"Halloween"-ний баярыг УТГААР НЬ тэмдэглэдэг улсууд


YOLO.mn | YOLO.MN
2022-10-26

Шарласан навчсаар дүүрэн аравдугаар сар дэлхий дахинд “Аймшгийн баярын сар” хэмээн тэмдэглэдэг. Манай орны хувьд энэхүү баяр жилээс жилд эрчээ авч буй хэдий ч өргөн дэлгэр тэмдэглэдэг баяруудыг жагсаалтад хараахан багтаагүй байгаа билээ. Тэгвэл дэлхийн бусад орнууд уг баярыг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг бол? 

SAMHAIN - ИРЛАНД БОЛОН ШОТЛАНД УЛС

Ирландчуудын үнэхээр, бүр үнэхээр сайн хийж чаддаг зүйлсийн нэг бол хэн нэгнийг сүнсийг нь зайлтал айлгах. Хий үзэгдэл, чөтгөр, шулам болоод шидэт дагинасын түүх домгоор баялаг Ирланд орныг орчин цагийн "Halloween"-ний баярын эх нутаг гэдэг. Тэдний шашны зан үйл хийгээд хэдэн мянган жилийн өмнөөс эхлэн тэмдэглэсээр ирсэн Samhain /заримдаа Samhuinn хэмээн нэрлэгддэг/ фестиваль уг баярын эхлэлийг тавьсан аж.

Ирланд болон Шотланд улсын ард иргэд "Halloween"-ний баярыг үндэсний хоол, төрөл бүрийн тоглоом болоод галын наадамтайгаар тэмдэглэдэг. Тэмдэглэх тэмдэглэхдээ гудамж дүүрэн шулмасын цуглаан, төрөл бүрийн жагсаал хийх гээд үдшийн бүрийгээс үүрийн гэгээ ортол дуулж бүжиглэдэг аж. Мөн тэд бөгж, зоос, товч, Ирланд үндэсний жимсний бялуу зэргээр мэргэ хийдэг. Жишээ нь бөгж гэрлэлт, дурлал хайрыг бэлгэддэг бол зоос нь мөнгө, хөрөнгийг бэлгэддэг гэжээ.

ҮХЭГСДИЙН ӨДӨР - МЕКСИК УЛС

Та “Dha De Los Muertos” буюу “Үхэгсдийн Өдөр”-ийн талаар урьд өмнө нь сонсож байсан уу? Уг тэмдэглэлт өдөр нь "Halloween"-ний баяртай тун төстэй бөгөөд Мексик улсын үндэсний баярын нэгд тооцогддог. Ихэнх хүмүүс үүнийг “Мексик Halloween” хэмээн нэрлэдэг ч тэд хоорондоо хэд хэдэн ялгаатай аж.

“Үхэгсдийн Өдөр”-ийн гол зорилго нь аль хэдийнэ хорвоог орхисон өвөг дээдэстэйгээ холбогдож, тэдэнтэй хамтдаа байсан цаг үеэ сайн сайхнаар дурсан санахад оршдог. Гурван өдрийн туршид үргэлжилдэг уг ёслол нь бүхэлдээ үхэгсдэд зориулагдсан гэж хэлж болохоор. Гэвч тэд үүнийг аймшигтай, жихүүдэс төрөм гэж хүлээж авахаасаа илүүтэйгээр өвөг дээдэсдээ хүндэтгэл үзүүлж, тэдний талаарх сайхан дурсамжуудаа хамтдаа ахин нэг удаа сөхөн ярилцахад зориулдаг ажээ.

ДРАКУЛАГИЙН ӨДӨР - РУМЫН УЛС

Олон мянган хүмүүс "Halloween"-ний баяраар Румын улсыг зорьдог шалтгаан нь Бран Цайз юм. Уг цайзад олноо Дракула хэмээн алдаршсан Влад Тепес амьдардаг байсан гэдэг.

