Багш Б.Магсар: Физик бол мэдрэмж


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-05-24

Бид олон жил ЭЕШ-д сурагчдаа ажилттай бэлдэж буй багш нарын зөвлөмж зөвлөгөөг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн нийтлэлдээ Олонлог сургуулийн физикийн багш, youtuber Б.Магсартай ярилцлаа.


YOLOСайн байна уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

- Намайг Магсар гэдэг. Физикийн багшаар ажиллаж эхлээд 9 жил болж байна. 2010 онд МУИС-ийн онолын физикийн ангийг төгссөн.

YOLOАхлах ангид багшлаад хэдэн жил байгаа вэ?

- Анх их сургуулиа төгсөөд багшаар ажиллаж эхэлснээсээ хойш өдийг хүртэл ахлах ангийнханд физикийн хичээлийг зааж байна.

YOLOЯмар суурь чадвартай сурагчид физикийн хичээлийг сонгож суралцвал илүү амжилттай суралцдаг вэ?

- Тууштай хүүхэд. Багшийн өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, сурах аргаа барилаа олсон хүүхэд. Мөн суурь чадамж сайтай байх хэрэгтэй. Математикийн хичээлийн суурь физикийн хичээлд их чухал байдаг. Математикийн хичээлгүйгээр физик философийн хичээл болно.

YOLOЭЕШ эхлэхэд сар гарны хугацаа үлдсэн байна. Одооноос эхлэн бэлтгэж эхэлбэл амжилттай оноо авах магадлал хэр өндөр вэ?

- Хичээгээд сайн бэлдвэл боломжтой. Гэхдээ сурагчид маань юуны төлөө суралцаж байгаа вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Үнэхээр хичээлээ ойлгоогүй бол физик сууриа зөв тавих зохистой гэж бодож байна. Физикийг хүүхдүүд маань томьёонд орлуулж боддог хичээл гэж ойлгодог. Энэ талаас нь биш өөр талаас нь харж сууриа зөв тавих хэрэгтэй. Гэвч шалгалтад зориулж суралцана гэдэг учир дутагдалтай шүү дээ.

YOLOФизик онолыг хэрхэн тогтоовол хялбар байдаг вэ?

- Мэдрэх. Гол ойлголтуудыг тогтоох биш ойлгох хэрэгтэй. Хүнийг таньж мэддэг шиг байгалийн үзэгдлийг таньж мэдэх нь зохистой. 

YOLOТомьёог хэрхэн хялбар аргаар тогтоох вэ?

- Би өөрөө томьёо тогтоохдоо муу. Томьёог гол ойлголт ухагдахуунаас нь хөөн гаргаж ирдэг. Гол хэдхэн томьёогоо тогтоогоод бусад жижиг томьёогоо гаргаж ирвэл зүгээр. Шалгалтын үед томьёогоо гаргаж ирээд хурдан ашиглаж чаддаг байх хэрэгтэй.


YOLOДараа дараагийн жилүүдэд ЭЕШ өгөх сурагчдадаа зөвлөгөө өгөөч.

- Физикийг гол үндэс үндэс сууриар нь ойлгох нь чухал. Физикийн шинжлэх ухаан бүх зүйлд хэрэглэгддэг, миний амьдралд ийм нөлөөтэй гэж мэдэрч эхэлбэл физикийг сурч эхэлж байна гэсэн үг. Хэрэв чамд өөрт чинь, амьдралд чинь мэдрэгдэхгүй байвал хараахан сураагүй байна гэсэн үг.

YOLOФизикийн хичээл амьдралд хэрэглэгддэг үү?

- Алхам тутамд хэрэг болдог. Мэдээж би зааланд ороод сагс тоглоход өнцөг, хурдыг бодоод зогсохгүй шүү дээ. Гэвч бүх үзэгдлийг би физик сурснаар тайлбарлаж чаддаг. Үүний үндсэн дээрээс өөрийгөө тодорхой эрсдэлээс сэргийлж чаддаг. Жишээ нь зам хөндлөн гарахад яагаад том машины урдуур гүйж болдоггүй вэ? Масс ихтэй болохоор инерцээ өөрчлөхөд хэцүү учир амархан зогсохгүй гэх мэтчилэн. Аливаа юмсыг оньс, цаад учрыг тайлж амьдралдаа хэрэглээ болгож чадвал тэр л мэдлэг болж үлддэг.

