ГЭР БҮЛ САЛАЛТЫН ТАЛААР БИДНИЙ МЭДЭХ ЁСТОЙ ТАВАН ЗҮЙЛ


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2023-01-11

“Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” хэмээн Б.Чимид хэлсэн байдаг. Хүн бүр хуулийн мэдлэгтэй болох нь өөрт тулгарсан асуудлаа шийдэхэд хялбар. Тиймээс бид уншигчдадаа бидний өдөр тутмын амьдралд хэрэг болох хуулийн мэдлэгийг цуврал нийтлэлээр дамжуулан “All I need is law not love” пэйжтэй хамтран хүргэж байна. Энэ удаагийн нийтлэлээр гэр бүл салалт буюу гэрлэлт цуцлах асуудалтай холбоотой бидний мэдвэл зохих таван зүйлийг онцолж байна.

ГЭРЛЭЛТИЙГ ЗАХИРГААНЫ БОЛОН ШҮҮХИЙН ЖУРМААР ЦУЦАЛДАГ 

Захиргааны журам:

        Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллагад гаргах, улмаар Улсын бүртгэлийн байгууллагаас шалгаж үзээд гэрлэлт цуцлахыг хэлнэ.

Шүүхийн журам:

      Гэрлэгчид нь гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрөөгүй, 18 хүртэлх насны хүүхэдтэй, эд хөрөнгийн маргаантай тохиолдолд шүүхийн журмаар буюу аль нэг нь шүүхэд хандаж, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж гэрлэлт цуцлахыг хэлнэ.

      Шүүхийн журмаар гэрлэлт цуцлах үед хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд нэхэмжлэлдээ гэрлэгчдийн овог, эцгийн нэр, нэр, гэрлэлтээ хэзээ, хаана бүртгүүлсэн, гэрлэлт цуцлуулах шалтгаан, насанд хүрээгүй хүүхэдтэй бол түүний нэр, төрсөн он, сар, өдөр, түүнчлэн насанд хүрээгүй хүүхдийг хүмүүжүүлэх, түүнд асрамж тогтоох, тэжээн тэтгэх болон эд хөрөнгийн талаарх хүсэлт, энэ талаар хоорондоо хэлэлцэн тохиролцсон гэрээ байгаа эсэхийг зааж, холбогдох нотлох баримтыг хавсаргах ёстой.

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ТОХИОЛДОЛ

      Гэрлэлт цуцлахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах тохиолдолд шүүхээс эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явагдах шаардлагатай гэж үзвэл 3 хүртэлх сарын хугацаагаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаар заадаг бөгөөд энэ хугацаанд гэрлэгчид эвлэрч чадаагүй бол шүүх гэрлэлтийг цуцалдаг.

       Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, учирсан нь тогтоогдсон бол эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулалгүйгээр гэрлэлтийг цуцална.

ГЭРЛЭЛТ ЦУЦЛАХ ҮЕД ХАМТ ШИЙДЭХ АСУУДЛУУД

        Гэрлэлт цуцлах үед хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлгийн талаар талууд харилцан тохиролцож  шийдвэрлэж болох бөгөөд ингэж шийдвэрлэж чадаагүй тохиолдолд шүүх хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэдэг.

ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ

Хүүхдийн тэтгэмжийг дараах журмаар тогтоодог. Үүнд: 

  • 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар;
  • 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр;

Хүн амын амын амьжиргааны доод түвшин, бүс нутгаар

Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй этгээдээс тэтгэлэг гаргуулах тохиолдолд хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

Хүүхдийн тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулах ба тэтгэлгийг тухайн хүүхдийн өөрийнх нь хэрэгцээнд зарцуулаагүй болох нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч /эцэг, эх/ тэтгэлгийг зориулалтын дагуу зарцаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

Хүүхдийн тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр юм уу аль эсвэл эд хөрөнгөөр олгож болох бөгөөд сар, улирал, хагас жил, жилээр, эсхүл нэг удаа бөөнд нь олгож болно.

  • Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болдог.

ХАМТРАН ӨМЧЛӨХ ДУНДЫН ЭД ХӨРӨНГӨӨ ХУВААХ

          Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Иргэний хуулиар зохицуулдаг бөгөөд Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан байдаг.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд дараах хөрөнгө хамаарна:

  • Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө;
  • Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө; ногдол хувь, үнэт цаас;
  • Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө;
  • Гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж илжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал.

ГЭРЛЭЛТ ЦУЦЛАХ ҮЕД ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН ХАМТРАН ӨМЧЛӨХ ДУНДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ХУВААХ

Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно.

Хэрвээ харилцан тохиролцож чадаагүй буюу Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно.

#Мэдүүштэй