Та ном унших дургүй юу эсвэл өөрийн сонирхолд нийцсэн номыг олоогүй юу?


Б.Мишээл | YOLO.MN
2023-07-14

Эртнээс ном унших нь хүмүүсийн сэтгэлгээг хөгжүүлж, ухааныг тэлж, хувь хүний хөгжилд ихээхэн нөлөөсөөр ирсэн. Гэвч зарим хүмүүст ном унших нь хэцүү, хүнд даалгавар мэт санагддаг. Энэ нь сонирхлыг тань татахгүй, буруу номоо сонгон уншсанаас үүдэлтэй. Тэгвэл номын хорхойтнуудын нууц юу вэ? Гол түлхүүр нь өөрийгөө хүчилж янз янзын сонгодог зохиол уншилгүй өөрийн мэдрэмж сонирхолд нийцсэн номыг сонгон уншихаас эхлэлтэй. 

Уран зохиолын арвин баялаг ертөнцөөс таны сонирхлыг татах төрлийг тодорхойлох нь маш чухал. Жишээлбэл, адал явдалтай зохиолын номоос авхуулаад хайрын түүх гээд л төрөл бүрийн хэв маягийг судлах нь уран зохиолын сонирхлоо нээх чухал алхам. Өөрийн зан чанар, сонирхол, туршлагынхаа талаар эргэцүүлэн, ямар сэдвүүд танд тохирохыг бодож үзээрэй. Та түүхийн эсвэл орчин үеийн  зохиолд дуртай юу? Танд  шинжлэх ухаант  уран зөгнөлт зохиол гоё санагддаг уу, эсвэл триллер зохиолуудын шар үс босгом үйл явдлуудыг сонирхож байна уу? Өөрийн хүсэл сонирхолд нийцсэн төрөл жанруудыг судалснаар та өөртөө тохирсон номоо олоход дөхөм байх болно.

Та өөрийн сонирхсон төрлөө  олж мэдсэн үү. Тэгвэл дараагийн алхам тань бичиглэлийн хэлбэр, илэрхийлэх санаа, үзэл бодол нь таалагддаг зохиолчдыг олох. Тогооч бүр хоолоо өөр өөр амтат жороор  бэлтгэдэгтэй адил зохиолчид өөрсдийн дуу хоолой, сэдэв, өгүүлэх арга техникээ бүтээлдээ шингээдэг. Сонгосон төрлийнхөө хүрээнд янз бүрийн зохиолчдын бичвэрүүдийг уншиж туршиж үзсэнээр бага багаар сонирхол дотроо хүрээгээ тэлнэ. Зарим зохиолчид танд гүн сэтгэгдэл үлдээж байхад заримыг нь уншаад юу ч ойлгохгүй  байж болно.  Таны сонирхлыг төдийлөн татахгүй номтой тулгарвал сэтгэлээр унах хэрэггүй өөртөө төрөл бүрийн ном сонирхон судлах эрхийг олгоорой. Энэ бүхэн таныг номын хорхойтон болгох, уран зохиолыг ойлгох аяллын нэг хэсэг.

Сонгодог уран зохиолыг уншаад шууд л ойлгож дурлахгүй бол би ном унших дургүй юм байна гэж бодох хэрэггүй. Сонгодог зохиолууд гайхамшигтай хэдий ч хүн бүр уран зохиолын нэг урсгалд татагддаггүйг санах хэрэгтэй. Хэрэв "Дайн ба Энх" эсвэл "Кармазовын хөвгүүд" гэх мэт нүсэр  том зохиолууд  таны сонирхлыг шууд татахгүй бол сэтгэлээр бүү унаарай. 

Шинэ төрлийн ном туршиж үзэхээс бүү айгаарай. Ном унших нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг аялал бөгөөд хэр их уншина тэр хэмжээгээр өөрийн үзэл бодолтой, задлан шинжлэх, шүүмжлэлт сэтгэхүйтэй болно. Эцсийн эцэст, ном унших хоббитой болохыг хүсэж байвал тэвчээр, эрэл хайгуул, өөрийгөө нээх эрмэлзэлтэй байх чухал. Өөрийнхөө онцлогийг ойлгож, өөрт тань таалагдах зохиолчдыг судалж, уран зохиолд шимтэх аялалаа үргэлжлүүлсээр л байвал ном унших нь таны амьдралын нэг хэсэг, дуртай хобби  тань  болно. 

#нийтлэл