"Хэрэлдээд эвлэрэх бүрт л бидний харилцаа хөндийрөөд байх шиг..."


ССҮТөв | YOLO.MN
2016-12-27

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Түүнгүйгээр маргааш гэдэг өдөр ч төсөөлөгдөхгүй

Би ч их түргэн ууртай, тэр минь ч түргэн ууртай. Магадгүй энэ хурдан маргалдах шалтгаан байх. Гурван ч удаа бараг салах дээрээ тултлаа хэрэлдсэн. Гэхдээ бид бие биенээ хурдан уучилж, эвлэрч эргээд хуучин хэвэндээ ордог.

Сайн байна уу.
Дахин нэг бяцхан асуудлаар зөвлөгөө авах гэсэн юм. Би одоо 16 настай. Би найз хөвгүүнтэй, түүнтэйгээ үерхээд хоёр сар болох гэж байна. Бид танилцаад удаагүй байж байгаад үерхсэн л дээ, гэхдээ бие биенээ маш сайн мэддэг болсон. Мөн маш хурдан дассан. Гэхдээ жижигхэн зүйл дээрээс хэрэлдэж маргалдах юм, байнга биш хэдий ч энэ нь их хэцүү санагдах юм. Би ч их түргэн ууртай, тэр минь ч түргэн ууртай. Магадгүй энэ хурдан маргалдах шалтгаан байх. Гурван ч удаа бараг салах дээрээ тултлаа хэрэлдсэн. Гэхдээ бид бие биенээ хурдан уучилж, эвлэрч эргээд хуучин хэвэндээ ордог. Гэхдээ энэ гол асуудал биш, гол асуудал маань гэвэл хэдий хэрэлдээд эвлэрдэг ч харилцаа маань хөндийрөх вий гэдэг л байна. Түүнгүйгээр маргааш гэдэг өдөр ч төсөөлөгдөхгүй байгаа, би магадгүй түүндээ маш их хайртай байх. Хэн хэн маань л түргэн ууртай учраас бие биеэ жижигхэн асуудал дээр ойлгохгүй үл ойлголцдог байх гэж боддог. Энэ тал дээр зөвлөгөө өгч туслаач, цаашдаа яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Асуудал үүсвэл яг яаж шийдвэрлэж байхаа хамтдаа ярилцаад гаргаарай

Хэрэв ингэж ярилцаад, дүрмээ зохиогоод, цаашид хамтдаа мөрдөөд явбал асуудал үүсэх нь багасаж, хамтлаа хэрхэн цаашаа үр дүнтэй байцгаах вэ гэдгээ бодох цаг олдох болно.

Сайн уу, юуны өмнө хосын харилцааны асуудал нэлээд ярвигтай гэдгийг санах нь зүйтэй. Тэгэхээр, эхлээд байнга юун дээр маргалдаж буйгаа тодорхой болгох хэрэгтэй, энэ нь ямар ч асуудал байж болно, найзуудтайгаа байхдаа намайг тоосонгүй, эсвэл хэлээд байхад анхаарч үгэнд минь орохгүй байна гэх мэтчилэн. Энэ бүх түгээмэл асуудлаа ярилцаж гаргаад, дараа нь ахиж ийм асуудал үүсвэл яг яаж шийдвэрлэж байхаа хамтдаа ярилцаад гаргаарай. Энэ ярилцаж тохирох байдал буюу хоорондын дүрэм л та хоёрын харилцаанд дутагдалтай байх шиг байна. Энэ дүрэмгүй бол жижиг том бүх л зүйлд асуудал үүсч буй мэт харагдаж та хоёр маргалдах болно. Найзуудтайгаа явж байхад нь уурлахгүй харин үнэхээр уурлах асуудал үүссэн бол дараа нь хоёулхнаа байхдаа ярилцана, миний найзуудтай ийм үед ингэж харилцах нь тэдэнд таалагдахад нөлөөтэй шүү гэх мэтээр түүний мэдэхгүй, чи заавал хэлж ойлгуулах асуудлууд бишгүй бий. Хэрэв ингэж ярилцаад, дүрмээ зохиогоод, цаашид хамтдаа мөрдөөд явбал асуудал үүсэх нь багасаж, хамтлаа хэрхэн цаашаа үр дүнтэй байцгаах вэ гэдгээ бодох цаг олдох болно. Эс бол өдөр тутмын жижиг асуудал дээр бухимдсаар сүүлдээ харилцахад ч төвөгтэй болж, салалтад хүрдэг шүү. Тиймээс та 2 аль аль талаасаа золиос гаргаад, дүрмээ сайн баримтлаарай. Амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Хайр #LOVE #Teenagers