Найздаа биш сэтгэл зүйчид


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2023-05-09

Сэтгэл санаагаар унасан үедээ бид мэргэжлийн нэгнээс зөвлөгөө авахаас илүүтэй, найз нөхөд, дотнын нэгэндээ ханддаг. Үнэн хэрэгтээ тэд биднийг ойлгож, хүлээж авах ч зөв зүйтэй зөвлөгөөг өгөх нь ховор. Тиймд хэрэв танд сэтгэл зүйн хүнд асуудал тулгарсан, шийдэж чадахгүй байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандах нь зүйтэй. Энэ тухай бид Сэтгэл Судлалын Үндэсний төвийн сэтгэл судлаач Золжаргалтай ярилцсаныг хүргэж байна.

- Сэтгэлээр унасан үедээ мэргэжлийн сэтгэл зүйч, засалчаас бус найз нөхдөөсөө зөвлөгөө авах нь хэр үр дүнтэй бол? Бас ямар үр дагаварт хүрч болох вэ?  

- Ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд найз нөхдөдөө бүх зүйлээ ярилцаж мэдрэмжээ хуваалцдаг шүү дээ. Энэ нь маш чухал зүйл. Мөн бие биедээ зөвлөх, мэдээлэл солилцох, шийдэл өгөх зэргээр нөлөөлж буй нь ажиглагддаг. Энэ нь буруу зүйл биш юм. Харин өсвөр насныхан маань найз нөхдийнхөө зөвлөсөн зүйлийг шууд тусган авч, үйлдэл хийхээс зайлсхийн, аль болох энэ талаарх мэдлэг мэдээллээр хангаж чадах мэргэжлийн хүн эсвэл өөрөөсөө ах эгч хүмүүсээс асууж зөвлөгөө авах хэрэгтэй шүү. 

- Хэн нэгэнд асуудлаа ярих үед “Зовлонг харьцуулах” тохиолдол гардаг шүү дээ. Надад ийм зүйл тохиолдож байсан, чиний асуудал үүний  дэргэд юу ч биш гэх мэтээр хэлдэг. Хүний сэтгэл зүйд гарч байгаа хямралыг харьцуулах нь зөв зүйл үү?  

- Хямрал буюу сэтгэл зүйн асуудал хүн бүрт байдаг. Үүнээс өсвөр насныхны хувьд хямрал  нь өөр өөрөөр илрэх боломжтой. Жишээлбэл, ижил насныхны хувьд адилхан асуудал тохиолдох нь элбэг хэдий ч тухайн үйл явдал нь хэр хүндээр тусаж буйгаасаа хамаарч өөр байх магадлалтай. Хүн бүр өөр байдлаар хүлээн авах учир харьцуулах нь улам их сэтгэл зүйн асуудалд оруулах эрсдэлтэй. Тиймээс үүний оронд өөрийн мэдрэмжийг хүлээн зөвшөөрөх, асуудлыг бодитоор харах боломжийг олгох нь илүү үр дүнтэй. 

-Өсвөр насанд зан ааш тогтворгүй байдаг. Энэ үедээ аав ээжтэйгээ ч тааруу харилцаатай болох тохиолдол үе их байдаг. Тэгвэл ийм тохиолдолд эцэг эхчүүд маань хүүхэдтэйгээ цуг зөвлөгөө авч болдог уу?  

- Боломжтой. Өсвөр насныхан манай төвд хандах нь их байдаг ба тэдний сэтгэл зүйн онцлогоос хамаарч, эцэг эхчүүд хэрхэн харилцах, мөн хүүхдэд тулгамдаж буй сэтгэл зүйн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр зөвлөгөө мэдээллийг авах бүрэн боломжтой. Өсвөр насныхан өөрсдөө сайн дураараа зөвлөгөөнд хамрагдан, өөрт тулгамдаж буй асуудлын талаар сэтгэл зүйчтэй уулзан, чиглүүлэг зөвлөмж авах боломжтой байдаг.  

- Өсвөр насны хүүхэдтэйгээ ойлголцохгүй, маргалдаж байгаа эцэг эхчүүдэд та юуг зөвлөх вэ? 

- Юуны өмнө эцэг эхчүүд хүүхдийнхээ хүсэл, тэмүүлэл, зорилго, сонирхол гээд бүхий л зүйлсийн талаар ярилцах боломжийг бий болгохыг хичээх хэрэгтэй. Ингэхдээ хүүхдээ шүүмжлэхгүй, байгаагаар нь хүлээн зөвшөөрч сонсохыг хичээгээрэй. Тэдний давуу талыг олж харж, магтан дэмжих буюу жижиг амжилт гаргасан ч  урамшуулж, дахин ахиц амжилт гаргахад түлхэц үзүүлэх хэрэгтэй. Мөн өөрийнхөө хувийн бодлыг тулгахаас илүүтэй хүүхдийнхээ асуудал, санал бодлыг сонсож, хамтдаа ярилцаж шийдэл олохыг зөвлөж байна.  

- Эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд анхааръя гэвэл хэдэн наснаас нь сэтгэл зүйч дээр авч очвол тохиромжтой вэ?  

- Хүүхдийг бага гэлтгүй өөрийгөө илэрхийлэх чадвартай тохиолдолд буюу 4-с дээш насны хүүхдүүд сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой. Ингэхдээ сэтгэл зүйч гэдэг хүний талаарх мэдээллийг өгөх, сэтгэл зүйчтэй уулзаж үзэх эсэх талаар асууж, зөвшөөрөл авахыг зөвлөдөг. Энэ нь хүүхэд энэ талаар мэдлэг, мэдээлэлгүй, эцэг эхийн шахалтаар уулзах гэж ирж байгаа тохиолдолд асуултад хариулахгүй байх, ярилцахаас зайлсхийх зэргээр зөвлөгөөний үр дүнд нөлөө үзүүлдэг.  

- Ноцтой сэтгэл зүйн асуудал тулгараагүй энгийн үедээ ч бид сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй байдаг уу? Сэтгэл зүйч дээр тогтмол очих нь сэтгэл зүйн ямар нэгэн асуудал эмгэгээс урьдчилан сэргийлэх арга болж чадах болов уу? 

- Сэтгэл зүйчтэй уулзахын тулд заавал асуудлаа хүндрүүлсэн, асуудал тулгарсан үед хандах шаардлагагүй. Сонголт хийх, шийдвэр гаргах, аливаа нэгэн эрсдэлийг тооцоолох, өөрийн бие хүний хэв шинжээ судлан, тодорхойлох, мэргэжлээ сонгох буюу аливаа асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд мэргэжлийн хүний зөвлөгөө шаардлагатай болсон тохиолдолд мэргэжлийн сэтгэл зүйчид хандах боломжтой.  

- Ямар нэгэн санаа зовоосон асуудал гарвал алкохол хэрэглэх, хоол идэж тайвширч байгаа хүмүүс бидний эргэн тойронд цөөнгүй байдаг шүү дээ. Ийм замаар стрессийн түвшин буурах болов уу?  

- Хүн стрессдээд байна гэдгээ мэддэг хэдий ч түүнийгээ буруу аргаар тайлах хандлагатай байдаг. Ялангуяа алкохол хэрэглэх, хоол идэх, чихэрлэг зүйл ихээр хэрэглэх зэргээр стресс тайлах нь буруу зүйл. Учир нь алкохол нь төв мэдрэлийн системийг дарангуйлж, сааталд оруулж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, түр зуурын сааталд оруулдаг. Энэ нь цаашлаад бидний бие махбод, сэтгэл зүйн хувьд янз бүрийн өвчин үүсгэх нөхцөл шалтгаан болж болох юм. Харин үүний оронд сэтгэл санааг зовоож буй зүйлийн талаар хэн нэгэнтэй ярилцах, өөрийн дуртай зүйлээ хийх, тайвшруулах дуу хөгжим сонсох, өөрт тохирох стресс тайлах аргуудыг судлах, сэтгэл зүйчтэй уулзан зөвлөгөө авах зэрэг аргуудыг хэрэглэх нь тохиромжтой. 

- Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах давуу талын талаар дүгнэж яривал... 

- Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь сэтгэл зүйн асуудлууд болон хувь хүний хөгжилтэй холбоотой асуудлууд дээр мэргэжлийн ёс зүйг баримтлан, нууцыг чандлан хадгалж, шүүмжлэхгүй, нээлттэй, эерэг хандлагатай байж, өөрийн зан үйлээс гарах үр дагаврыг ойлгоход мэргэжлийн үйлчилгээг үзүүлж, хамтран шийдвэрлэх, чиглүүлэг өгөх зэрэг давуу талуудтай.  Тиймээс хувь хүний хөгжилтэй холбоотой асуудлууд дээр ч мөн сэтгэл зүйчид хандан зөвлөгөө мэдээлэл авах нь үр дүнтэй байдаг байна. Ингэснээр хүн өөрийгөө илүү таньж мэдэх, өөрийнхөө зан үйл, сонирхол гээд бүхий л талаас өөрийгөө ажиглах боломжийг олгон, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч буй хамгийн том алхам юм шүү.  

#Сэтгэл зүй