YOLOТаны бодлоор физикээр сурвал эзэмшиж болох хамгийн “cool” мэргэжил юу вэ?

- Миний бодлоор Физикч.

YOLOФизикийн хичээл дээр голчлон сурах хамгийн хүнд сэдэв юу вэ?

- Механик. Механик дээр математик аппарат их ашиглагддаг. Энэ сэдвээ сайн сурчихвал бусад сэдэв маань онолыг ойлгоод, томьёог мэдэж байхад бодож чадахаар байдаг. 

YOLOЭЕШ-д цагаа хэрхэн төлөвлөн хийх вэ?

- Эхний ээлжид чадах зүйлээ түүж хийсэн дээр. Чадахгүй эргэлзэж байгаа зүйл дээрээ хугацаа үлдээсэн нь дээр. Гол нь хурдаа алдахгүй хийх хэрэгтэй.
Физикийн ЭЕШ дээр хамгийн их алддаг сэдэв юу вэ?

- Багш нараасаа хамаараад янз бүр байдаг. Жишээ нь онолыг түлхүү заадаг багшийн сурагч бодлого муу боддог. Бодлого түлхүү бодуулдаг багшийн сурагчид онол дээрээ их алддаг. Миний хувьд ч гэсэн бодлого түлхүү бодуулдаг учир сурагчид маань онолын даалгавар дээр алдах талтай байдаг. Онол болон бодлогыг хослуулан бэлдвэл алдаа бага гаргана.


YOLOСурагчид мэдэхгүй бодлогоо буудах хандлагатай байдаг шүү дээ. Энэ хэр оновчтой гаргалаа болж чадах бол?

- 16% магадлалтай. Ер нь өндөр оноо авах боломжгүй гэсэн үг. Үнэхээр мэдэхгүй бол А вариантын хүүхэд А хариултаа дугуйлсан бол А хариултаа дугуйл. Нийт шалгалтын хариуны тархалтыг харвал тэгш хэмтэй байдаг. А хариулт 10 байсан бол B хариулт 10, C хариулт ч гэсэн 10 байдаг. 
ЭЕШ-д бэлдэж байгаа сурагчид маань ямар номыг барьж бэлдвэл илүү үр дүнтэй вэ?

- Сурах бичгээсээ бэлдэх нь л зүйтэй. Одоо цаг тулсан, тулгамдсан үед бол Blueprint-ээрээ дасгал даалгавар бэлтгэж ажиллах нь илүү үр дүнтэй. Мөн өмнөх оны материалууд дээр ажиллаж үзэх хэрэгтэй. Хариу нь байгаа учир ямар сэдэв дээр алдаж байгаагаа мэдэх боломжтой байдаг.

YOLOФизикийн хичээлийг сонгон суралцсанаар сурагчид маань ямар чадварт суралцдаг вэ?

- Шинжлэх ухааны мөн чанар их сайхан. Судлаачид маань буруу зүйлийг энэ буруу байна гээд хаяалгүйгээр засаж залруулга хийдэг. Маш нигүүлсэнгүй бөгөөд өмнөх үеэ хүндэлдэг. Шинжлэх ухаан өөрөө хүний байж болох хамгийн дээд ёс суртахууныг шингээсэн салбар. Тийм ч учраас шинжлэх ухааныг суралцдаг хүүхдүүд маань тус чанаруудыг шингээж авч суралцдаг.

YOLOТаны бодлоор физикийн салбар хэр хүнд салбар вэ?

- Намайг оюутан байх үед би ангидаа ганцаараа медальгүй хүүхэд байсан. Хамгийн онц сурдаг, аймгийн шилдэг гэсэн хүүхдүүд л физикийг сонгож суралцдаг байсан. Манай ангид жоохон тааруу суралцдаг хүүхэд өөр салбар луу ороод улаан дипломтой төгсөж байсан. Физик хүнд салбар. Гэхдээ сурагчдад багаас нь хүнд гэсэн мэдрэмжийг төрүүлэлгүйгээр сонирхол дээр тоглолт хийж чадвал физикийн салбар олон хүний сонирхлыг татах салбар. Аливаа улс орон технологи, үйлдвэрлэл дээр хөгждөг шүү дээ. Харин технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэх гол салбар нь физикийн салбар байдаг.

