Өнөөдөр ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ олон улсын өдөр


Жил бүрийн энэ өдрөөр дэлхийн нийт охидын эрхийн асуудлыг нэгэн зэрэг  анхаарч, дуу хоолойг маань сонсдог ба Монгол улс ч гэсэн энэ өдрийг тэмдэглэж байгаад миний бие баяртай байна.

"Би айлын дөрөв дэх охин. Ээж маань намайг тээж байгаагаа анх мэдэхдээ айдас, санаа зовнилоор дүүрэн байсан гэдэг. Хүйс нь үл мэдэгдэх болохоор өнөөх л итгэл, найдвар, хүсэл зоригоороо намайг төрүүлэх шийдвэрийг гаргасан гэж ярьцгаадаг юм. Тухайн үед аав минь эрэгтэй хүүхэдтэй болохыг маш ихээр хүсдэг байснаа одоо ч болтол нуудаггүй.

Намайг төрөхөд хүмүүс баяр хүргэе гэхээсээ илүүтэй "Дахиад л охин уу?" "Оргүйгээс охинтой нь дээр" "Дахиад үзээд алдахгүй юу? хөгшөөн" гэх зэрэг үгээр ээж, аавд минь урам зориг гэхээсээ илүүтэй сэтгэлийн дарамт өгч байсан гэсэн. Мэдээж “Охин хүүхэд л ээж, аавдаа тусалж, хань болж, хайрладаг юм шүү дээ" гэх хүмүүс байсан гэдэгтэй би эргэлзэхгүй л байна. Зарим нь бүр өргүүлэх хүсэлтэйг нь хүртэл асуусан гэдэг."  17 настай М..., эмэгтэй

2016 оны байдлаар Монгол улс нийт 3,1 сая хүн амтай ба тэдний 51% буюу 1,5 сая нь эмэгтэйчүүд байна. Нийт эмэгтэйчүүдийн 14% буюу 224 мянга нь 10-19 насны охид, 22% буюу 305 мянга нь 0-10 насны охид байна.

Өнөөдөр ч гэсэн удам залгах хүүг охидоос илүүд үздэг уламжлалт хандлага дэлхийн маш олон улсад байсаар л байна. Энэхүү уламжлалт хандлага охидын эрхийг зөрчих хамгийн анхны бөгөөд суурь шалтгаануудын нэг хэвээр байсаар байгаа ба Монгол улс энэхүү уламжлалт хандлагатай улс орнуудын нэг гэдгийг "Атганд үлдсэн эрдэнэ" хэмээх МУСК-оос харж болдог. Хамгийн аймшигтай нь энэхүү шалтгаанаар үр хөндүүлэх явдал дэлхийн олон улсад өндөр хувьтай байгаад маш их харамсаж байна.

Хөгжиж буй орнуудад охидын сургуульд хамрагдалт хөвгүүдийнхөөс гурав дахин бага байгаа нь охидын сурч боловсрох эрх хэрхэн зөрчигдөж байгаагийн хамгийн том илрэл юм. Хичээлээсээ гадуурх дугуйлан, клубд хамрагдмаар байгаа боловч дүүгээ харж, гэрээ цэвэрлэж, хоолоо хийх шалтгаанаар хязгаарлагддаг явдал нийтлэг байна. Энэ нь эргээд эцэг эхдээ буруушаагдах, загнуулах шалтгаан болж байгаа нь маш харамсалтай. Бид ч бас ирээдүйн ээжүүд учир хүүхэд насандаа олгогдсон өсч, хөгжих, сурч боловсрох эрхээ хэнээр ч хязгаарлуулалгүй эдэлмээр байна. Мөн хүүхэд насандаа гэрийн ажил гүйцэтгэгч, аав ээжийн хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргийг биелүүлэгч нь охид баймааргүй байна гэдгийг маш тодоор хэлэхийг хүсч байна.

Маш олон охид хүчирхийллийн золиос болсныхоо төлөө эцэс сүүлд нь өөрөө буруутан болж үлдсээр байгаа олон жишээ давтагдсаар л байна. Харанхуй шөнөөр явсныхаа төлөө, дуртай чамин хувцсаа өмссөнийхөө төлөө, гоо үзэсгэлэнт ялдам төрснийхөө төлөө, буруутан гэж хэрэгтэнг хэлснийхээ төлөө, энхрий хонгор гэнэн зангаасаа болоод охид л сүүлд нь буруутан болж хоцрох ёстой гэж үү? Бид өөрсдийнхөөрөө байсныхаа төлөө хохирогч болох ёсгүй.

Хүйсийн эрх, тэгш байдлын асуудал бүр бага наснаас нь хүүхэд байх үед нь илэрдэг асуудлуудын нэг болохыг  бид маш олон охидын ярианаас сонсож болно. Эмэгтэй болохоор чадвараа хангалттай үнэлүүлээгүй, эмэгтэй болохоор амжилттай оролцож чадах байсан тэмцээндээ оролцож чадаагүй, эмэгтэй болохоор ахлагч байж чадахгүй, эмэгтэй болохоор...

Хөгжлийн бэрхшээлтэй охид, ялангуяа тулгуур эрхтний бэрхшээлтэй охидыг сургуулийн орчинд тусгай шаардлага, хэрэгцээг нь хангахад илүү дорвитой ажил хийх шаардлагатай байна. Үүнээс дурьдахад охидыг хичээлийн үеэр ариун цэврийн өрөөг хэрэглүүлэхэд тусалж чадах буюу дийлж чадах нь эрэгтэй хүн байдаг талаар Э... ярьж байсан. Мөн оройн цагаар, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхэд охидод аюултай байдаг нь олон судалгааны үр дүнгээс харагддаг. Охидын эрт жирэмслэлтийн хувийг бууруулах, нөхөн үржихүйн мэдлэгийг нэмэгдүүлэх тал дээр бүх түвшинд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай байна.

Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэж орсон анхны орнуудын нэг бөгөөд энэхүү үүргийнхээ дагуу монгол улсын хүүхдүүдийн эрхийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд цаг алдалгүй ажиллаж, хүчин чармайлтаа сайжруулаасай хэмээн хүүхдүүд бид чин сэтгэлээсээ хүсч байгаагаа энэхүү өдрийг тохиолдуулан уламжилмаар байна.

Дэлхийн охидын эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе!

#International #GirlsDay