Залуус "Цагаан сар"-ын тухай ингэж боддог


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2023-02-24

Цар тахлын улмаар цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэлгүй удсан Монгол түмэн дээл хувцсаа өмсөж, дэлхийд гайхагдсан уламжлалаараа гоён хөгшид хүүхэдгүй уулзан золгож, урин хаврыг угтан улирах өвлийг үдэж байна.  Ингээд найман зууныг илээсэн цагаан сарын баярыг өнөө үеийн залуучууд, идэр “Монгол хүмүүс” юу гэж бодож буйг сонирхсон юм. 

Х.Туяа: Өв уламжлалаа умартаж "Entrepreneur" сэтгэлгээтэй амьдрах хүмүүс бид биш

Хөвсгөл аймаг Ирээдүй XXI зуун ЕБ-ын сургуулийн 11А ангийн сурагч

Миний хувьд соёл гэдэг хүн хоорондыг нэгтгэдэг гайхалтай зүйл. Харин өв соёл гэдэг цаанаа гүн утга түүх агуулж өвлөгдөж ирсэн байдаг гэж боддог. Одоогийн даяаршиж буй дэлхийд өв соёлоо хадгалж үлдэх ганц Монголд төдийгүй бусад үндэстнүүдэд ч тулгарч буй асуудлуудын нэг. Үүнд миний хувьд гол шалтгаан нь өв уламжлалын гүн философийг нь өнөө үеийн залуус бид нар  ойлгодоггүй байх гэж боддог. Жишээ нь орондоо хоол иддэггүй ээж нь үхдэг гэлцдэг шүү дээ. Уг эшлэл нь хүнийг хувийн сахилга баттай байлгах гэсэн нэгэн санаа.  Цагаан сар бол бид нарт зориулагдсан баяр шиг санагддаг. Стресстэй завгүй амьдралын дундуур хэсэгхэн ч гэсэн төрөл садантайгаа уулзаж баярлаж суух сайхан биш гэж үү?

Мөн хорвоо дэлхийд оргүй хоосноос бүтдэггүй шүү дээ. Дэлхий дээр хийгдсэн шинэ гэгдэх санаа бүтээлүүд урьд өмнө байсан зүйлээсээ улбаатай байдаг биш гэж үү?

Дэлхийг өөрчилсөн алим модон дээрээ байж л байсан шүү дээ.  Тийм бол бид Өв соёлоо умартаад хэрхэн өнөөгийн нийгэмд  "Entrepreneur" сэтгэлгээтэй хүмүүс байх билээ дээ.

А.Мишээл: Баяр биш “Ял” гэж санагдах үе байдаг

Сайн байцгаана уу? Намайг Мишээл гэдэг. Монгол Улсын их сургуулийн 1 дүгээр түвшний оюутан. 

Аливаа зүйлс цаг үетэйгээ холбоотойгоор, илүү тухтай байдлаар хувьсаж өөрчлөгддөг гэж боддог. Цагаан сар бол өвлийг үдэж шинэ оныг угтаж буй баяр. Гадаадад зул сарын баярыг өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэдэг шиг Монголчууд ч хувь хувьдаа өргөн дэлгэр баярладаг. Манайх ч гэсэн чадахаараа өргөн дэлгэр тэмдэглэхийг хичээдэг. Миний хувьд бие биедээ тээр бололгүйгээр нэгнийдээ зочилж, мэнд усаа мэдэлцээд өнгөрөхөд л хангалттай гэж санагддаг.
Төрөл садангаараа нэг өдөр цуглаад, том хүлээн авалт хийчихвэл амар гэж боддог. Гурваас дөрвөн өдөр өглөөнөөс орой хүртэл тасралтгүй зочид ирэхээр баяр биш "Ял" юм шиг санагдах үе бий. Нөгөөтэйгүүр өрхийн эдийн засгийн хувьд ч дарамт болдог шүү дээ.

У.Батжавхлан: Цагаан сар бол огтоос үгүй хийх уламжлал биш

Намайг Улаанхүү овогтой Батжавхлан гэдэг. Би 1998 оны 5 сарын 5-ны өдөр Улаанхүүгийн отгон хүү болж мэндэлсэн.

