Жүжигчин Эмилиа Кларк хүнд хагалгаанд орсон өөрийн түүхээ хуваалцлаа


YOLO.mn | YOLO.MN
2024-02-06

"Game of Thrones", “Last Christmas”, “Me before you” киногоор алдаршсан жүжигчин Эмилиа Кларк хүнд өвчнийг даван туулсан өөрийн түүхээ олон жилийн дараа хуваалцлаа. 

Тэрээр 2011 онд, Game of Thrones киноны эхний улирлыг дуусгасны дараа хүндээр өвчилснөө мэджээ. Найман улирал үргэлжлэх уран бүтээлийн том төсөлд Луугын эх болох Даэнерис Таргариены дүрд тоглосон нь түүний хүүхэд насны мөрөөдөл нь бодит биеллээ олсон мөч байв. Гэвч цувралын эхний ангид нүцгэлсэн нь түүний сэтгэл зүйд хүндээр туссан бөгөөд стрессээ тайлахын тулд дасгалжуулагчтайгаа дасгал хийдэг байжээ.  

Нэг өдөр Эмилиа дасгалаа дуусгаад хувцсаа сольж байтал толгой нь маш хүчтэй хатгуулж, биеийн байдал нь богино хугацаанд эрс мууджээ. Хүчтэй өвдөлтийг тэсвэрлэж ой санамжаа алдахгүйн тулд тэрээр “ Game of Thrones” киноны  зарим хэсгээс санахыг хичээж байсан гэв.   

Ухаан балартсаныхаа дараа тэрээр Уиттингтон эмнэлгийн яаралтай тусламжийн өрөөнд сэржээ. Ийн Эмилиа шинжилгээ хийлгэж аневризм, артерийн урагдалтай, тархины харвалттай гэдгээ мэджээ. SAH-аар өвчилсөн гурван хүн тутмын нэг нь нас бардаг бөгөөд  амьд үлдсэн хүмүүс дахин цус алдах эрсдэл маш өндөр байдаг аж. 

Ийн 24 настай жүжигчин бүсгүй гурван цагийн турш тархины мэс ажилбарт орсон ч процедур амжилтгүй болжээ. Тэрээр их хэмжээний цус алдсан бөгөөд дахин мэс засал хийхгүй бол амьд үлдэх магадлал хомс гэж эмч нар хэлсэн аж. Маш хүнд хоёр дахь хагалгааны дараа түүний биеийн байдал тогтворжжээ.  

Кларк хэлэхдээ ховор тохиолдох хүнд өвчний даван туулж  цөөнхийн цөөнх болсондоо талархаж байна гэв. Тэрээр тархины гэмтэл, цус харвалттай хүмүүст дэмжлэг үзүүлэх “SameYou” нэрт буяны байгууллага байгуулжээ.  

Эх сурвалж: Bright side

#нийтлэл