Уг цайзад үнэхээр Дракула амьдарч байсан эсэх нь олон зууны туршид эргэлзээтэй хэвээр байсаар байгаа ч хүмүүс зорин очсоор л байдаг гэнэ. Бран Цайз яахын аргагүй үзэсгэлэнтэй төдийгүй нэг талаараа хүйтэн хөндий гэмээр мэдрэмж өгөх тул хүмүүс зочлох дуртай байдаг ажээ.

Уг цайз "Halloween"-ний баяраар хөл хөдөлгөөн ихтэй байдаг бөгөөд төрөл бүрийн аялал, заримдаа бүр үдэшлэг ч зохион байгуулагддаг гэнэ.

PITRU PAKSHA - ЭНЭТХЭГ УЛС

Хиндугийн шашинд хэн нэгэн таалал төгсөх үед үхлийн бурхан Яама сүнсийг нь авч явдаг хэмээн үздэг аж. Харин 16 өдрийн турш үргэлжлэх Pitru Paksha хэмээх ёслолын үеэр тэдгээр сүнснүүд дэлхийдээ эргэн ирж, гэр бүлтэйгээ уулздаг гэж үздэг байна.

Тиймээс Энэтхэг улсад гэр бүлийнхээ болон хайртай дотны хүмүүсийнхээ дараагийн амьдралыг аз жаргалтай, аюулгүй байлгахын төлөө Pitru Paksha-г тэмдэглэдэг аж. Тэд уг баярын үеэр Shraddha хэмээх галын зан үйлийг заавал хийдэг бөгөөд уг зан үйлийг хийгээгүй тохиолдолд сүнснүүд дэлхийд үүрд хорогдон үлддэг хэмээн үздэг гэнэ шүү.

HALLOWEEN - АНУ

Европт үүссэн хэдий ч 19-р зуунаас эхлэн АНУ-д тэмдэглэгдэх болсон "Halloween"-ний баяр одоо тус улсад бараг л үндэсний баяр мэт өргөн дэлгэр тэмдэглэгдэж байна. Аравдугаар сар эхлэхтэй зэрэгцэн айл бүр гэрээ дотор, гаднагүй чимэх бөгөөд дэлгүүр, олон нийтийн үйлчилгээний байгууллагууд ч мөн уур амьсгалыг нь хангалттай бүрдүүлж өгдөг.

Анх аравдугаар сард үхэгсдийн сүнс дэлхийд эргэн ирж амьд хүмүүс хийгээд тариан талбайг сүйтгэхийг оролддог тул хүмүүс тэдгээрийг үргээхийн тулд аймшигтай баг, хувцас өмсдөг байсан гэдэг. Харин одоо бол кино хүүхэлдэй, ном зохиолын дүр эсвэл бүр алдартны дүрд хүртэл хувирцгаадаг болжээ.

АНУ-ын "Halloween"-ний баярын хамгийн чухал хэсэг бол бага насны хүүхдүүд өөрсдийгөө ямар нэг дүрд хувиргаад чихэр цуглуулдаг “Trick or Treat”. Онцлог нь айлууд хүүхдүүдэд чихэр бэлэглэх боломжтой үедээ гадаах хаалганыхаа үүдэнд гэрэл асаадаг бол гэр нь эзэнгүй, аль эсхүл энэхүү үйл явцад оролцохгүй гэж үзвэл гэрлээ унтраадаг байна. 

Монгол улсад ч уг соёл нь нэвтэрч эхлээд байгаа хэдий ч олон нийт үүнд өөр өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг билээ. 

Дэлхий дахинд "Halloween"-ний баярыг ийн тэмдэглэдэг аж. Харин манай улсад энэ баярыг энэ жил хэрхэн тэмдэглэх бол? Та ч бас бидэнтэй "Halloween"-ний баярыг тэмдэглэх тал дээр ямар үзэл бодолтой байдгаа хуваалцаарай!

Эх сурвалж: Insider

#Баяр