ЗАХИДАЛ: Би түүнд сайн гэдгээ дахин нэг хэлэх үү, яах вэ?


ССҮТөв | YOLO.MN
2017-11-06

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Их хөгжилтэй хүүхэд болохоор зөндөө л дурсамжууд өнгөрөөд байх шиг.

Тэр үед л сайн болсон гэдгээ мэдрээд зүгээр л юу ч болоогүй байхад бодогдоод л.

Сайн байна уу? Би 14 настай, 9-р ангид сурдаг. Нэг хөвгүүнд сайн болоод 5-н жил болж байна. Анх манай ангид шилжиж ирээд хамт суух болсон. Тэр үедээ ч зүгээр л шилжиж ирдэг л хүүхдүүд шиг санагдаад байтал суудал солисон л доо. Ер нь нийт 4-н удаа хамт сууж байсан. Бага ангид олон удаа солиод байдаг шүү дээ. Тэгээд л ахиад 2-р улирлын үед ахин хамт суусан. Их хөгжилтэй хүүхэд болохоор зөндөө л дурсамжууд өнгөрөөд байх шиг. Хичээл дээр их санал нийлдэг байсан. Бараг миний анхны найз гэхүү дээ. Дахиад л суудал сольсон. Тэр үед л сайн болсон гэдгээ мэдрээд зүгээр л юу ч болоогүй байхад бодогдоод л. Анх удаа л ийм мэдрэмжүүд мэдрэгдсэн...

6-р ангид анх ороход шинэ багштай болоод л багш суудал хуваарилж байхад 4 дэх удаа түүнтэй хамт суудаг болсон. Тэр үеэс эхлээд л чатладаг ч болсон. Одоо бодоход их л сайн найзууд байсан юм шиг. Тэгээд 3-р улирлаас өөр газар суух болсон. 6-р анги төгсөх үеэс эхлээд л гэнэт чатлахаа больсон, ярилцахаа ч больсон. Нэг ангид сурдаг байж танихгүй мэт л... 7-р анги төгсөхөд тэр нөгөө ангийн охинтой үерхсэн. Гэвч тэрнээс өмнө бас нэг өөр охинтой үерхдэг байсан ч гэж сонссон. Гэхдээ л удалгүй салсан байх.

Харин тэр зуны амралт дуусах үед би сайн гэдгээ чатаар л хэлсэн. Анзаараагүй. Юу ч мэдээгүй болоогүй юм шиг байдалтай л өнгөрөөд байсан. Би ч яах гэж сайн болсноо гайхаж эхлээд л... Угаасаа анзаарахгүй байхад л... 8-р ангид орсоноос хойш би ангийнхаа бас нэг хүүхэдтэй холбогдож эхлэсэн. Бас л бид сайн найзууд байсан. Тэгээд тэр хүүхдийг надад сайн гэсэн. Ангийнхан бүр дэмжээд л. Намайг өөр хүүхдэд сайн гэдгийг мэддэг байсан ч... Март 8-аар надад шалтгаангүй бэлэг өгөөд би ч бас 18-нд өгөх хэрэгтэй гэж бодоод бэлэг солилцсон. Гэхдээ би үерхээгүй л дээ. Бас зарим хүүхдүүдээс миний сайн гэж буй тэр хүүхдийг надад сайн гэхийг ч сонсдог л байсан. Энэ үеүүдэд хүүхдүүд намайг өмнөхөө мартах хэрэгтэй гэж өчнөөн хэлэхэд би биелүүлж чадаагүй... Энэ хичээлийн жилд харин миний ард суудаг болсон. Гэхдээ яагаад ч юм бүх зүйл хэвийн яг л бага ангид байсан шиг л байгаа.

Харин тэр өмнө нь охидтой үерхэж байсан болохоор мартах хэрэгтэй болов уу. Эсвэл энэ жилийг өнгөрөөгөөд л өөр сургуульд очихоо хүлээх үү. Эсвэл ахин нэг оролдлого гаргаад өөрөө хэлж ямар ч хамаагүй хариу сонсох хэрэгтэй болов уу...

ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэлээ илчлэх үү, үгүй юу гэдгийг чи өөрөө л шийднэ.

Тиймээс чи сэтгэлээ дахин илчлэхээр шийдвэл түүнээс ямар ч хариу ирэхэд сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай.

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Сэтгэлээ илчлэх үү, үгүй юу гэдгийг чи өөрөө л шийднэ. Хайр дурлал, дотно харилцааны асуудал тодорхой дүрэмгүй учир нөхцөл байдал хаашаа ч эргэж болно. Тиймээс чи сэтгэлээ дахин илчлэхээр шийдвэл түүнээс ямар ч хариу ирэхэд сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай. Хамгийн гол нь чи зориг гаргаж сэтгэлээ илчилж байхад ямар нэг тодорхой хариулт аваагүй учраас одоо хүртэл тэр асуудал хаагдахгүй асуултын тэмдэг хэвээр байсаар байгаа нь чамд хамгийн төвөгтэй байгаа мэт ажиглагдлаа.

Тиймээс түүнд "ямар хариулт авах нь чухал биш зүгээр л өөрөөс нь ямар нэг тодорхой хариу л сонсмоор байна" гэдгээ хэлээрэй. Яг одоо энд маш олон асуултын тэмдгүүд байна, тэр надад сайн болов уу эсвэл өөр охинд сайн уу, миний түүнд сайн гэдгийг мэдсэн болов уу, надад бэлэг өгдөг хөвгүүн надад сайн юм болов уу гээд л. Хэрвээ эдгээрийг ойлгомжтой болгьё гэвэл хоорондоо асууж ярилцаж мэдээллээ солилцоход хангалттай. Гэхдээ дээр хэлсэн шиг сэтгэлээ дахин илчлэх үү гэдгийг чи өөрөө л шийднэ. Амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв,

Туслах сэтгэл судлаач
М. Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Love #Heart #Boy