Монголд удахгүй ирэх Nas Daily гэж хэн бэ?


А.Номин | YOLO.MN
2023-07-26

Цахим хуудаснууддаа 40 гаруй сая дагагчтай Nas Daily ирэх сард Монгол Улсад ирэх гэж буйгаа өөрийн цахим хуудаснуудаар дамжуулан мэдэгдсэн. Араб-Израиль гаралтай, 31 настай, контент бүтээгч түүний бүтэн нэр нь Нусейр Ясин. “Nas” гэдэг нь Арабаар “хүмүүс” гэсэн утгатай үг юм.

Тэрбээр анх дэлхийн улсууд руу аялж, тухай улсын онцлог зүйлсийг нэг минутад багтаан харуулдаг бичлэгээрээ алдартай болсон. Тухайн үед бичлэгээ Юүтүб хуудсанд оруулдаггүй, зөвхөн Фейсбүүкээр дамжуулан хүргэдэг байжээ. Түүний бичлэгүүд олон хүнд хүрч, хоёр жилийн дотор 10 сая дагагчтай болсон юм. Тэрбээр нэг минутын 1000 бичлэг хийсэн бөгөөд 2019 оноос бичлэгүүдийн хэмжээг уртасган гаргадаг болсон. Одоогоор түүний багийнхан дэлхийн онцгой газар, хүмүүсийг онцолсон бичлэг хийхийг зорьж байгаа аж.  

Нусейр Ясины хувьд зөвхөн бичлэгт хязгаарлагдалгүй подкаст, видео компани, цахим сургалт зэрэг олон салбарт тэлж, ажиллаж байна. Мөн 2019 онд HarperCollins-тай хамтран “60 секундэд дэлхий дахинаар” хэмээх номоо гаргажээ. Тус номд аяллынхаа талаар нэг минутад багтааж хэлж чадаагүй зүйлсийг тусгасан гэв.

Тэрбээр нисэхийн инженер чиглэлээр суралцахыг хүсдэг байсан ба 19 настайдаа Харвардын их сургуулиас тэтгэлэг хүртсэн. Хэдийгээр хүссэн чиглэлээрээ суралцаж чадаагүй ч тус сургуулийг 2014 онд эдийн засагч мэргэжилтэй төгссөн байна.

Нусейр Ясин бичлэг болон уулзалтуудын үеэр ихэвчлэн ижил төрлийн подволк өмсдөг нь түүний өөрийгөө таниулах нэг брэнд болсон гэхэд болно. Тэрбээр энэ талаар “Ижил хувцсаа өмсөх нь надад амьдралын мөч бүрийг нандигнах ёстой гэдгийг сануулдаг” хэмээн ярьж байжээ.

Nas Daily-ийн багийнхан ирэх сарын 19-нд Монголд ирмэгцээ “Nas Summit” арга хэмжээгээ зохион байгуулна. Тус арга хэмжээнд Nas Daily-ийн багийнхнаас гадна Юүтүбд олон сая дагагчтай бусад контент бүтээгчид оролцож, туршлагаасаа хувцаалцах юм байна. Нусейр Ясины хувьд Инстаграм хуудсандаа Монголд ирэхийг 10 жилийн өмнөөс мөрөөдөж байсан тухайгаа онцолсон юм.

#нийтлэл