"Ирээдүйд мэндлэх бяцхан дүүдээ би хайртай ч..."


Үжин | YOLO.MN
2016-10-25

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би ирээдүйд мэндлэх жаахан дүүдээ хайртай боловч хойд ээжтэйгээр хэрхэн харьцахаа мэдэхгүй байна
Энэ явдлыг сонсоод дүүтэй болно гээд нэг талаараа их баярласан хэхэ. Харин гол аймшигт асуудал нь тэр эгчийн надтай харьцах харьцаанаас л би айж байна.

Сайн байна уу. Манай аав ээж салаад олон жил болсон. Тэд тус тусдаа байдаг. Би ээжийнхээ асрамжинд байдаг ч аавынхаа талд амьдардаг. Ер нь л аавынхаа талд илүүтэй сайн. Тэгсэн нэг таагүй зүйл болсон. Манай аав өөр эгчтэй бараг зөндөө олон жил дотно байгаа юм л даа. Би мэддэг ч гэсэн тоодоггүй байсан юм. Харин саяхан тэр эгчийг бие давхар гэдгийг мэдсэн. Мэдээж хүүхэд нь манай аавын хүүхэд, миний ирээдүйн дүү гэсэн үг. Би тэр эгчийн царайг л мэддэг болохоос биш ааш занг нь мэдэхгүй л дээ. Би айлын ганц хүүхэд дүүтэй болохыг их хүсдэг. Энэ явдлыг сонсоод дүүтэй болно гээд нэг талаараа их баярласан хэхэ. Харин гол аймшигт асуудал нь тэр эгчийн надтай харьцах харьцаанаас л би айж байна. Хэдийгээр би эмээ өвөөтэйгөө байдаг ч гэсэн тэр эгчтэй хэзээ нэгэн цагт харьцаж л таарна. Тэр эгч надтай сайхан харьцвал би сайхан харьцана харин муухай харьцаж эхэлвэл би яг яах ёстой юм бол оо надад туслаач?

ЗӨВЛӨГӨӨ: Чи аавтайгаа энэ талаар нээлттэй илэн далангуй ярилцах хэрэгтэй

Чиний санаа зовж байгааг аав чинь мэдэж байх нь чухал.

Сайн байна уу, Захидал илгээж санаа зовож буй асуудлаа шийдэх зориг гаргасанд баярлалаа. Чиний санаа зовж буй асуудал ирээдүйд бий болох асуудалд чиглэсэн байгаа нь хий дэмий санаа зовох нөхцөлийг үүсгэж байна. Харин түүний оронд чи аавтайгаа энэ талаар нээлттэй илэн далангуй ярилцах хэрэгтэй. Үүний тулд өөрийнхөө санаа бодлыг шууд илэрхийлээрэй. Тэгээд хамтын шийдвэрийг гаргахдаа эрсдэлийг тооцож шийдвэрээ гаргавал хамаагүй илүү үр дүнтэй. Чиний санаа зовж байгааг аав чинь мэдэж байх нь чухал. Яагаад гэвэл аав чинь чамайг ойлгоно гэдэгт итгэлтэй байдаг учраас тэр. Дүүтэй болсны дараа магадгүй чамд ирэх анхаарал, халамж багасч болох юм. Энэ нь аав чинь чамд хайргүй болсон гэсэн үг биш юм шүү.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Д.Лхамсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 
 

#Problem #Асуудал #Parents #ЭцэгЭх