Шинэ алхам сургуулийн 5 дугаар ангийн сурагч Б.Хүрэлсүх: Одоо 3000 гаруй англи үгтэй номыг өлхөн уншиж чадаж байгаа


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-04-19

Англи хэлний чадвараа хамтдаа ахиулах, хүүхдүүд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломжтой Lingors төвөөс зохион байгуулдаг Level up уншлагын марафон болж өнгөрлөө. Ингээд марафоны бага насны ангилалд эхний гурван байр эзэлсэн хүүхдүүдтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна. 

YOLOЮуны өмнө та гуравтаа “Англи хэлний түвшин ахих уншлагын марафонд” оролцон шагналт  байр эзэлсэнд  баяр хүргэе. Уншигчдад маань өөрсдийгөө танилцуулахгүй юу?

- Намайг Б.Энхцэцэг гэдэг Дархан-Уул аймгийн 19-р сургуулийн 4 дүгээр ангид сурдаг. Саяхан Lingors-оос зохион байгуулсан Level up уншлагын марафонд A1-A2 түвшний ангилалд оролцож тэргүүн байр эзэлсэн. 

- Миний нэрийг М.Мишээл гэдэг. Дархан-Уул аймгийн 19-р сургуулийн  дүгээр ангийн сурагч. Level-Up марафонд амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлсэн. 

- Намайг Б.Хүрэлсүх гэдэг. Дархан-Уул аймгийн Шинэ алхам сургуулийн 5 дугаар ангийн сурагч. Тус уншлагын марафонд A1-A2 ангиллын түвшинд гуравдугаар байр эзэлсэн. 

YOLOLevel-up марафоны тухай уншигчдад маань танилцуулаач?

Б.Хүрэлсүх: Level-up марафон нь 42 хоногийн хугацаанд үргэлжилсэн. Энэ марафоны хамгийн чухал ач тус нь оролцогч бүр түвшнээ ахиулах ёстой. Бид өдөрт хамгийн багадаа нэг ном уншиж асуултад хариулж номоо тооцуулдаг.

YOLOХэзээнээс анх англи хэлийг сурч эхэлсэн бэ?

Б.Хүрэлсүх: Дархан-Уул аймгийн 19 дүгээр сургууль нэгдүгээр ангиас эхлэн англи хэл заадаг. Тэр үеэс эхлээд л англи хэл сурч эхэлсэн. 

М.Мишээл: Би мөн нэгдүгээр ангиасаа эхлэн англи хэл үзэж эхэлсэн. Багш маань өдөр болгон арав болон түүнээс дээш үг заадаг. Тэр үгнүүдийг өдөр болгон цээжлээд англи хэл сурах сонирхолтой болсон.

Б.Энхцэцэг: Би энэ жил Оюуны ирээдүй цогцолбор сургуулиас 19 дүгээр сургуульд шилжин суралцаж байгаа болохоор англи хэл сурч эхлээд долоон сар гаруй болж байна.

YOLOХэзээнээс цахим номыг сангаас англи хэлээр ном уншиж эхэлсэн бэ? Өмнө нь уншлагын марафонд оролцож байсан уу? 

Б.Хүрэлсүх: Би гуравдугаар ангид байхдаа англи хэл дээр онлайнаар ном уншиж болдгийг олж мэдсэн. Тэр үед англи хэлээр ном уншиж марафонд оролцох хүнд санагдаж байсан. Гэхдээ удалгүй таалагдаж одоо англи хэл дээр ном унших дуртай болсон.

Б.Энхцэцэг: Долоон сарын өмнөөс анх уншиж эхэлсэн. Энэ удаагийн марафон бол миний анхны марафон. 

М.Мишээл: Би жилийн өмнө уншлагын марафонд оролцож байсан. Тэр үед долоодугаар байранд орсон. 

YOLOМарафонд оролцож байх үедээ өдөрт дунджаар хэчнээн ном уншсан бэ?

Б.Хүрэлсүх: Өдөр болгон ном унших сонирхолтой болсон. Тиймээс өдөрт хамгийн багадаа хоёр ном уншдаг. Өдөр болгон англи хэлээр ном уншсан болохоор өөрийгөө түвшин ахисан гэж бодож байна.

М.Мишээл: Би өдөр болгон гурваас дөрвөн ном уншихыг хичээдэг. Хааяа залхуу хүрвэл хоёр ном уншдаг. Ном унших болгонд  англи хэлний түвшин маань сайжирч буй нь хамгийн гоё санагддаг.

