Хичээлийн шинэ жил эхэллээ


YOLO.mn | YOLO.MN
2022-09-01

Хүүхэд, залуусын зуны амралт дуусаж эрдмийн өргөөндөө өнөөдөр цуглаж байна.

Энэ өдөр ээж аавынхаа авч өгсөн шинэхэн цүнхэнд хичээлийн шинэ хэрэгслээ нямбай гэгч нь хийж үүрээд, багшдаа өгөх цэцгээ гартаа тас атгасаар 77,753 хүүхэд анх удаа сургуулийн босго алхаж байгаа.

Мөн ангийн хүүхдээ өндөр болсныг, үс нь урт ургасныг, шил зүүдэг болсныг сэдэв болгон ярилцаж, уулзаагүй удсан нэг ангийнхан баяр хөөртэйгөөр уулзаж буй нь тодорхой. Энэ өдөр анх удаа цэцэрлэгт явах гэж буй хүүгээ, охиноо багшид нь хөтлүүлэн оруулчхаад явж ядан, цонхоор саравчлан харах эцэг эх цөөнгүй. Тэдний зарим нь хүүхдээсээ ч илүү хөөрөн догдолж буй. Мөн энэ өдөр амьдралын их далайд хөл тавьж буй “шинэхэн” оюутан залуус бие биеэсээ бишүүрхэнгүй ч хэдхэн хоногийн дараа сайн найзууд болцгооно. Ингээд л нэг мэдэхнээ есдүгээр сарын нэгэн болжээ.

Шинэхэн хичээлийн жилд нь амжилт хүсье Yolo-чид минь.

#Мэдээ