Энэхүү баярыг мэдээж эзэн Чингис хааны үеэс тэмдэглэж эхэлсэн болохоор аль болох үгүй хийхгүй ёс уламжлалаа хадгалж үлдээд тэмдэглэх хэрэгтэй л баяр гэж боддог. Манжийн дарлалаас гарснаас хойш маш дэлгэр тэмдэглэдэг болсон. Тэр жаяг өдийг хүртэл хадгалагдаж байгаа.  Гэхдээ нөгөөтэйгүүр бүгдээ зарцуулж тэмдэглэх нь өрөөсгөл гэж бодож байна. Ямар ч өр зээл тавихгүй хүн бүр чадах чинээгээрээ бэлдээд байгаа бүхнээрээ л ирсэн зочдоо дайлаад гаргах нь зүйтэй байх. Цагаан сарын баяр дөхөөд эхлэнгүүт гэв гэнэт л ухаан орсон мэт энэ тэндээс мөнгө зээлэх элдэв бусын бэлэг сэлт бэлдээд эхлэх биш харин үнэхээр л хэн нэгний гарыг цайлгаж бэлэг өгмөөр байгаа бол жаахан урьдчилж тооцоотой бэлдэж тэмдэглэх нь илүү чухал гэж бодож байна. Хэрвээ бэлэг өгөх нь чухал биш гэж бодож байгаа бол өөрийн гэрт байгаа бүхнээрээ л илүү ч үгүй дутуу ч үгүй сайн дайлаад гаргах хэрэгтэй гэж боддог. 

Мөн уламжлалт баяр тул залуучууд бид ч энэ баярыг чухалчлан үзээд тэмдэглээд явах нь зүйтэй. Огтоос үгүй хийх уламжлал биш. 

Б.Анужин: Цагаан сар бол бидний умартсан өв уламжлалыг сануулах баяр

Завхан аймаг, Дэвшил сургуулийн 12в ангийн сурагч.

Миний хувьд цагаан сарын баяр маш их ач холбогдолтой зүйл. Монгол хүн, монгол хувцсаа өмсөөд, монгол наадгайгаараа тоглож өв уламжлалаа дээдлэх сайхан харагддаг. Нөгөөтэйгүүр төрөл садангаа мэдэх ач холбогдолтой баяр шүү дээ. 

Олон хүмүүс цагаан сарын бэлтгэл үйл явцыг төвөгшөөдөг шүү дээ. Хэдий тийм ч гэсэн хуучин жилээ үдэж, шинэ жилээ угтаж байгаа баяр шүү дээ. Хуучин жилдээ бүх зүйлсээ үлдээгээд, шинэ жилээ цагаан цааснаас эхлүүлж байгаа гэж боддог. Миний хувьд жилийн төлөвлөгөөгөө шинэ жилээр бус цагаан сараар тэмдэглэдэг. Надад тийм л учир утгатай баяр.

Бас залуучууд бидэнд төрөл садангаа таниж мэдэхээс гадна, бидний мартсан өв уламжлалыг сэргээн сануулах зорилготой баяр гэж боддог. Тийм ч учраас өргөн дэлгэр тэмдэглэх нь зүйтэй. 

Б.Мөнхтуяа: Хөгшин залуу гэлтгүй цагаан сарын санхүүгийн дарамт гэж хардаг болсон.

Эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдалтайгаар холбоотойгоор залуучууд цагаан сард тийм ч их анхаарал хандуулахаа больсон гэж боддог. Хэрэгцээгүй бэлэг нь айл айлаар дамжигдаж яваад эцэст нь анхны айл дээрээ эргэн очдог гэдэг шоглоом үг ч байдаг шүү дээ. Баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал эрс ихэсдэг. Баярын дараа томуу төст өвчний тохиолдол ихэсдэг нь хэвийн үзэгдэл болчихсон нь харамсмаар санагддаг. Хөгшин залуу гэлтгүй уг баярыг санхүүгийн дарамт гэж хардаг болчихсон нь үнэн. Нэг нэгнээсээ илүү гарах гэсэн баяр биш гэдгийг л ойлгох хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.

#Баярын өдөр #Ярилцлага