YOLOБие даан ЭЕШ-д бэлдэж байгаа сурагчдад зөвлөгөө өгвөл?

- Ковидын үед цахим хичээлүүд их гарсан байна. Интернет орчинд ч их хичээлүүд гарах болж. Гэсэн ч хүүхдүүд маань зөв ойлгосон эсэхээ хэн нэгэнд шалгуулах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл үнэлгээний хийх тал дээр асуудал тулгардаг гэсэн үг. Бие даан суралцаж байгаа үед багшдаа эсвэл төсдөө бодлого тест өгч өөртөө үнэлгээ хийж явах нь зүйтэй

YOLOФизикийн хичээл дээр туслах апплейкшин, сайт санал болговол?

- Туршилт явуулдаг сайтууд их байдаг. Англи хэл дээрх апплейкшин их байдаг ч эх хэл дээрх апплейкшин одоогийн байдлаар байхгүй. Гэвч аливаа зүйлийг эх хэл дээрээ суралцах нь яаж ч бодсон илүү давуу талтай шүү дээ. Тийм ч учраас бид, эсвэл хэн нэгэн эх хэл дээрх санг хөгжүүлж байх ёстой. Тиймээс би youtube хуудас нээсэн хөгжүүлж байна.

YOLOХэзээнээс youtube дээр бичлэг хийж эхэлсэн бэ?

- 2019 оноос эхэлсэн. Эх хэл дээрх суралцах мэдээллийг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор эхэлж байсан.

YOLOФизикээр цаашдаа сурах сурагчдад урам зориг өгөх кино, ном, подкаст санал болгооч.

-Ном гэвэл “Шинжлэх ухааны товч түүх”. Энэ ном дээр бид нарын өдийг хүртэл олж авсан мэдээлэл мэдлэг ямар үнэ цэнээр ямар түүхийг туулж бидэнд ирсэн бэ гэдгийг харуулдаг. Мөн шинжлэх ухаан хоорондын ялгааг нарийн тайлбарладаг ном.

YOLOШалгалт өгөхийн өмнө сэтгэл зүй болон бие махбодоо хэрхэн бэлдэх вэ?

- Сурагчид маань мэдэхгүй зүйл гараад ирвэл сандрах талтай байдаг. Гэхдээ яасан ч хурдаа алдаж болохгүй. Шалгалт өгөхийнхөө өмнө хэд хэдэн удаа тийм байдалд өөрийгөө оруулж дасгавал сандрал бага байх байхаа.

YOLOИрээдүйд физикийн хичээлээр сурах сурагчдадаа зөвлөгөө өгөөч.

- Физик сонгож суралцаж байгаа хүүхдүүдийн 70-80% нь IT инженер болно гэсэн зорилготой байна. Тэгвэл бидний зам гүүрийг хэн барих вэ? Бидний технологийг хэн сайжруулах юм бэ? Гэсэн асуудлууд гарч ирж байгаа. Нэг салбар луу хошуурахын оронд өөрийгөө илүү таньж мэдэн, манай улсад ямар мэргэжил илүү хэрэгтэй байгаа вэ гэдэг тал дээр бодож үзээсэй хэмээн хүсэж байна. Физикийн инженерчлэлийн салбарт ажлын байрны илүүдэл гэсэн ойлголт байдаггүй юм шүү.

YOLOЭЕШ өгөх гэж байгаа хүүхдүүдээ зөвлөгөө өгвөл?

- Сар гарны хугацаа л байгаа шүү дээ. Томьёогоо тогтоогүй бол тогтоо. Өдөр шөнөгүй хичээлээ хий. Цагаан махаа эргэтэл суу. Хичээл зүтгэл гаргасан бол тодорхой нэгэн цагт шагнагдаг. Үнэхээр хичээгээд болоогүй бол дутуу хичээсэн байна гэсэн үг. 

- Дараа дараагийн жилүүдэд ЭЕШ өгөх гэж байгаа хүүхдүүд маань сууриа зөв тавиад багштайгаа харилцаа холбоогоо сайжруулаарай гэж зөвлөж байна.

YOLOЯрилцсанд баярлалаа.

#Боловрол #ЭЕШ