YOLO42 хоног өдөр бүр тасралтгүй ном уншсаны дараа шалгалтаа өгсөн. Үүний дараа өөрсдийгөө шагналт байр эзэлснийг харах ямар байсан бэ?

Б.Энхцэцэг: Түрүүлсэн гэдгээ мэдэх үед их гоё санагдсан. Энэ намар англи хэлийг үсгээсээ эхлээд сурсан. Богинохон хугацаанд англи хэлний түвшнээ ахиулсандаа баяртай байгаа.

М.Мишээл: Би өмнөх марафонд долоодугаар байр эзэлж байсан. Тийм болохоор эхний аравт орсон байх гэж бодож байтал, хоёрдугаар байранд орсон байхыг хараад их баярласан. 

Б.Хүрэлсүх: Би өмнө нь багийн марафонд оролцоод дөрөвдүгээр байр эзэлж байсан. Байраа ахиулсандаа одоо сэтгэл хангалуун байгаа. 

YOLOБагийн марафонд оролцож байгаа гэж сонссон. Багаар оролцох ганцаараа оролцох ямар ялгаатай байна вэ? 

Б.Хүрэлсүх: Багаар оролцох хүнд санагдсан. Учир нь багийн гишүүд маань заримдаа уншихгүй тохиолдол гарна. Тиймээс ганцаараа оролцох нь гоё байсан. 

YOLOТа гуравт англи хэлээр ном унших үед хэн хамгийн их урам өгдөг вэ?

М.Мишээл: Багш минь их урам өгдөг. Номоо сайн уншвал их зүйл сурч мөн тэмцээнд орж шагнал авна шүү гэж хэлдэг. Гэр бүлийнхнээс ээж урам өгч тэмцээнд амжилттай оролцоход их тусалсан.

Б.Хүрэлсүх: Хамгийн анх цахим номын сан байдгийг ээж мэдээд надад хэлж байсан.  Манай ээж өөрөө англи хэл сайн мэддэггүй. Тэгээд англи хэлээр ном унших үед надад орчуулаад өгөөрэй гэж хэлдэг. Миний хувьд ээж минь их урам өгдөг. 

Б.Энхцэцэг: Манай ээж хамгийн их дэмждэг. Англи хэлээр ном уншвал чиний англи хэл сайжирна, олон төрлийн марафонд оролцоно гэж хэлж байсан.

YOLOНом уншихдаа яаж уншдаг вэ? Давхар тэмдэглэл хөтөлдөг үү?

М.Мишээл: Би гуравдугаар ангид байхдаа шинэ үг гарч ирвэл тэмдэглэж авдаг байсан. Одоо бол номоо гүйлгээд л уншдаг болсон.

YOLOХамгийн анх англи хэлээр ном уншиж байх үед хүнд санагдаж байсан уу?

Б.Хүрэлсүх: Хамгийн анх ном уншихад нэгдүгээр түвшний 50, 60 үгтэй ном уншиж эхэлсэн. Ном болгон нь зурагтай, үг нь цөөхөн болохоор тэр түвшний бүх номыг уншиж дуусгасан. Харин сүүлдээ үг нь их, түвшин нь ахиад ирэхээр хүнд санагдсан.  Одоо 3000 гаруй англи үгтэй номыг өлхөн уншиж чадаж байгаа.

YOLOАнгли хэл сурч байх явцад ном уншихаас гадна өөр ямар сонирхолтой аргууд байдаг вэ?

М.Мишээл: Англи хэлээр хүүхэлдэй кино үздэг. Өмнө нь би англи хэл мэддэггүй байхдаа зөвхөн дүрсийг нь хараад л үздэг байсан бол одоо шинэ үг сурч, ойлгож үздэг болсон. 

YOLOАнгли хэл сурахыг хүсэж байгаа үеийнхэндээ хандаад үг хэлээд ярилцлагаа өндөрлөе. 

Б.Энхцэцэг: Би том болоод Америк явахыг хүсдэг. Тийм болохоор одооноос англи хэлийг сайн сурахыг хичээж байгаа. Цахим номын сангаас ном унших нь олон давуу талтай байдаг. Ном уншиж эхэлснээс хойш миний англи хэл маш хурдан сайжирсан. Тиймээс ном уншаад олон уншлагын марафонд оролцож өөрсдийгөө сориорой гэж хэлмээр байна. 

YOLOЯрилцсанд баярлалаа.

 

 

 

#Ярилцлага