байдаггүй. Манай өвөө надад "нэг өдөр түрээсэлж өгье, харин чи гэрийхнээ бүх ажлыг хийгээрэй" гэсэн. Би тэр өдөр гэрийн бүх ажлаа аз жаргалтайгаар хийсэн.
Дуртай зүйлийнхээ төлөө хүн хүнд хэцүүг амархан давж чаддаг. Хүсэл мөрөөдөлтэй амьдралын зорилготой бол өнөөдрийн ямарч зүйлд ялархахгүй, залхуурахгүй байж чаддаг.
Үйсэн бөглөө усанд живдэггүй. Усны хэр гүн байх ямар ч хамаагүй. Үүний нэгэн адил хүн сэтгэлзүйн хаттай байж чадвал үйсэн бөглөө шиг амьдралын ямар ч бэрхшээлд живдэггүй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!